Ж.БААСАНДАМБА: Дэлхийн ахмад мастеруудын олимпод хүч үзнэ

МУБИС-ийн хүндэт профессор, Биеийн тамирын сургуулийн гимнастикийн багш, спортын мастер, пауэрлифтингийн Ази тив, дэлхийн аварга Ж.Баасандамба өдгөө 77 настай. Тэрбээр залуудаа үзүүлж амжаагүй амжилтаа ахмад насандаа гаргаж яваа. Түүнд хичээллэж үзээгүй спорт ховор. Тухайлбал, үндэсний болон чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлтөөр хичээллэж байжээ. Хичээж чадвал хэдэн настайдаа ч амжилт гаргаж болдгийг тэрбээр залууст үлгэрлэж байгаа. Пауэрлифтингийн 36 дахь удаагийн ДАШТ 2018 онд Монголд анх удаа болоход 23 орны тамирчид өрсөлдсөн. Тус тэмцээнд манай улсаас 27 тамирчин өрсөлдсөнөөс Ж.Баасандамба ахмадын ангиллын 66 кг-д нийлбэр дүнгээр 300 кг-ын штанг өргөж, дөрвөн төрөлд алтан медаль хүртсэн юм. Түүнийг “Хүмүүс” буландаа урилаа.

-Таныг спортын гараагаа пауэрлифтингээр эхэлсэн гэж боддог байлаа. Гэтэл гимнастикаар хичээллэдэг байжээ. Спортод хөл тавьсан тухай дурсамжаар тань ярилцлагаа эхэлье.

-Би Булган аймгийн сургуульд долдугаар ангийн сурагч байхдаа турниктэй анх нөхөрлөсөн. Тэр үед турник тун ховор. Цагдан сэргийлэхийн байгууллагын хашаанд зориулалтын, харин сургуулийн гадаа гар аргаар хийсэн турник байв. Тэнд савалт, давхар эргэлт ес, 10 дарах, майк цохих зэрэг дасгал хийж сурсан. Наймдугаар ангид байхад дээд ангийн ах нар турник дээр бүтэн эргэх үзүүлбэр их үзүүлдэг байлаа. Би есдүгээр ангид орсон жилээ дээд үеийнхэнтэйгээ хамт хичээллэдэг боллоо. 1963 онд Улаанбаатарт оюутан болж ирэхэд Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамирын сургууль Спортын төв ордонд байрладаг байв. Суралцсан эхний жилдээ үндэсний болон чөлөөт бөх, хөнгөн атлетикаар хичээллэсэн. Хүсэл тэмүүллээ дагаж, II курсээс гимнастикийн секцэнд орлоо. III курсээсээ бараг гимнастикчин болчихсон, Ардын хувьсгалын баяр наадмын 45 жилийн ойн тоглолтод оролцож билээ.

-Шигшээ багт шилдэг тамирчид л багтдаг. Гимнастикт хөл тавиад удаагүй таныг бэлтгэл хийхээр ирэхэд тань дасгалжуулагч нь их гайхсан байх даа.

-Гимнастикийг спортын цагаан толгой гэдэг. Дасгалууд нь спортын бусад төрөлд хэрэглэгддэг. Гимнастикгүйгээр ямар ч спортын суурьтай болж чадахгүй. Тиймээс хичээллэсэн тамирчин спортын өөр төрөлд амжилт гаргаж чаддаг. 1965 оноос спортын гимнастикаар тууштай хичээллэсэн. Оюутан байхдаа зуны амралтаар хөдөө гэр лүүгээ харилгүй хотод үлдэж, гимнастикийн шигшээ багийн тамирчидтай гурван сар бэлтгэл хийсэн юм. Тэгтэл дасгалжуулагч нь “Манайхан мэргэжлийн тамирчид. Чи хамт бэлтгэл хийж болохгүй” гээд хөөлөө. Шигшээ багийнхныг сургуулилалт хийх зуур зургаан хэрэгслийн аль эзэнгүй байгаа дээр нь очиж, бэлтгэл хийнэ. Намар болоход би илт сайжирсан. Сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, шигшээ багт тоогдож багтав. Тэмцээнүүдэд амжилттай оролцож, зэргээ ахиулснаар амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Монголын бүх ард түмний IV спартакиадад өрсөлдөж, спортын дэд мастер цолны болзол хангасан. Надтай хамт 120 гаруй хүүхэд төгссөнөөс би сургуульдаа гимнастикийн багшаар үлдсэн юм. 1974 онд улсын шүүгч болж, дөрвөн жилийн дараа олон улсын шүүгчийн шалгалт өгснөөр Монгол Улсаас 12, ОХУ-ын хоёр мэргэжилтэн нийт 14 хүн эрх авч байв. Өөрөө тамирчин хэрнээ 1965-1975 онд гимнастикийн багаа дасгалжуулаад л тэмцээнд оролцдог байлаа. Манай баг шилдэг тамирчдаас бүрдсэн тул УАШТ-д тэргүүн байрт байнга шалгардаг байв. Би багш дасгалжуулагчаар 45 жил ажилласан.

