Ж.БАЙГАЛМАА: Засгийн газрын үнэт цаасыг 24 цагийн турш захиалах боломжтой

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаатай ярилцлаа.

-“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компанийн үйл ажиллагааны талаар зарим уншигч төдийлөн мэдэхгүй байж магадгүй. Энэ талаар тодруулна уу.

-Манай компани 1991 онд Монголын хөрөнгийн бирж байгуулагдахад Төлбөр тооцоо, хадгаламжийн алба нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Засгийн газрын 2003 оны тогтоолоор бие даасан “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК болж өргөжин үнэт цаасны хадгаламж, бүртгэл, төлбөр тооцоо эрхлэн явуулж байсан. 2016 онд манай компанийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” болгон хуваасан юм. Ажилчдын 70 хувь нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д үлдэж, 30 хувь нь “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” руу явсан. Манай компани Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны хадгаламж болон өмчлөх эрх бүртгэлийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг гурван жил тутам авдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард үнэт цаасны төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг нэмж авсан. 100 хувь төрийн өмчит, манай компанийн хувьцаа эзэмшигч нь Сангийн яам.

Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх бүртгэлийн үйлчилгээний хүрээнд төвлөрсөн хадгаламжид данс нээх, хувьцааны бүртгэл хөтлөх, өмчлөх эрх шилжүүлэх зэргийг гүйцэтгэдэг. Жишээ нь, хувьцаа эзэмшигч нас барлаа гэхэд ар гэрийнхэн нь нэг жилийн дараа өргөдөл гаргаж, өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр эзэмшиж болно.

Өнөөдрийн байдлаар ҮЦТХТ 131 хувьцаат компанитай гэрээ байгуулан үнэт цаасыг нь бүртгэж, хадгалж байна. Үнэт цаасны бүртгэлийн хүрээнд нээлттэй, хаалттай хувьцаат компаниудын үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэл, компанийн бонд, хадгаламжийн үйлчилгээ явуулдаг. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид 332 хувьцаат компанийн 86.8 тэрбум ширхэг хувьцаа хадгалж байна.

Иргэд үнэт цаасны компаниудад данс нээлгүүлэхэд баримтыг нь тэдгээрийн ажилтнууд манайд авчирч өгдөг байсан. Энэ ажиллагааг цахимжуулж, данс нээлгэсэн иргэдийн мэдээллийг үнэт цаасны компаниудаас онлайнаар хүлээн авах API систем хөгжүүллээ. Улмаар үнэт цаасны дансны мэдээллийг “ХУР” системээр тулган баталгаажуулж, автоматаар шалгах болсон. “Millennium IT”-д дансыг олноор нээх цахим системийн холболтыг нэвтрүүлсэн. Улмаар дансны давхардлыг багасган, таван минутад 20 000 данс нээх боломж бүрдүүлсэн бөгөөд энэ нь цаас, цаг хугацааг ихээхэн хэмнэсэн чухал ажил боллоо. Бид API системийн холболтыг хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны 51 компанид суулган, холболт хийж өглөө. Үүнээс гадна Монголын хөрөнгийн зах зээл дараа төлбөрт горимд (DvP3/Т+2) шилжсэнтэй холбоотойгоор төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, системийн шинэчлэл хийн ажиллаж байна.

-“Millennium IT” системийн төлбөрт Лондоны хөрөнгийн биржид өндөр хөлс өгдөг гэж зарим хүн ярьдаг. Энэ системийг танайх хэрхэн ашигладаг вэ?

-2012 онд Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн “Millennium IT” нь дөрвөн дэд системтэй. Үнэт цаасны бүртгэл хадгаламжийн дэд ситемийг нь ҮЦТХТ ашигладаг. Уг дэд систем 16 функцтэйгээс ердөө гурвыг нь бид ашигладаг. Монголын үндэсний программ хангамжийн компаниар 2008 онд хийлгэсэн, үнэт цаасны хадгаламж бүртгэлийн “И-клиринг” системээ голдуу ашиглаж байгаа.

-Ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн компаниудыг дэмжиж байгаа юу?

-Тийм ээ. Хувьцаат компаниуд ҮЦТХТ-өөр зуучлуулан ногдол ашиг тараалгахад үнийн дүнгээс нь үл хамаарч 40 мянган төгрөгийн суурь хураамж авдаг. Нэг хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараахад манай шимтгэл хураамж 100 төгрөг байсныг 50 болгон (хувьцаат компаниас авдаг) бууруулсан. Мөн хувьцаа эзэмшигч тус бүрт 10 мянган төгрөгөөс бага ногдол ашиг тараалгах бол дээрх үйлчилгээний хөлсийг энэ жилээс эхлэн тэглэн компаниудыг дэмжин ажиллаж байна. Өмнөх онд 22 компани 50 573 хувьцаа эзэмшигчийнхээ 446.4 сая ширхэг үнэт цаасанд 4.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилан, ҮЦТХТ-өөр зуучлуулан тараалгасан статистик бий.

-Танай компанид иргэдийн аваагүй ногдол ашгийн мөнгө хэдий хэмжээтэй байгаа вэ?

-Монгол Улсад 1991-1994 онд өмч хувьчилсан шүү дээ. 1992 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 241 үйлдвэрийн газар, 456 компанийг хувьчилсан. 1995 оны наймдугаар сард хувьцааны хоёрдогч зах зээл эхэлсэн үеэс хойш компаниуд ногдол ашиг тараасан байдаг. Улмаар манайд ногдол ашиг, ногдол хувийн, иргэдийн хувьцаагаа борлуулсны мөнгө орж ирдэг болсон. Энэ мөнгө ихсэж, багасаад явдаг. ҮЦТХТ хувьцаат компаниудтай гэрээ байгуулж, ногдол ашгийг нь тараадаг. Манай дансанд шилжүүлснээс нь хойш ажлын гурав хоногт багтаан бүх хувьцаа эзэмшигчид нэг дор тараадаг юм. Тухайн компани аж ахуйн нэгжийн хэлбэрээ өөрчилсөн тохиолдолд ногдол хувь өгдөг. Энэ он гарснаас хойш манайхаар дамжуулж 19 хувьцаат компани 2019 оны ногдол ашгаа тараалгаад байна. Өмнө нь зарим хувьцаат компани ногдол ашгийн мөнгийг өөрийн байранд бэлнээр олгодог байсныг бүрмөсөн халахаар Санхүүгийн зохицуулах хороо олон арга хэмжээ авч байгаа. Ер нь компанийн байранд ногдол ашиг тараахад иргэд маш их бухимддаг байсан л даа. Очиход нягтлан нь байдаггүй, эсвэл мөнгөгүй гээд олон удаа буцаах тохиолдол гарч байсан. Орон нутгийн иргэд ногдол ашгийн мөнгөө авах гэж Улаанбаатарт ирэхгүй шүү дээ.

Танд аваагүй ногдол ашгийн мөнгө байгаа, эсэх талаарх мэдээллийг хэд хэдэн аргаар мэдэх боломжтой. ҮЦТХТ нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг (цэнхэр, ягаан тасалбартай холбоотой), мөн өөр хувьцаатай, үгүй, үнэт цаасаа зарж борлуулсан, эсэх, ногдол ашгийн талаарх бүх мэдээллийг манай компанийн харилцагч хүлээн авах ажилтнаас лавлах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, манай www.mcsd.mn цахим хуудсанд хандан регистрийн дугаараа оруулснаар “Эрдэнэс Тавантолгой”-н хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буй болон аль үнэт цаасны компанид данстайгаа (эсвэл дансгүйгээ) мэдэж авна. Мөн 158989 тусгай дугаарт регистрээ бичиж илгээгээд үнэт цаастай холбоотой мэдээллээ авч болно. ТҮЦ машинаас энэ талаарх мэдээлэл авах боломж бүрдүүлсэн. Үндэсний дата төвтэй хамтран уг үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд өөрт нь хамгийн ойр байрлаж буй ТҮЦ машинаар төвлөрсөн хадгаламж дахь өөрийн үнэт цаасны мэдээллээ дэлгэцээс харж, хэвлэн авах боломжтой.

