Ж.ЭРДЭНЭБАТ: Хийх ёстойгоо хийгээгүй бол хариуцлага тооцох зарчим бүх салбарынханд хамаатай

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж буйтай холбогдуулан Засгийн газрын тэргүүн салбарын сайд нарын хамт боловсрол, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзаад буй. Өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа.

Уулзалтад нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагууд болон салбарын сайд, эмнэлгийн даргаар ажиллаж асан ахмадууд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал, салбарт тулгамдаж буй асуудлаа ярилаа.

Гурван цаг гаруй үргэлжилсэн уг уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн “Манай улсад өнөөдөр хөтөлбөр, төлөвлөгөө, зорилго, зорилт гэсэн нэр бүхий бичиг цаас хангалттай олон. Харамсалтай нь ажил болохгүй байна. Боловсруулах ёстой л гэдгээс бус, хэрэгжүүлэх учиртай гэж хэн ч ажиллахгүй байна. Үр дүн нь гарахгүй ажлыг манай Засгийн газар ярихгүй. Хийх ажлаа л ярина.

Хийх ёстой ажлаа хийгээгүй бол хариуцлага тооцож ажиллана. Энэ зарчмыг бүх салбарынханд адил, тэгш баримтална. Засгийн газрын гишүүддээ ч ийм шаардлага тавьж байгаа” гэж хэллээ. Мөн тэрбээр “Эрүүл мэндийг дэмжих сан байгуулах саналыг олон хүн гаргаж байна. Сан байгуулахыг Засгийн газар дэмжинэ. Гэхдээ төсвөөс санхүүжүүлэхгүй. Хувийн хэвшил, гадаад дотоодын хандивлагч байгууллагынхантай зөвшилцөөд ажиллуулж болно” гэв.

Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зүү, тариурын үйлдвэр байгуулахад Эрүүл мэндийн яамнаас дэмжиж ажиллахыг А.Цогцэцэг сайдад үүрэг болголоо. Мөн улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 26 эх төрөхийн улмаас эндсэнийг дурдаад, “Аймаг, орон нутгийн удирдлагууд ажилдаа ямар амжилт гаргасан байлаа ч эхийн эндэгдэл гарсан тохиолдолд энэ амжилтыг тооцохгүй. Аймаг, орон нутгийн удирдлага, эмнэлгийн дарга, эмч ажилтанд зохих хууль, дүрмийн хүрээнд хариуцлага тооцно” гэж хатуу анхаарууллаа.

Түүнчлэн “Манай улсын эдийн засгийн нөхцөл туйлын хүнд байгаа. Төсвийн шинэчлэл хийхгүйгээр энэ хүндрэлээс гарахгүй. Гэхдээ манай Засгийн газар ямар ч тохиолдолд эрүүл мэндийн салбарын төсвийг бууруулахгүйгээр 18 сар ажиллана. Энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарна гэж бодож байна.

Эдийн засгаа тогтворжуулсны дараа эмнэлгийн засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмж авах, эмч, ажилтнуудын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарч ажиллана” хэмээн онцолсон. Цаашид салбар, салбарынхантай хийх уулзалтыг жил бүр зохион байгуулж, өмнө нь ярьсан санал, зөвлөмжийг хэрхэн ажил хэрэг болгосон болон уулзалтын үр дүнг эргэж ярина гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)