Ж.АРИУНАА: Монголчууд хорт зуршлаасаа татгалзаж чадахгүйгээс харвалтад олноор өртөж байна

Уншигч-сурвалжлагч Л.ЭНХСАЙХАН

Монголын харвалт судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, клиникийн профессор

Зочин Ж.АРИУНАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор

Манай улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь зүрх, судасных. Уг эмгэг 10 000 хүн тутамд өдгөө 1200 орчим тохиолдож, сүүлийн арван жилд 50 орчим хувиар нэмэгдэн, 1990 оноос хойш нас баралтын нэгдүгээрт бичигдсэн хэвээр. Үүний дотор тархинд цус харвах эмгэг хамгийн элбэг тохиолдож, олон мянган хүн хөдөлмөрийн чадваргүй болсоор байна. Цус харвасан өвчтөнүүдийн ердөө арав орчим хувь нь л хэвийн амьдралд эргэн ордог гэхээр ямар хор уршигтай, аюултай болох нь ойлгомжтой. Тархины харвалт монголчуудын дунд яагаад элбэг тохиолддог, хэрхэн сэргийлэх болон эмчилгээ, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар манай зочид ярилцлаа. Уншигч-сурвалжлагчаар Монголын харвалт судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, клиникийн профессор Л.Энхсайхан ажилласан бол зочноор Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа уригдав.

-Юуны өмнө танд болон уншигчдадаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. Тархинд цус харвах өвчний талаар цогц мэдээлэл хүргэхийн тулд хоёулаа аль болох албаны бус, уншигчдад ойлгогдохоор энгийн ярилцъя. Тэгэхээр тархины харвалт анхаарал хандуулахуйц өвчин мөн үү?

-Тэгэлгүй яах вэ. Дэлхий дахинд халдварт бус өвчин, тэр дундаа тархины харвалт, түүнээс шалтгаалсан нас баралт нэгдүгээрт бичигдэж байна. Харвалт бол тухайн хүний амьдралын чанарт асар муу нөлөөтэй. Цус харвасны дараа амьд үлдлээ ч ихэнх тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй болдог нь зөвхөн манай улсад гэлтгүй, хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг юм. Тодруулбал, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь цус харвах эрсдэлтэй болсныг ДЭМБ-аас саяхан мэдээлсэн.

Үнэнийг хэлэхэд, Монголд цус харвах өвчний тархалтын судалгааг сүүлийн 20 жил хийгээгүй. Манай эмнэлгээр зөвхөн уг өвчний улмаас жилд дунджаар 1000 гаруй хүн үйлчлүүлдэг. 2014 онд 200 гаруй хүн харвалтаар нас баржээ. Өнгөрсөн онд эл үзүүлэлт 1000-д 132 бүртгэгдсэн байна. Тэгэхээр нийт тохиолдлын 13-20 хувь нь нас бардаг гэсэн үг. Өвчтөнүүдийн 45-50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь тархины эдийн цус харвалттай. Олонх нь маш хүнд хэлбэрийн, том хэмжээтэй, ховдол руугаа цөмөрсөн байх нь бий. Тиймээс нас баралтын ихэнх хувийг энэ төрлийн харвалт эзэлдэг. Тархины судасны бүрэн бүтэн байдал алдагдсанаас судас задарч, цус харвахыг хэлж буй юм. Их хэмжээний цус мэдрэлийн эд, эсийг дарах, шахах ба тархи, нугасны шингэний урсгалыг саатуулснаар өвчтөн маш хүнд байдалд ордог. Энэ төрлийн харвалт дэлхийн бусад улсынхаас манайд түлхүү тохиолддог.

-Тархинд цус харвахаас сэргийлж болох уу. Болдог бол манайд яагаад ийм олноор өвдөөд байна вэ?