Манайд иргэдийн аваагүй ногдол ашгийн мөнгө ихээхэн хуримтлагдсан гэж зарим хүн ярьдаг. Үүнийг бид аль болох бууруулах, харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой ажилладаг. Иймээс ч 2019 онд 16 аймгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс Тавантолгой” болон үнэт цаасны компаниудтай хамтран явж, орон нутгийн иргэд аль аж ахуйн нэгжийн хэдэн ширхэг хувьцаа эзэмшдэг, ногдол ашгийн хэдэн төгрөг орсон, авах ёстой, эсэх гээд бүхий л мэдээлэл, зөвлөгөө өгсөн.

-Иргэд ногдол ашгийн мөнгөө аваагүй нь мэдээлэлгүйтэй холбоотой юу?

-Дээр дурдсан өмч хувьчлалын үед иргэд цэнхэр, ягаан тасалбар авч, пүүс дээрээ очиж бүртгүүлсэн. Даалгаврын гэрээг нь Монголын хөрөнгийн биржийн ажилтнууд гараар шивдэг байсан. Тэгэхдээ тухайн хүний нэрний нэг үсгийг, эсвэл он, сарыг андуурч буруу бичсэн гэдэг ч юм уу алдаа гарч байжээ. Бид 2018 оны эцсээс эхлэн 2019 онд үүнийг засварласан. Өмнөх онд бид 41.7 мянган дансны регистрийг залрууллаа. Ийн засварлахын тулд анхан шатны бичиг баримтыг нь олж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллийг нь тулгах зэрэгт багагүй хугацаа зарцуулдаг. Ийнхүү мэдээллийг зассанаар ногдол ашгийн мөнгө авах ёстойгоо хүмүүс мэдэж авна. Дээр хэлсэнчлэн ТҮЦ машинаар дамжуулан иргэд өөрийн хувьцааны дансанд ногдол ашиг байгаа, эсэхийг шалгах бүрэн боломжтой. Ногдол ашгийн өндөр үнийн үлдэгдэлтэй, авахгүй олон жил болсон хүмүүсийн судалгаа гаргаж тухайн харилцагчид руу утсаар холбогдсон. Тэдний 45.9 хувь нь мөнгөн хөрөнгийн үлдэгдлээ үнэт цаасны компаниараа дамжуулан харилцах данс руугаа шилжүүлж аваад байна. Тус дүн 289 сая төгрөгт хүрсэн. Уг нь энэ бол бидний хийх ёстой ажил биш. Үнэт цаасны компаниуд харилцагчидтайгаа холбогдож, хэлж өгөх ёстой л доо. Ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг тараахад ҮЦК-иудын оролцоо маш чухал. Ташрамд дурдахад, олон жил аваагүй ногдол ашгийн мөнгө сүүлийн жилүүдэд эрс багасаж байгаа.

-Аваагүй ногдол ашгийн мөнгийг ҮЦТХТ эргэлдүүлдэг юм биш биз гэж хардах нь бий. Энэ талаар юу гэх вэ?

-Харилцагчдын мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг бид байнга хангаж ажиллах ёстой. Ногдол ашгийн мөнгөний дийлэнхийг Монголбанканд хүүгүй хадгалж байгаа. Харилцагч хэзээ мөнгөө авна, тэр үед нь гаргаж өгөхөд бэлэн. Ямар нэг байдлаар тэр мөнгийг эргэлдүүлэх эрх бидэнд байхгүй.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс олгоно гэсэн ч одоо болтол өгөөгүй. Тус компани ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлээгүй хэвээр үү?

