Ж.АЗЖАРГАЛ: Хүчирхийлэлд өртсөн иргэдээсээ төлбөр, хураамж нэхдэг төрийн үйлчилгээ байж болохгүй

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ)-ийн захирал Н.Арвинтариа ярилцсан юм. “Уншигч-сурвалжлагч” Н.Арвинтариа хүчирхийлэлтэй тэмцэх ажилд 2006 оноос манлайлан оролцсон. Хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн 200 гаруй хэрэг дээр ажиллаж, хохирогчдын эрхийг хамгаалсан. АНУ-ын Барын холбооныхонтой хамтарч бэлгийн мөлжлөгт өртсөн дотооддын иргэдийн эрхийг хамгаалах стратегийн өмгөөлөл хийсэн туршлагатай. Эрүүгийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлахад бодитой хувь нэмэр оруулсан нэгэн. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцуулж чадсан гавьяатай. Түүний голыг нь олсон асуултад зочин Ж.Азжаргал оновчтой хариулт өгч чадсан гэдэгт итгэлтэй байна.

-Хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд танай газарт төсвөөс хэчнээн төгрөг хуваарилж ирэв?

-УИХ, Засгийн газраас хүүхэд, гэр бүл, залуучуудын талаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хүүхэд хамгааллын, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг шинээр батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хүүхэд хамгааллын зардалд төсвөөс 297 сая төгрөг хуваарилсан. 2018 оноос нэмж, таван тэрбум төгрөг болгосон. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын зардалд 8.1 тэрбум төгрөг хуваарилсан нь 6.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зардалд 40 гаруй хувийг, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон урьдчилан сэргийлэхэд 60-аад хувийг зарцуулж байна. 21 аймаг, нийслэлийн хүн амын тоо, эрсдэлийг харгалзан төсвөө хуваарилдаг. Орон нутгийн төсөв сайдын багцаас шилждэг. Энэ нь 2016 онд шинэ хуулиуд баталж, эрх зүйн орчныг сайжруулсны бодит үр дүн. Төсөвтэй болсон болохоор хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдэд үйлчилгээ шуурхай хүргэх болсон. Хүүхэд хамгаалах нь зөвхөн хариуцсан салбарын чиг үүрэг бус, бүх шатны Засаг дарга, УИХ, Засгийн газрын үүрэг. Энэ утгаараа төрөөс гадна төрийн бус байгууллагуудыг магадлан итгэмжилж, хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалахад татан оролцуулж байна. 2018-2019 онд төрийн бус 19 байгууллагатай хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажилласан. Үр дүнд нь 560 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, 380 сая төгрөг зарцууллаа.

-Бид хохирогчийг тогтоож, хамтарсан баг руу холбон зуучилдаг. Үүнээс өмнө ХЭҮТ хохирогчийг хамгаалах байрандаа авч, үйлчилгээ үзүүлж, аюулын зэргийг нь буурлаа гэж үзвэл цааш холбон зуучилдаг. Гэтэл хохирогчид үйлчилгээ үзүүлэх төсөв хамтарсан багт байдаггүй. Тиймээс анхан шатанд үйлчилгээ үзүүлсэн төрийн бус байгууллагын ажил үр дүнгүй болох талтай. Өөрөөр хэлбэл, хохирогч гэртээ эргэж очоод дахиад л хүчирхийлэлд өртдөг. Хамтарсан багт энэ жил төсөв хуваарилсан уу?

