"Жүжигчин Амараа 16-25 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй"

Жүжигчин Амараагийн “Би юу хийчих вэ” бичлэг сошиалд цацагдаж, нэг хэсэгтээ л олон нийтийг шуугиулсан. Тус бичлэгийг МАН-ын захиалгаар хийсэн гэдгээ ч HERO энтертайнмент хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч МАН-ын зүгээс “Бид тийм захиалга өгөөгүй” хэмээсэн. Ийнхүү захиалагч нь мэдэгдэхгүй явсан бичлэгийн захиалагчийг олуулахаар өмгөөлөгч Б.Батбаяр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгчээ.

Тодруулбал, жүжигчин Амараагийн хийсэн уг бичлэг нь “сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох..” гэмт хэргийн шинж агуулсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 82.1-д заасанчлан 16-25 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэрэг гэж үзжээ. Иймээс Амараад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хүсэлт гаргаж, түүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн эрүүгийн тасаг яаралтай шалгаж эхэлсэн байна. 

Энэ талаар өмгөөлөгч Б.Батбаяраас тодруулахад “5 дугаар сарын 12-ны өдөр жүжигчин Амарааг Эрүүгийн хуулийн 82.1-д заасанчлан 16-25 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн учраас шалгуулах хүсэлт өгсөн. Хэрвээ цаад захиалагчийг зааж өгч, үнэнээ хэлэх юм бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)