ХӨГШИРДӨГГҮЙ ГАНЦ ЭРХТЭН БОЛ БУЛЧИН

-Биеийн тамирын тэнхимийн эрхлэгчийг олон хүнээс шалгаруулж, сонгодог байсан гэдэг. Та тэр үед хэрхэн тэнцсэн бэ?

-Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хуулийн дунд сургууль 1982 онд дээд сургууль болж, манайхаас туршлагатай багшийг эрхлэгчээр авах болсон юм. Тухайн үед би Биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тус сургуулиас эрхлэгч шалгаруулах судалгаа хийж, таарах хүн асууж ирэхэд нь гурван багшийн нэр өгтөл “Судалгаанд таарсангүй, харин та тэнцсэн тул авахаар боллоо” гэв. Ингээд тэнхимийн эрхлэгчээр очоод ахмад, хойтон жил нь хошууч цолтой боллоо. Таван жилийн дараа дэд хурандаа цол хүртэж, 1992 он хүртэл ажилласан. НАХЯ-ны Цэргийн дээд сургууль бол одоогийн Цагдаагийн академи. Тэнд Биеийн тамирын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад буцаад Биеийн тамирын сургуульдаа ирж, Гимнастикийн тэнхимийн эрхлэгч болсон доо.

-Пауэрлифтинг бол манайд хөгжиж буй спортын залуу төрлүүдийн нэг. Та эл төрлөөр ахмад насандаа амжилт гаргаж яваа. Хэзээнээс сонирхон хичээллэсэн бэ?

-Би багадаа хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан. II курсийн оюутан байхдаа намар нь сургуулиас зохион байгуулсан аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 60 кг-ын туухай өргөн түрүүлж, мөн л шигшээ багт багтан Улаанбаатар хотын болон УАШТ-д амжилттай өрсөлдсөн. Гимнастикийн ахмад тамирчдын тэмцээн тэр үед зохион байгуулдаггүй байсан тул хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм. Цэргийн дээд сургуульд багшилж байхдаа 1988 онд сургуулийнхаа АШТ-д хоёр залуу офицертой хүч үзэж, хүрэл медаль хүртэж байв. Хүндийг өргөлтийн ахмад тамирчид жил бүр пауэрлифтингийн АШТ зохион байгуулдаг. 1999 оноос ахмад тамирчдын УАШТ-д залуу тамирчид шүүгчээр ажиллаж, багш нар нь өрсөлддөг болсон. Би Болгар улсад штангийн сургууль төгсөж ирээд шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллалаа. Дасгалжуулагч Ш.Энхсайхантай нэг жинд оноо тэнцэж, аман хүзүүдсэн удаа бий. Дараа жил нь даагаа нэхэж, нийлбэр дүнгээр 405 кг-ыг өргөсөн амжилтаар аварга болсон. Тэр жилээс хойш штангийн ахмад тамирчид пауэрлифтингийн тэмцээнд оролцохоо больсон.

-Та оролцсон тэмцээн бүртээ эхний байрт шалгарчээ. Дэлхийн аварга болсон талаараа сонирхуулж яриач.

-Пауэрлифтинг нь штангтай суулт, хэвтээ шахалт, газраас таталт гэсэн хүчний гурван төрөлтэй. Амжилттай оролцсон тамирчдад төрөл тус бүрт нь медаль өгдөг ч нийлбэр дүнгээр нь аваргаа тодруулдаг. Пауэрлифтингийн холбооноос зохион байгуулсан ДАШТ-ий ахмадын ангилалд 66 кг-д өрсөлдөн, нийлбэр дүнгээр 300 кг-ын штанг өргөж, дөрвөн төрөлд алтан медаль хүртсэн. Азийн АШТ-д эх орноо төлөөлж, 66 кг-д амжилттай оролцсон. Хэрэглэлгүй (RAW) төрөлд нийт 270 кг-ыг өргөн, дэлхийн аваргаа бататган төрөл тус бүрт тэргүүлж, Ази тивийн аварга болж байв.

-Фитнес, пауэрлифтингээр хичээллээд таны бие, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би Нийгмийг аюулаас хамгаалах яаманд 10 жил ажилласан. Гэтэл бие чилээрхэж, Швейцар улсад гурван сар эмчлүүлээд иртэл цэргийн албанд тэнцэхгүй болж хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолгосон юм. Тухайн үед МУБИС-ийнхан тэнхимийн эрхлэгчээр буцааж авна гэлээ. Биеийн тамирын сургуульд дахин багшлахдаа фитнес, бодибилдингээр хичээллэж, эрүүл болсон. Хүчний бэлтгэлийг хичээллэдэг спортынхоо арга, техниктэй хослуулж хийвэл амжилт гаргадаг. Хүний хөгширдөггүй ганц эрхтэн бол булчин. Тиймээс хүчний спортоор хичээллэж байвал булчин хатангиршихгүй. Би өдгөө 77 настай, бие минь эрүүл чийрэг байна. Пауэрлифтинг жингээр өрсөлддөг спорт. Олон тамирчин өрсөлдвөл хэн нь илүү хүнд жин өргөсөн нь амжилт гаргаж, эхний байрт шалгардаг. Надад нэг том зорилго бий. 2021 онд Японы Токиод зохион байгуулах дэлхийн ахмад мастеруудын олимпод хүч үзнэ.