-ГБХЗХГ-т хамтарсан багаас ирдэг ганц санал энэ. Тус багийнхан “Бид хохирогчийг илрүүлж, хүчирхийллийг таслан зогсоодог, цаашаа үйлчилгээ үзүүлэх зардал алга” гэдэг. Хохирогчид туслах хамтарсан багийнхны үйлчилгээний зардлыг орон нутгийн төсвөөс гаргахаар хуульчилсан. Хохирогчид үзүүлэх 18 үйлчилгээний зардлын 80 хувийг гаргах ёстой юм. Гэтэл орон нутгийн удирдлага үүнд хойрго хандаад байх шиг. Тухайлбал, нэг сумын бүх үйл ажиллагааны нийт төсөв 13 сая төгрөг байлаа гэхэд хоёр саяыг нь хамтарсан багийн үйлчилгээнд зарцуулчихаар аудитын шалгалтаар зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй гээд торгодог зэрэг бэрхшээл гардаг гэх. Орон нутгийн ГБХЗХГ-ууд хамтарсан багаар үйлчлүүлсэн, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийн хамгааллын үйлчилгээний зардлыг олгож эхэлсэн. Тухайлбал, Баянхонгор, Дархан-Уул, Архангай аймаг хамтарсан багтай гэрээлж 1.5-5 хүртэлх сая төгрөг хүртэлх төсөв олгосон. Өөр ганц нэг аймаг хамтарсан багтаа 500.000-1.5 сая төгрөг хуваарилсан байсан. ГХУСАЗЗ болон ХНХЯ, ГБХЗХГ-аас салбар дундын зөвлөгөөн хийж, энэ чиглэлээр гарсан зөвлөмжийг аймгуудын ИТХ болон Засаг дарга нарт хүргүүлсэн. Гэсэн ч асуудлыг бодитой шийдэхгүй байгаа нь хууль, журмаа эргэн харахад хүргэж буй.

Уншигч-сурвалжлагч Н.АРВИНТАРИА
ХЭҮТ-ийн захирал

-Салбар дундын зохицуулалт хангалтгүй гэж хардаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй цогц байдлаар тэмцэж чадахгүй байна. Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг тус тусад нь авч үзэх юм. Жишээ нь, хүүхдийг гэр бүлээс нь салгаж, үйлчилгээ үзүүлээд суурь шалтгаан руу анхаардаггүй болохоор хамгааллын үйлчилгээ үр дүн багатай. Хохирогчийг хамгаалах ажлыг бодитой, үр дүнтэй байлгахын тулд цаашид хэрхэх вэ?

-Хүүхэд хамгаалын тухай хуульд хүүхэд хамгааллын үйлчилгээг гэр бүл төвтэй, дагнасан, шуурхай, хүртээмжтэй байна гэж заасан. Хүүхэд хамгааллын үйлчилгээг хуульчлах нь зайлшгүй хэрэгтэйг өнгөрсөн 20 жилийн сургамж харуулсан. Бид зөвхөн хүүхэдтэй нь ажилладаг, гэр бүлийн гишүүдийн зан үйлийг өөрчлөх, засах зэргээр гэр бүлд чиглэсэн үйлчилгээг хамтад нь төлөвлөдөггүй байсан.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх үйлчилгээ, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн ажил үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг хуулиар зохицуулсан. Мөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх зохицуулалт ч байдаг.

Хууль эрх зүйн орчны хүрээнд бүх шатанд хүүхэд, гэр бүлтэй ажиллах байдал сайжирч байгаа хэдий ч анхаарах асуудлууд бий. Гэр бүлд чиглэсэн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. 2016 онд хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газрыг ГБХЗХГ болгон өргөжүүлж, хүүхэд, гэр бүл, залуучууд, хүн ам гэсэн гурван бүлгийн асуудлыг хамтад нь авч үзэх тогтолцоо шинээр бүрдүүлсэн. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай ч боллоо. Одоо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаа батлуулахаар ажиллаж байна. Энэ хууль батлагдаж байж дээрх хуулийн заалт хөрсөн дээр бууж хэрэгжих болов уу. Мөн хамтарсан багийн нийгмийн ажилтан тэр бүр мэргэжлийнх байж чаддаггүй. Сумд мэргэжлийн сэтгэлзүйч алга. Хамтарсан баг хүчирхийллийг илрүүлээд дараагийн байгууллагад холбон зуучлах гэхээр орон нутагт гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн алга. Хоёр аймагт л гэр бүлийн мэргэжилтэн бий. Уг нь сумуудад гэр бүл хариуцсан мэргэжилтэнтэй бол ажлын уялдаа сайжирч, үйлчилгээ хүртээмжтэй болно.

-Хууль тогтоомж сайжирсан ч хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурсангүй. Суурь шалтгаан нь юунд байна вэ?

