ЖУУЛЧДЫГ “уруу татахад” учир бий

-Монголоор дамжин, Байгал нуур үзэхээр явдаг гадаадын жуулчид Сэлэнгэ аймагт ер саатахгүй, зүгээр л дайран өнгөрөх юм. Тэднийг яавал аймагтаа саатдаг болгох вэ?

-Аялал жуулчлалын онцлог брэндтэй болох хэрэгтэй. Жишээ нь, Сайханы хөтөлийг үзэхээр очсон жуулчид Хулан хатны дүр бүхий нэг хад сонирхоод өнгөрдөг юм билээ. “Хулан хатны өргөө” хэмээх цогцолбор байгуулбал илүү удаан хугацаагаар тэнд саатна шүү дээ. Эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нь, мөн “Чингис хааныг дайлдаг байсан сархад нь энэ” хэмээгээд монгол нэрмэлээ амсуулчихвал жуулчид сонирхох нь дамжиггүй.

-Жуулчдыг хэдхэн цаг байлгах биш, хонуулж өнжүүлээд явуулмаар байдаг. Гэхдээ тэр хавьд жуулчин хүлээж авах олигтой зоогийн газар, зочид буудал байхгүй, яах вэ?

-Ер нь жуулчид гэдэг энд тэндхийн янз бүрийн зочид буудлыг гүйцээсэн улс байдаг шүү дээ. Манай солонгосчуудад лав чамин тансаг зочид буудлаас илүүтэй монгол гэрт үдэлж, монголчуудын эгэл жирийн ахуй байдалтай танилцах нь сонирхолтой санагдана. Үүнийг би баталгаатай хэлнэ.

-Тийм л байх. Гэвч манай үйлчилгээний соёл жуулчдыг татахаасаа үргээх нь их байдаг гэмтэй.

-Тэгвэл гадаадын аль нэг компанийг оруулж ирээд маркетинг, менежментээ хийлгэж болно шүү дээ. Танай аймаг тэднээс зохих татваруудаа аваад байхад болно. Тухайн компанийнхан буцаад гарахад та бүхэн туршлагатай, чадварлаг баг хамт олонтой болж үлдэнэ.

Энэ бол Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарын дунд өрнөсөн яриа. Хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг үгийг ёстой л орой руу оруулсан жишээ байгаа биз. Манайханд аль насны “үйлийн үр”-ээр хураасан юм гэмээр олон шалтаг, зовлон хамгийн түрүүнд харагдаад байдаг. Гаднын хүнд болохоор ямар шидтэн, бурхны сахиус хэлж өгөөд байна гэмээр олон гарц, боломж ар араасаа ундраад байдаг. Нэг салбарын хөгжлийн, нэг газар нутгийн тухай ярьж байгаа атал харах өнцөг, хандах хандлага нь тэнгэр, газар шиг ялгаатай байх.

Элчин сайд Жон Жэ Нам саяхан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ манай аялал жуулчлалын салбарт юу дутагдаад байгааг соргогоор анзаарснаа хуваалцсан юм. Манай улсад томилогдож ирээд хэдхэн сар болж буй Элчин сайд богино хугацаанд 10 гаруй аймагт очиж үзсэн бөгөөд Дорнод, Дорноговь, Ховд, Сэлэнгэ гэсэн хил орчмын бүсийн аймгуудын аялал жуулчлалын нөөц боломжийн тухай сонирхолтой яриа өрнүүлэв. Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, хамгийн гол нь Монголын хилийн хоёр том боомтын нэг нь оршдог газар зүйн байршлын том давуу талаа ашиглаад аялал жуучлалыг хэрхэн хөгжүүлэх оновчтой шийдлээ тогтоогоогүй, жуулчдын дамжин өнгөрөх бааз төдийхөн байсаар ирсэн нь Сэлэнгэ аймгийнхны өөрсдийнх нь сэтгэл, зүтгэл дутсанаас үүдэлтэйг гаднын хүн ганц очоод л “оношилчихож”.