-Уг өвчнийг үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс хүн амын дунд жил ирэх тусам нэмэгдэж байна. 100 хувь сэргийлж болдог өвчнөөр ингэж олноор эндэж байгаа нь тухайн хүний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Судалгаагаар, уг өвчний эрсдэл 50 наснаас дээш арван жил тутамд хоёр дахин ихэсдэг. Гэтэл манай залуучуудын дунд ч өвчлөл их байна. Олон шалтгаантай ч ихэнхдээ харвалтад хүргэдэг эрсдэлт хүчин зүйлс залууст тохиолдох болж.

-Тэгвэл өвчлөл, нас баралтыг хэн, хэрхэн бууруулж чадах вэ. Үүнд эрүүл мэндийн салбар болоод хувь хүний оролцоо ямар байвал зохиолтой юм бол?

-Хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх асуудлыг нэгдүгээрт тавих ёстой. Энэ нь хүүхэд ахуй наснаас зөв амьдрах аргад суралцах, эрүүл мэндийн наад захын боловсролтой болохоос эхэлнэ. Нийгэм, гэр бүлийн амьдрал, орчин гээд бүх зүйл үүнд хамаатай. Гэхдээ хувь хүн өөрөө хичээхгүй л бол магадгүй энэ өвчнөөс хэзээ ч ангид байж чадахгүй. Төр, засаг бодлого боловсруулж, эрүүл мэндийн салбарынхан сурталчлаад “Би амьд байвал миний гэр бүл аз жаргалтай. Миний хань өвдөхгүй бол элэг бүтэн амьдарна. Хүүхдээ амьдралын зөв дадал, хэвшилд сургахгүй бол эрт үхнэ” гэдгийг ойлгож, ухаарахгүй л бол нэмэргүй. Хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэт хэрэглээний талаар яриад л хүмүүс чихнийхээ хажуугаар “урсгадаг”-тай адил юм болно. Харин өвчилсөн тохиолдолд эмчилж, дахихаас сэргийлэх нь эмч нарын үүрэг юм.

-Тухайн хүн цус харвах, эсэхээ өөрөө тодорхойлох боломжтой юу. Тийм бол яаж?

-Харвалтад хүргэдэг хүчин зүйлст өртсөн, үгүйгээ шалгахдаа нэгдүгээрт, цусны даралтаа хэмжүүлж, биеийн жингийн индексээ тодорхойлуулах хэрэгтэй. Мөн өдөр тутамд хийдэг дасгал, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээ, зүрх, судасны өвчин (хэм алдагдал), чихрийн шижинтэй эсэх, цусан дахь өөх тосны хэмжээ зэргийг тогтмол хянуулж, үнэлнэ. Эдгээрээс гурав нь л асуудалтай бол та цус харвах эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эдгээр хүчин зүйлийн аль нь байгааг тодорхойлуулан, эмчлүүлж, буруу зуршлаас татгалзаарай. Ингэснээр тархинд цус харвахаас сэргийлэх боломжтой.

Жишээ нь, цусны даралт ихэсдэг бол учир шалтгааныг нь эхлээд тодруулах шаардлагатай. Ингэхдээ давс, өөх тос, хүнсний ногоо, чихрийн хэрэглээг нягтлах буюу зөв зохистой хооллож байгаа, үгүйгээ мэдэх юм. Давснаас үүдэж, даралт ихэссэн бол үүнийгээ танаж, кали агуулсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхэд л эрсдэл буурна. Хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлээс болсон бол өдөрт дунджаар 30 минут алхаж, гүйж, дасгал хийж хэвшээрэй. Учир нь зүрх, судасны эмгэгтэй хоёр хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчинтэй байна. Харин иргэд үүнийг нэг их тоодоггүй. Олон жил даралт ихэссэнээр тархины судасны хана гэмтдэг. Огцом уурлаж, бухимдах, даралт хэт өндөр болоход гэмтсэн судаснууд хагарч, харвадаг. Даралт ихсэх өвчин нь ихэнхдээ дээр хэлсэнчлэн тархины эдийн харвалтад хүргэдгээрээ маш аюултай. Цаашлаад зүрх, бөөр, нүд, мөчдийн судсыг хүртэл гэмтээдэг. Тиймээс даралт ихсэх, судас хатуурч, нарийсах өвчнийг тоохгүй өнгөрч болохгүй. Цөөнгүй хүнд даралт ихсэх өвчин ямар нэгэн зовуурьгүй, хэдийн үүссэн байдаг тул мэргэжлийн эмчээр хянуулах хэрэгтэй. Ташрамд өгүүлэхэд, бүх эмчилгээг эмчийн хяналтад хийлгэх ёстойг анхааруулъя.