-Гол шалтгааныг хүмүүс архидалт, ажилгүйдэл, эдийн засгийн байдалтай холбодог. Гэхдээ хүчирхийлэлд дээрх хүчин зүйл шууд нөлөөлөхгүй. Хувь хүний нийгэмшил, өссөн орчин, сэтгэл зүй болон сэтгэц эмгэгийн байдал, ёс суртахууны хэм хэмжээ, зан үйл, суурь хүмүүжил нөлөөлдөг. Боловсролын системд энэ асуудлыг тусгаж, түүгээр дамжуулан гэр бүлийн харилцааны тухай, амьдрах ухааны чадвар суулгаагүй нь нөлөөлсөн болов уу. Манай улс нийгмийн ажлын болон сэтгэл зүйн шинжлэх ухааныг илүү өргөн хүрээнд хөгжүүлж, энэ чиглэлийн мэргэжилтнийг дэмжих, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай. АНУ аль 1900-гаад оны эхээр нийгмийн ажилтан гэдэг бие дасан мэргэжил байх ёстой гэж үзээд хүнээ бэлтгэж, хөгжүүлж ирсэн. Нийгмээс үзүүлж буй хүчин зүйл хүнд хэрхэн нөлөөлж байгааг ул суурьтай судлах цаг ирсэн.

-ХЭҮТ хохирогч хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй нь ажиллаж, хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулсан. Гэтэл автобус, унааны мөнгө алга гээд ар гэрийнхэн нь цугларч өгдөггүй. Тэд анхдагч суурь хэрэгцээгээ ч хангаж чадахгүй ядуу байна. Дээрээс нь хүүхдийнхээ дэргэд архиддаг, архины хамааралтай хүмүүсийг сургалтад суулгахын тулд манай нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид аргаа бардаг. Улмаар хандив босгож, хувцас, хэрэглэл өгч байж тэднийг цуглуулна. Сургалт үр дүнгээ өгдөг. Хүүхдээ хайрлах ёстойг ойлголоо, би хүүхдээ буруу хүмүүжүүлж байж, өөрийгөө засах хэрэгтэй юм гэж эцэг, эхүүд хэлсэн. Гэвч сургалтын төсөв дуусахад үргэлжлүүлээд ажиллах үйлчилгээ Монголд ховор. Одоо яах вэ?

-Та их чухал асуудал хөндлөө. 2019 онд манай газрынхан халамжид суурилсан биш, гэр бүлийн суурь үйлчилгээтэй болъё, гэр бүлийн хөгжлийг дэмжье гээд их, дээд сургуулийн багш, эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийсэн. Үр дүнд нь Монголд 12 төрлийн хэв шинжит гэр бүл байна. Тэдэнд зориулсан 14-16 төрлийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэр бүлийн гишүүд үр хүүхдээ өсгөх, зан үйлийг нь засах, харилцааны дадлыг нь өөрчлөх, суурь хэрэгцээгээ хангах наад захын мэдлэг, чадвар суулгах, амьдралаа авч явах хэмжээний боловсрол эзэмшүүлэх, ажилд зуучлах, эргэж хянах үйлчилгээ хэрэгтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн төсөлд үйлчилгээний нэр, төрлийг тодорхой бичиж, хэрэгжүүлэх саналаа өгсөн. Гэр бүлүүдэд урт хугацааны үйлчилгээ хэрэгтэй байгаа нь яалт ч үгүй тулгамдсан асуудал.

-Урлаг, соёлоор дамжуулан хүчирхийллийг олон нийтэд хяналтгүй үзүүлж буйд маш их эмзэглэдэг. Нийгэм үүнд дасаад байна. Тухайлбал, киноны дундуур архи, дарс, согтууруулах ундааны сурталчилгаа их гардаг. Хүүхдийн хүмүүжилд энэ нь ямар нөлөө үзүүлдэг бол?