-Хувьцаат компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу олгохоор болсон ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлсний дараа тараах учиртай. Манайх “Эрдэнэс Тавантолгой” компанитай ногдол ашиг зуучлан тараах гэрээг дөрөвдүгээр сарын 29-нд байгуулсан. Иргэдэд ногдол ашиг тараахад зориулан 179.8 тэрбум төгрөг (ХХОАТ нэмээд 199.8 тэрбум) шилжүүлэх ёстой. Бид гэрээний дагуу цаг хугацаандаа төлнө үү хэмээн нэхэмжлэх өгсөн. Ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгоно гэсний дагуу манай компанийг иргэдэд чирэгдэлгүй, өргөн хүрээнд үр ашигтай тараахыг даалгасан тул бид бэлтгэл ажлаа хангасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох мэдээллийг шинэчилж аваад байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон 0-18 насны хүүхдийн мөнгө хүлээн авдаг баталгаажсан дансны мэдээллийг авсан. Банкуудтай иргэдийн дансыг тулган баталгаажуулж байгаа. Ер нь 3-5 дугаар сард маш их ачаалалтай ажилласан. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хурал хоёрдугаар сард болсны дараа бужигнаад эхэлсэн шүү дээ. Тавдугаар сарын 1-нд ногдол ашгийн мөнгө орж ирнэ гэсэн хүлээлттэй байсан ч шилжүүлээгүй. Тавдугаар сарын 6-нд 60 тэрбум төгрөгийг манай дансанд шилжүүлсэн. Энэ мөнгийг бид иргэдэд хэсэгчилж тарааж болохгүй. Дээр дурдсанчлан бид ногдол ашгийн мөнгийг бүх хувьцаа эзэмшигчид программын тусламжтайгаар нэг дор шилжүүлдэг. Тус компаниас тараах ногдол ашгийг 2.51 сая иргэн авахаар хүлээж байгаа. Гэтэл 60 тэрбумыг заримд нь тараавал яг үнэндээ нийгэмд бухимдал үүснэ шүү дээ. “Хэнд нь өгөөд, хэнд нь өгдөггүй юм бэ” гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн пүрэв гаргийн орой 40 тэрбум төгрөг нэмж шилжүүлсэн. Тэгэхээр үлдсэн мөнгийг шилжүүлсний дараа ногдол ашгийг нэг зэрэг олгох юм.

-Одоогоор хэдэн хүн дансаа нээлгээд байна вэ?

-1 883 826 иргэн дансаа нээлгээд байгаа. Дансгүй 628 941 иргэн бий. Тэд хүүхдийн мөнгө авдаг, “ebarimt”-д бүртгэлтэй дансаараа авах бүрэн боломжтой.

-Блокчэйн технологид суурилсан платформ ашиглаж Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ) гаргана гэж Сангийн сайд хэлсэн. Танайх үүнд оролцож буй байх. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Блокчэйн технологи ашиглан Засгийн газрын үнэт цаас арилжихтай холбоотой шаардлагатай хөгжүүлэлтийг манай байгууллага “UBEX” компанитай хамтран гүйцэтгэж байгаа. Туршилт нь дуусаж, бэлэн болсон. Уг үйл ажиллагаагаар мэдээлэл солилцох автомат үйлчилгээ нэвтрүүлэх юм. Тодруулбал, хэрэглэгчид аппликэйшн ашиглан өөрөө дансаа үнэ төлбөргүйгээр шууд нээж, манайх бүртгэнэ. Уг аппликэйшн хэрэглэгчдэд маш ойлгомжтой, чирэгдэлгүй байх бөгөөд Засгийн газрын үнэт цаасны арилжаанд гар утаснаасаа долоо хоногийн бүх өдөр, 24 цагийн хэдийд ч оролцох боломжтой. Хэрэглэгч өмнө нь нээсэн дансаараа буюу үнэт цаасны компаниар дамжуулаад ЗГҮЦ авах эрх нь нээлттэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)