-Иргэдийн дунд янз бүрийн ойлголт байдаг. Ер нь харвалтад өртдөггүй насны бүлэг гэж байдаг уу?

-Цус харвалтад өртөхгүй нас гэж байхгүй. Хүүхдийн харвалт тухайлбал, эхний хоёр сартайгаас эхлээд насны хязгааргүй. Дэлхий нийтэд хүртэл залуу насанд тохиолддог харвалтыг тусад нь бүртгэдэг болсон. Олон улсад цус хомсрох (тархины эд, эсийг тэжээгч гол судсуудад цус очихоо болих) харвалтын нийт тохиолдлын 15-20 орчим хувийг залуучууд эзэлдэг бол манайд энэ тоо 25 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм. Тодруулбал, цус харвасан өвчтөнүүдийн олонх нь 40-60 насных байдаг. 16-21 насныхан ч цөөнгүй хувийг эзэлнэ. Харин гадаадад 60 наснаас уг өвчний тухай ярьдаг гэхээр Монголд харвалт хэрхэн “залуужсаныг” харуулна. Уг нь манайд бүртгэгддэг тархины харвалтын нийт тохиолдлын ихэнх нь эрсдэлт хүчин зүйлийн улмаас байдаг нь тархалтыг хумих боломжтойг илтгэнэ. Гэвч монголчууд хорт зуршлаасаа татгалзаж чадахгүйгээс харвалтад олноор өртөж байна. Удамшлын эсвэл, төрөлхийн гажгаас үүдэж байгаа бол өөр хэрэг.

-Ямар шинж тэмдгүүдээр өөрийгөө болон дэргэдэх хүнээ цус харваж байгааг мэдэх боломжтой вэ?

-Цус харваж байгаа хүнд мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдлын шинж тэмдэг илэрдэг. Нэгдүгээрт, хөл, гар саажих, хэл яриа ээдрэх, хараа хоёрлох, эсвэл үзэгдэх орчин “хаагдах”, тэнцвэр алдагдах зэргийг голомтот шинж тэмдэг гэж хэлдэг. Энэ тохиолдолд судас бөглөрсний улмаас тархинд цус хомсрох (тасалдах) харвалт голдуу явагддаг. Үүнээс гадна толгой хүчтэй өвдөх, ухаан алдах, татах, бөөлжих, даралт огцом ихэсвэл тархины эдийн буюу судас хагарах хэлбэрийн харвалт гэх мэтээр ялгаж, танина. Ямар ч хэлбэрийн харвалтад эдгээр шинж тэмдэг илэрнэ л дээ. Гэхдээ хэл яриа бага зэргийн тултирах, хараа тэрүүхэндээ өөрчлөгдөхөд иргэд ихэвчлэн анзаарахгүй өнгөрчихдөг. Энэ нь цус хомсрох харвалтын дохио байж болно. Эсвэл жижиг хэмжээтэй харвалт ч байж мэднэ. Тиймээс энэ бүх шинж тэмдгийг мэддэг байх хэрэгтэй.

-Эдгээр шинж тэмдэг илрээд, хэн нэгэн харвачихлаа гэж бодъё. Хажууд байгаа хүн хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ. Анхны тусламжийг заавал мэргэжлийн эмч үзүүлэх ёстой юу?