-Хүүхдийн төлөвшил, хүмүүжилд мэдээж сөрөг нөлөөтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл энэ бүхэнд цензур тавихгүй юм. Ихэнх редакцад хүчирхийллийн эсрэг соён гэгээрүүлэх бодлого алга гэж хардаг. Мэдээллийн цаг юм уу, үзэгч олонтой контент дундуур хүүхдийн зан үйлд сөргөөр нөлөөлөхүйц сурталчилгаа хяналтгүй явуулдаг. Үүнийг нь 16-17 настнууд үздэг. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй албан хаагчид, ТББ-уудын төлөөлөл үүнд маш их эмзэглэдэг болсон. Иргэд ч үүнийг анзаарч эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн 20 жилд бид юу хийчих вэ, архидалт юу авчрав, гэмт хэрэг яагаад өсөв, гэр бүл салалт, тэр дундаа дөнгөж гэрлэсэн хосууд салж буйн шалтгаан юу вэ, хүндлэх, хайрлах ёсоо хаана гээчихсэнээ эргэн харахыг хичээж байна. Ийм үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд иргэд рүү, хүүхэд, залуус руу чиглэсэн зөв контент явуулаасай гэх хүлээлт нийгэмд их бий.

Зочин Ж.АЗЖАРГАЛ

ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг засах албадан сургалт үр өгөөж муутай байна гэж хардаг. Гэр бүлийн аль нэг гишүүнээ дарамталсан, айлгасан, зодсон, хүчирхийлсэн этгээдэд ял оноохооргүй бол 30 хүртэл хоног баривчилж, албадан сургалтад хамруулдаг. Хэрвээ эл сургалт үр дүнтэй бол саатуулагдсан этгээд гараад өсөрхөхгүй, дахин хүчирхийлэл үйлдэхгүй. Харамсалтай нь, илүү харгис, хэрцгий авир гаргадаг. Тиймээс зан үйлд нөлөөлөх албадан сургалтын зэрэгцээ сайн дурын сургалт зохион байгуулбал үр дүнтэй мэт. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

-Зан үйлийн сайн дурын сургалтад түлхүү анхаарч ирсэн. “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийнхэнтэй хамтран хорих байгууллагын хүмүүжигч, эрсдэлт бүлгийнхэн дунд цөөнгүй сургалт зохион байгууллаа. Сургалтын найман төрлийн хөтөлбөр боловсруулсан. Орон нутагт гэр бүлийн зөвлөгөө өгөх, сургалт хийх 14 төв ажилладаг. Цаашид бодлогоор дэмжиж, бүх газарт энэ төвийг байгуулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий. Зан үйлийн сургалтыг, гэр бүлийн зөвлөгөөтэй уялдуулбал үр дүн өгнө гэж боддог. Гэвч орон нутагт боловсон хүчин дутагдалтай. Хамтарсан багийн нийгмийн ажилтныг сайн дурын сургалт зохион байгуулаарай гэж хэлж болно. Гэхдээ нэг хүнд 5000-14 000 иргэн ногддог. Аль завандаа үндсэн ажлаа хийж, ямар хугацаанд сургалт зохион байгуулах вэ зэрэг бэрхшээл тулгарна. Хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлэхээс өөр аргагүй. 2018 оноос Японы хүүхдийг ивээх сантай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалт зохион байгуулж, улс даяар 200 гаруй сургагч багш бэлтгэлээ. Эхэндээ эцэг, эхүүдийн 45 хувь нь хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлдэг, тэдний хүсэл сонирхол, дуртай зүйлийг мэднэ гэж байсан. Сургалтын төгсгөлд тэдний 86 хувь нь хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар мэддэггүй байжээ гэсэн. Тиймээс энэ сургалтыг боловсролын байгууллагаар дамжуулан улсын хэмжээнд хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрнэ.

-Хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийг хуульчилж, хэрэгжүүлэгч байгууллагууд тодорхой болсон. Цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд нэгдсэн мэдээллийн сантай болсон уу. Танайхан нэгдсэн мэдээлэл харж, үйл ажиллагаандаа ашиглах боломж бүрдсэн үү?

-Мэдээж салбар, салбартаа мэдээллийн сантай. Гэхдээ нэгдсэн сан одоогоор алга. Цагдаагийн байгууллагаас сар бүр цаасан суурьтай мэдээлэл ирдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүүхдийн тэтгэмжийн мөнгөө өгөөгүй хүмүүсийн зөвхөн тоон мэдээг жилд нэг удаа авдаг. Шүүхээр гэр бүлээ цуцлуулсан иргэдийн мэдээллийг авдаггүй. Хувь хүний нууцтай холбоотой гэдэг утгаараа мэдээлэл солилцох, нээлттэй харах боломж хомс.