ПАУЭРЛИФТИНГ МОНГОЛ ХҮНИЙ БИЕД ТОХИРСОН ЭР ЗОРИГИЙН СПОРТ

-Та 2018 онд пауэрлифтингийн ДАШТ-ий ахмадын ангилалд гадаадын шилдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөн санагдана.

-Олон улсын чанартай тэмцээн эх орондоо зохион байгуулах давуу талтай. Учир нь гадаадын тамирчдын ур чадвар, туршлага, амжилтаас харж, суралцан, юуг анхаарч, түлхүү хөгжүүлэхээ мэдэж авах боломжтой. Пауэрлифтингийн ДАШТ-д миний жинд өрсөлдсөн 10 гаруй тамирчны олонх нь Европынх байлаа. Азиас Энэтхэгийн тамирчин өрсөлдсөн. Пауэрлифтинг монгол хүний бие бялдарт тохирсон спорт. Манайхан нуруулаг биш ч бяртай, хүчтэй. Хөдөө өссөн залуус их хөдөлмөрч. Хангайн тайга, модтой газрын залуучуудын нуруу нь сайн хөгжсөн байдаг юм. Энэ спортоор хичээллэдэг тамирчид бэртэж, гэмтэхээс өөрийгөө сайн хамгаалах хэрэгтэй. Хүнд дасгал, сургуулилалтыг дасгалжуулагчийн зөвлөгөөгүйгээр хийвэл нуруу бэртэх эрсдэлтэй. Өөрөө дур мэдэн дасгал хийж, эсвэл ямар нэгэн бэртлээс үүдэж гар, хөл тахийвал амжилтын тухай бодоод ч хэрэггүй. Тамирчин хүн тэсвэр тэвчээртэй байхаас гадна хүч чадал, хөдөлгөөний эвсэл, авхаалж самбаа, мэдрэмжтэй байх хэрэгтэй.

-Таны удирдлагад пауэрлифтингээр хичээллэдэг шавь олон байдаг уу?

-Би 2003 оноос хойш МУБИС-ийн оюутнуудыг хүсэл сонирхолд нь тулгуурлан, секцэнд хамруулан дасгалжуулж эхэлсэн. Миний бэлтгэсэн тамирчдаас 2014 онд нэг эмэгтэй пауэрлифтингийн дэлхийн аварга болж байлаа. Мөн 2017 онд Монголд болсон бодибилдингийн ДАШТ-д нэг шавь минь аварга болж баярлуулсан. Энэ мэтчилэн яривал шавь нараас минь ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тав, Азийн аварга болсон найман тамирчин бий. Тамирчныхаа уяа, сойлгыг тааруулна гэдэг дасгалжуулагчийн ухаан юм. Тэмцээн дөхөхөөр шавь нартаа ингэж тэгж бэлтгэл хий, үүн дээрээ анхаар гээд зөвлөнө шүү дээ.

-Энэ спортоор сонирхож хичээллэдэг залууст ахмад тамирчны урам хайрласан, эрч хүч өгсөн зөвлөгөө хэрэг болох болов уу.

-Тамирчин хүнд бие бялдрын таван чанарыг хамгийн түрүүнд эзэмших ёстой. Аль нэг чанар нь дутвал амжилт гаргахгүй. Тухайлбал, хүчний төрлийн спортоор хичээллэгч уян хатан байх ёстой. Энэ чанар байхгүй бол шинэ техник сурах маш хэцүү. Хурд, хүчний дасгал хийхдээ бэртэж гэмтэхээс сэргийлж, биеийнхээ онцлогт тохирсон бэлтгэл хийх хэрэгтэй. Пауэрлифтинг эрсдэл ихтэй спорт. Хамгийн гол нь зөв техникээр хичээллэж байж амжилтад хүрнэ. Нэг л алдаа гаргавал эрсдэл ойрхон. Хөлөө нэг буруу гишгэснээс болж жингээ алдахад үе, тохой, мөр гэмтэнэ. Товчхон хэлбэл, пауэрлифтинг эр зоригийн спорт. Тэгэхээр гаргаж болзошгүй эрсдэлийг заавал тооцоолдог байх хэрэгтэй. Хэчнээн бяртай, хүчтэй байгаад ашиглаж чадахгүй, эсвэл арга барил, техник муу бол хүрэл мөрөөдөлдөө хүрч, зорилгоо биелүүлэх амаргүй. Бэлтгэлээр тодорхой үр дүнд хүрэх ч үүнээс гадна хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, овсгоо самбаа, хичээл зүтгэл, итгэл найдвар гээд олон зүйл нөлөөлдөг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)