-Манайд тархины эдийн цус харвалт элбэг тохиолдож буйг хэлсэн. Толгой хүчтэй өвдөж, өрөөсөн тал нь сулран, ухаан алдахад ар гэрийнхэн болон дэргэд байгаа хүний үүрэг маш чухал. Ямар нэгэн илүү үйлдэл, хөдөлгөөн хийлгүйгээр амьсгалахад нь чөлөөтэй байхаар тайван хэвтүүлж, түргэн тусламж дуудна. Хэрэв өвчтөний зүүн гар, бие нь суларсан байвал баруун талаар нь хэвтүүлэх хэрэгтэй. Ялангуяа даралт өндөр байгаа тохиолдолд судас хагарч, цус их хэмжээгээр гоожсон байх магадлалтай тул өвчтөнийг хөдөлгөх, дур мэдэн тээвэрлэх нь хүндрүүлэх эрсдэлтэй. Боломж байвал даралтыг нь хэмжээд, тухайн хүн ухаан алдаагүй байвал эм уулгаж болно. Харин цус хомсрох хэлбэрийн харвалт байх магадлалтай шинж тэмдэг (гар, хөл саажих, хараа өөрчлөгдөх, тэнцвэр алдах, хэл яриа ээдрэх) илэрсэн бол эмнэлэгт яаралтай авчрах хэрэгтэй. Ингэхдээ цусны даралтыг бас харгалзана.

-Олны дунд “Цус харвасан өвчтөнд архи уулгах, цусыг нь ханах сайн”, “Нугасны ус авхуулах муу”, “Хуруугаа гозойлгохоор цус харвахаас сэргийлдэг”, “Тал, бүтэн харвалт гэж бий” зэрэг дам яриа байдаг. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгөөч?

-Ямар ч үед архийг их, бага хэрэглэснээс үл хамаарч цус харвах эрсдэл нэмэгддэг. Архи, согтууруулах ундаа судас тэлэх үйлчилгээ үзүүлж болно. Гэхдээ эргээд судас агшаах, өтгөрүүлэх, даралт ихэсгэдэг учраас хориглох заалттай. Харилцаа холбоо хөгжсөн өнөө үед аливаа зүйлд мухар сүсгээр, хэн нэгнээс сонссоноо хайртай хүмүүстээ туршиж болохгүй. Яаралтай тусламж дууд, мэргэжлийн эмчээс зөвлөгөө ав. Цус ханах тухайд БНХАУ-ын уламжлалт анагаах ухаанд байдаг. Орчин цагийн шинжлэх ухаанаар цус ханаснаар харвалтыг зогсоосон түүх үгүй. Түүнчлэн цус харвалтын эмчилгээнд нугасны ус авах тохиолдол бий. Тухайлбал, цус тархины ховдол руу орсон, гавлын дотоод даралт ихэссэн үед нугасны усыг авснаар өвчтөнд эерэг үр дүн үзүүлдэг. Харин иргэд алсдаа нуруу, нугасны өвчтэй болдог гэж ойлгодог талтай. Зарим нь “Харвасан хүнийг огт хөдөлгөдөггүй” гээд эмч нарыг өвчтөнийг “янз бүр” болгочихлоо гэх нь бий. Эмнэлэгт удаан хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд байрлалыг нь сэлгэх, дээш, доош харуулалгүй яах вэ. Энэ нь хэвтрийн хатгаа үүсэх, арьс холгож, цоорохоос сэргийлэх зэрэг олон талын тустай. Тэр дундаа цус хомсрох харвалтын үед гар, хөлийн хөдөлгөөн маш чухал. Булчин хэр их ажиллаж байгаагаас мэдрэлийн эс сэргэх, үгүй нь шийдэгддэг. Тал, бүтэн харвалт ч гэж байхгүй. Гэх мэтчилэн иргэд анагаах ухаанд үндэслэх хэрэгтэй.

-Тархины харвалтын тусламж, үйлчилгээнд яаралтайгаас гадна хамгийн чухал нь нөхөн сэргээх эмчилгээ байдаг. Энэ төрлийн тусламж, үйлчилгээ манайд ямар түвшинд хөгжсөн бэ?

