Ж.Азжаргал: Нэг хүүхдийг таван сая төгрөгөөр даатгуулна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ бий болгож, эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7000-9000 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Энэ талаар тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодрууллаа.

-Төрөөс зорилтот бүлгийн хүүхдүүдийг үнэгүй даатгуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хүүхэд, гэр бүл, залуучуудын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, зорилтот бүлгийн 20 400 хүүхэд бий. Манай байгууллага “Номин даатгал” компанитай хамтран хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээг өнгөрсөн онд нэвтрүүлсэн. 

Хүүхдүүд даатгалд хамрагдсанаар тэднийг эрж хайх, аливаа эрсдэлд орсон үед тээвэрлэх, сэтгэл зүйн урт хугацааны эмчилгээнд хамруулах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, эрүүл мэндийн даатгалын санд ороогүй бусад эмчилгээ, үйлчилгээнд хамруулах зардлыг төрөөс санхүүжүүлэх юм.

-Даатгалын суурь хураамж нь хэд байх вэ?

-Нэг хүүхдийн даатгалын суурь хураамж 7500, нөхөн олговрын хэмжээ таван сая төгрөг байна. 2018 онд халамж, асрамжийн төвд амьдардаг 936 хүүхдийг даатгуулсан. Энэ жил 20 400 хүүхдийг дахин эрсдэлийн үнэлгээнд хамруулна. Ингээд нэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 1000 орчим хүүхдийг даатгалд хамруулах ажлыг орон нутагт эхлүүлээд байна. 

Хүүхэд эрсдэлд орсон тохиолдолд таван сая төгрөгийг даатгалын сангаас гаргана. Хүүхдийг даатгуулах нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс олон орон хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)