-Хүчирхийллийн хохирогч нь голдуу охид, хөвгүүд. Үүнийг бууруулахад чиглэсэн ямар ажил хийж байна вэ?

-2016 он хүртэл хүчирхийллийн тухай мэдээлэл хязгаарлагдмал байсан. Цагдаагийн байгууллагаас л хэдэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн, хэд нь шийдэгддэг гэдгийг гаргадаг байв. Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүчирхийллийн тухай дуудлага мэдээлэл ирдэг. Эрсдэлийн түвшнээс хамаарч хуулиар чиг үүрэг хүлээсэн эрүүл мэнд, цагдаагийн байгууллага, аймаг, орон нутгийн ГБХЗХГ хамтарсан багт дуудлагыг шилжүүлдэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 80 гаруй хувьд нь гэр бүлийн гишүүд, эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс дарамт ирдэг. Том агуулгаар нь харвал нөгөө л хувь хүний суурь, хүмүүжил, ёс суртахуун дордсонтой холбоотой. Тиймээс хүүхдийг багаас нь зөв сургаж, чадавхжуулъя. Өөрийгөө бусдаас хамгаалж, урьдчилан сэргийлдэг болгох хэрэгцээ бий. Нөгөө талаар олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлсэн үйл ажиллагаа зохион байгуулж, хууль сурталчлах хэрэгтэй болов уу. Хүүхэдтэй холбоотой ёс бус байдлыг мэдээлэхдээ хэвлэлүүд ч няхуур хандмаар байна. Бас баталсан хууль, эрх зүйн баримт бичиг амьдралд хэрхэн хэрэгждэг, хүний эрх ашгийг хамгаалдаг уу гэдгээ харах ёстой гэж санагддаг. Хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг арилгах, насан туршийн эмгэг үлдээхгүй, нөхөн сэргээх тогтолцоо учир дутагдалтай байна. Бид хохирогчид үйлчилгээ үзүүлж, дараагийн байгууллагад холбон зуучилж, гэр бүлд нь эргэн нэгтгэсний дараах хяналтыг тавьж ажилладаг ч үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг тэр бүр олон нийтэд дэлгэдэггүй. Учир нь хувь хүний нууц, нэр төр аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарч байх ётой.

-Тийм шүү. Үйлчилгээ аваад гарсан хүүхэд эргээд биеэ үнэлэх, хүчирхийлэгч болох эрсдэл их. Үгүйдээ л насанд хүрээд гэрлэсэн ч нөхөртэйгээ ойлголцохгүй, байсхийгээд амиа хорлохыг оролддог. Багадаа хүчирхийлэлд нэг удаа, эсвэл давтамжтай өртсөн, эсэхээс үл хамаарч хор хохирол нь насан туршийнх байдаг. Хохирогчдод урт хугацааны үйлчилгээ үзүүлж чадаж байна уу?

-Хохирогчдод урт хуцгацааны үйлчилгээ үзүүлж буй ТББ гарын 10 хуруунд багтахаар цөөн. Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг нь ховор. ХЭҮТ хохирогчдод эрх зүйн болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд хамгийн удаан ажилласан анхдагч байгууллагын нэг. Хохирогчдод урт хугацаанд үйлчилгээ үзүүлэхэд цаг хугацаанаас гадна байр сууц, төсөв хэрэгтэй. Төр үүнд анхаарах юм бол ажиллах байгууллагууд нь бэлэн. Энэ жил НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байр, асрамж, халамжийн төвөөс гэр бүлдээ нэгдсэн хүүхдүүдийг эргэн хянах аргачлал боловсруулж байна. Гэртээ эргэн нэгдсэний дараа хүүхдийн гэр бүлдээ дассан байдал, нийгмийн амьдралд оролцох чадвар нь ямар байна, дахин эрсдэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ зэрэгт үнэлгээ хийж, хоёрдогч эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээний аргачлал боловсруулагдана. Эхний удаа гурван хороонд гурван сарын хугацаанд туршилт хийнэ. Туршлагадаа үндэслэн гарын авлага боловсруулж, нийслэл, орон нутгийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэргэжилтнүүдээ бэлтгэж чадавхжуулна. Хүчирхийллийн хохирогчидтой урт хугацаанд ажиллахад төрийн зохицуулалт хэрэгтэй байгаа нь үнэн.