-Маш чухал асуулт байна. Харвалтын дараах хурц үеийн эмчилгээ дуусаж, өөрөөр хэлбэл, тухайн өвчтөний зүрх, судасны үйл ажиллагаа тогтворжсон цагаас эрт үеийн нөхөн сэргээх эмчилгээг олон улсын стандартаар хийх заалттай. Энэ бол тухайн хүнийг хөл дээр нь босгох, эсэхтэй шууд холбоотой. Уг эмчилгээг тусгайлсан буюу харвалтын дараах сэргээн засах төвд хийдэг. Харамсалтай нь, манай улсад ийм төв байхгүй учраас ар гэрийнхэнд нь л энэ үүрэг ногддог. Халбагыг нь яаж бариулах, хөлийг нь хэрхэн хөдөлгөх зэргээр учир их бий. Амьсгалын дутагдалтай хүнд цээжний, гар, хөлөө хөдөлгөж чадахгүйд нь идэвхжүүлэх зэрэг дасгалыг шатлалтай заадаг.

Тархинд цус харвах эмгэг нь цахилгаан мэт гэнэт тохиолддог тул хурц явцтай. Энэ хэрээр мэдрэлийн системийг хүнд гэмтээдэг. Амь нь секундээр хэмжигддэг учраас дэлхий дахинд ч уг өвчний үед “Тархи бол цаг” гэсэн зарчим баримталдаг. Үүнээс ч богино хугацаанд эмчилгээг нь эхлүүлж, харвалтын дараах эрт үеийн нөхөн сэргээх эмчилгээнд шилжүүлдэг. Тухайн хүний хөдөлмөрийн чадварыг сэргээхийн тулд олон сараар эмчилдэг. Үүний үр дүнд ядаж л бусдын гар харахааргүй болно.

Манай эмнэлгийн хувьд хэвтэн эмчлүүлэгсдэдээ нөхөн сэргээх эмчилгээг дөнгөж эхлүүлээд л орхидог. Өвчтөнүүд дүүргүүдийн эмнэлгийн Мэдрэлийн тасгаас өөр очих газар байхгүй нь нууц биш. Тэнд нь 10 хоног хэвтүүлэн, эмчлээд гаргана. Энэ бүхэн цус харвах өвчний тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадварыг сэргээхэд нэгдсэн стандарт, бодлого боловсруулахыг шаардаж байгааг харуулна. Мэдрэлийн сэргээн засах эмчилгээ нь ганцхан харвалт, шигдээсийн үед ч шаарддаг юм биш, гэмтэл, өөр олон өвчний улмаас хийлгэх заалттай.

-Харвалтын орчин үеийн эмчилгээний зарчим нь юу вэ?

-2000 оны үед харвасан өвчтөнд тархины үйл ажиллагаа сэргээдэг тариа хийвэл л хурдан сайжирдаг гэсэн ойлголт судлаачид, иргэдийн дунд байсан. Өдгөө энэ нь ямар ч үр дүнгүй гэгдэж байна. Харвалтын эмчилгээнд хяналтын асуудал маш чухал. Даралт, зүрх, судасны үйл ажиллагаа, мэдрэлийн шинж тэмдгүүдэд тулгуурласан эмчилгээ хийдэг гэсэн үг. Өвчтөний ар гэрийнхэн “Манай хүнд ямар ч эмчилгээ хийсэнгүй, тарьсангүй. Эсвэл тархинд хурсан цус нь шимэгдсэн үү” гэж асуудаг. Бид харвалтын эмчилгээний олон улсын стандартыг л барина. Үүнд онцгой эмчилгээ, тусгай тариа гэж үгүй. Харвалт бол удаан хугацааны эмчилгээ, асаргаа шаарддаг гэдгийг дахин хэлье.

-Мэс заслыг харвасан хүн бүрт хийдэг үү. Тухайлбал, бүлэн хайлуулах эмчилгээг ямар тохиолдолд хийлгэдэг талаар хүмүүс их асуудаг.

-Тархины эдийг дараад байгаа захын байрлалтай, том хэмжээний цус харвалтын үед мэс засал хийдэг. Түүнчлэн залуу, ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог өөр нэг төрлийн цус харвалт нь аалзан бүрхүүлийн дор явагддаг. Энэ нь төрөлхийн судасны гажиг буюу ихэнхдээ артерын судас цүлхийсэн үед үүсдэг. Цөөн тохиолдолд артер, венийн судасны хавсарсан гажиг, эсвэл гэмтлийн шалтгаанаар тархины бүрхүүлийн дор цус харвадаг. Уг өвчний үед хөл, гар саажин, хэл яриа тултирдаггүй. Тархийг аалз шиг бүрхдэг торлог болон мэнэн бүрхүүлийн завсраар цус хавж харвадаг учраас толгой маш хүчтэй өвддөг. Энэ тохиолдолд мэс засал хийх заалттай.

Зүрхний хэм алдалт, судас хатуурч, бөглөрөх, эсвэл өтгөрснөөс тархины эд, эсийг тэжээгч гол судсуудад цус очихоо больсноор хомсрох харвалт явагдана. Өвчний эхэн үед буюу шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт яаралтай хандсанаар тархины эд, эсүүдийг үхжихээс аварч, цусан хангамжийг сэргээх боломжтой. Тодруулбал, дэлхийд уг өвчний үед судас бөглөөд байгаа бүлэнг нь хайлуулах, уусгах, соруулах, судас тэлэх эмчилгээ хийдэг. Гэхдээ тодорхой хугацаатай, тухайн хүнд хомсрох харвалтын шинж тэмдэг эхэлснээс 3-4 цагийн дотор эмчилгээ эхлүүлэхгүй бол үр дүнгүй, тархины эд, эсүүд дахин сэргэхээргүй үхэжсэн байдаг. Манай улс судсан дотуур хийдэг эмчилгээний уг аргыг 2013 онд нэвтрүүлсэн. Үүнээс хойш 60 орчим хүнд эдгээр эмчилгээг хийгээд байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацаанаас хамаарч, хөдөлмөрийн чадвар сэргэх, эсэх нь зөвхөн бүлэн хайлуулах эмчилгээ хийлгэсэн, хомсрох харвалтын тухайд л яригдах нь. Бусад тохиолдолд нөхөн сэргээх эмчилгээгээр үхэжсэн эсүүдийг сэргээнэ гэсэн үг.

-Манай улсын харвалтын тусламж, үйлчилгээний одоогийн хөгжил, нөхөн сэргээх эмчилгээнээс гадна тулгамдсан өөр асуудал бий юү?

-Монголын эмч нар чадвартай, жил ирэх тусам туршлагажсаар байна. Дэлхийн хэмжээний оношилгоо, эмчилгээний бүх аргыг эх орондоо нутагшууллаа. Гэхдээ тусламж, үйлчилгээний хүртээмж муугаас жишээ нь, бүлэн хайлуулах эмчилгээг орон нутгаас нийслэлд ирж хийлгэх боломжгүй байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд уг эмчилгээг хийж чадах ч зөв урсгалтай тасаг, нэгжийн тогтолцоо, баг хараахан бүрдээгүй. Тиймээс энэ чиглэлээр дүүрэг, орон нутгийн эмч нарыг манай эмнэлгийнхэн сургаж байгаа.

Үүнээс гадна манай улс 2030 он гэхэд зүрх, судасны өвчин, харвалтаас шалтгаалсан нас баралтыг 15 хувьд хүргэж, бууруулах төлөвлөгөө гаргасан. Гэхдээ ямар нэгэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, уг өвчинтэй үр дүнтэй тэмцэхгүй бол магадгүй 2030 он гэхэд энэ хэвээр л байх болов уу.