-Үйлчлүүлэгчийн мэдээлэлд дүгнэлт хийж, ямар ямар бэрхшээл байгааг судалдаг. Товчхондоо, төр хүнд сурталтай гэж хэлэх гээд байна. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулах, эд хөрөнгөөсөө хүүхдэд ногдох хэсгийг авах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох зэрэгт 600-700 мянган төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой болдог. ШШҮХ ч ялгаагүй асуудалтай. Тэнд хохирогч үзүүлэхдээ мөнгө төлдөг. Амьжиргааны түвшин доогуур бол төлбөрөөс чөлөөлөх заалт хуульд бий. Гэхдээ хорооноос тодорхойлолт авах, халамжийн хэлтсээр орох гээд чирэгдэл ихтэй. Дээрээс нь эл гэмт хэргийг бүрэн шийдсэний дараа шүүхээр нэхэмжилж чадвал л мөнгөө авна. Гэтэл хохирогч автобусны ч мөнгөгүй шөнө, орой оргож босон, зугтааж ШШҮХ-д ирдэг. Арга мухардаад тэндээсээ буцдаг. Мөнгө олоод үзүүлнэ дээ гэж явсаар шарх, сорви нь эдгэж, хэргийг хаахад хүрдэг. Үүнийг анхаарч судалж үзсэн үү?

-2016 оноос хүүхдийг үзлэгийн төлбөрөөс чөлөөлсөн. Энэ төлбөрийг чөлөөлүүлэхийн тулд төр болон ТББ-ууд хамтран саналаа илэрхийлсэн. Жишээ нь ДНХ-ийн шинжилгээний төлбөр 100 000 төгрөг байдаг. Хохирогч хүүхдүүдийн эл төлбөрийг хүүхэд хамгааллын зардлаас гаргадаг. Цаашдаа хүчирхийлэлд өртсөн хохирогчоос шинжилгээний төлбөр авч байгааг эргэн харж, төр эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Төрийн үйлчилгээ хүнээ хамгаалсан, Үндсэн хуультайгаа нийцсэн байх учиртай.

-Санал нэг байна. ШШҮХ төсвөөс санхүүждэг байгууллага. 2016 онд манай төв Захиргааны хэргийн шүүхэд хандаж хүүхдийг төлбөрөөс чөлөөлөх асуудлаар гомдол гаргасан. Дараахан нь нэг ноцтой хэрэг гарснаар Засгийн газар хүүхдийг үзлэгийн мөнгөнөөс чөлөөлөх тогтоол гаргасан. Бид жил бүр энэ асуудлаар ХЗДХЯ-нд ханддаг. Судалж байна л гэдэг юм. Гэтэл ШШҮХ журмаа өөрчлөхдөө 5000 байсан төлбөрийг 8000 болгоод нэмчихсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртчихсөн, хямарчихсан, мөнгөгүй хохирогчоос төлбөр нэхдэг. Өөрөөр хэлбэл, эрх нь зөрчигдсөн хохирсон иргэнээс төрийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гэсэн аятай тэмдэгтийн хураамж, үзлэг, шинжилгээний төлбөр нэхдэг нь үнэхээр буруу.

-ГХУСАЗЗ болон иргэний нийгмийн та бүхэнтэй хамтраад хөндөх ёстой л асуудал байна. Үндсэн хуульд иргэний эрхийг хамгаална гэж зааснаас бус хүчирхийлэлд өртсөн хохирогчийг нас, хүйсээр нь ялгаад тэмдэгтийн хураамж, төлбөр авна гээгүй. Хүчирхийлэлд өртсөн иргэдээсээ төлбөр, хураамж нэхдэг төрийн үйлчилгээ байж болохгүй. Энэ нь төрийн үйлчилгээ учир дутагдалтай байгаагийн илрэл. Төрийн хамгаалах үйлчилгээ хаана орхигдсоныг судлах хэрэгтэйг ТББ-ууд хэлдэг.

Тэмдэглэсэн Д.МЯГМАРЖАРГАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)