Манай улс өмнөд, хойд хөрштэйгөө 13 аймгийн 69 сумын нутгаар хиллэдэг. Гэвч эдгээр суурин нь хил орчмын бүсэд байдаг гэхэд хөгжлөөр дэндүү сул, хүн амьдрахад таатай нийгэм, эдийн засгийн орчин бүрдээгүй учраас хүн ард нь дайжаад, эзгүйрэхэд хүрсэн гэхэд болно. Үүнийг шийдэх эдийн засгийн зохистой алхам нь хил орчмын бүсэд аялал жуулчлал хөгжүүлж, гадаадынхан нүүдэлчин ахуйтай танилцах боломж, нөхцөл бүрдүүлэх явдал гэж МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, судлаач Ө.Амгалан онцолсон. “Өмнөд хөршөөс санаачилсан “Нэг бүс-нэг зам”, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хэрэгжүүлж буй Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцыг нэмэгдүүлэх зорилготой “Их түмэн голын санаачилга” төслийг хүмүүс сүүлийн үед сайн, муугаар их ярьж байна. Эдийн засгийн томоохон интеграц, хамтын ажиллагааг гадаадынхан бидэнд санал болгож буйн илрэл энэ. Зүүн хойд Азийн аялал жуулчлал Азийн зах зээлд эдийн засгийн өсөлтөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй. Гэтэл бид тэр бүхнийг бодолцохгүй, аюулгүй байдлаа хамгаалж байна гээд дэлхий нийтийн хөгжлийн хандлага, томоохон боломжуудаас татгалзаж, тусгаарлагдаж болохгүй. Эдийн засгийн томоохон интеграцуудад нэгдэх хамгийн зөв арга замыг олох нь чухал. Тухайлбал, Замын-Үүд, Алтанбулаг чиглэлд байгаа эдийн засгийн том коридорт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Яг энэ чиглэлийг хамруулсан “Цайны зам”, “Торгоны зам” зэрэг томоохон төсөл, хөтөлбөр ч байна” хэмээн тэрбээр ярилаа.

Бидэнд ямар нөөц, боломж байгаа билээ гэдгээ эрхбиш монголчууд мэднэ. Гагцхүү түүнийгээ ямар байдлаар жуулчдад хэрхэн сурталчлан таниулж, мөнгө болгох арга, эвээ олдоггүйд асуудлын гол гогцоо байх шиг. “Манайх шиг цэлмэг хөх тэнгэртэй, үзэсгэлэнт байгальтай улс олон бий. Аялал жуулчлал гэхээр зөвхөн онгон байгаль гэж ярих бус, тодорхой зорилтот бүлэг рүү чиглэсэн, тусгай сонирхлын гэх мэтээр төрөлжүүлэн хөгжүүлэх ёстой” гэдэг өнцөг уг нь зөв л дөө. Гэвч ярихаас хэтрэхгүй байгаа учраас Дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхан ч Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцыг нэмэгдүүлэх зорилготой “Их түмэн голын санаачилга” төсөлд Монгол Улс ихээхэн чухал үүрэг, оролцоотой байх ёстой атал санаатай, санамсаргүйгээр хамгийн хойно сугарч үлдээд байгааг үнэндээ гайхдаг юм билээ.

“Торгоны зам”, “Цайны зам”-ын төслүүд ч ялгаагүй. Өдгөө харин “Их түмэн голын санаачилга”-ын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатарыг холбосон аялал жуулчлалын чиглэл гаргах асуудлыг холбогдох байгууллагууд судалж эхэлсэн нь нэг чухал алхам гэж үзэж буй. Хил орчмын бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх зөв орц, гарцыг олж нээж чадвал хөрөнгө оруулалт татахад тийм ч төвөгтэй биш гэх. Том зургаа гаргаад, дорвитой хөрөнгө оруулалт татаж, шаардлагатай бүтээн байгуулалтуудыг хийж, аялал жуулчлалыг хөгжүүлбэл хилийн аюулгүй байдлыг эдийн засгийн хүчээр хамгаалах тогтолцоо руу алхам алхмаар ойртдог байна.

Дорноговийн Алтанбулагийн боомтоор худалдаа наймааныхан хуйгаараа цувдаг шиг дэлхийн энергийн томоохон голомтод тооцогддог Хамарын хийдэд түшиглэсэн аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргаад сурталчилбал сүсэгтэн олны хөл тасрахгүйг Элчин сайд Жон Жэ Нам хэлсэн. “Солонгосын 50 сая гаруй хүний талаас илүү нь бурхны шашинтай. Тэд Энэтхэг явж эргэл мөргөл хийдэг. Хэрэв Дорноговийнхон Хамарын хийдийнхээ үүх түүх, ач холбогдол болоод ноён хутагт Данзанравжаагийн намтар бүтээл, эрдэм чадлын тухай жуулчдад сайтар таниулж ойлгуулбал бурхны шашинтнууд зорин ирнэ гэдгийг удирдлагад нь дуулгасан” хэмээн тэрбээр өгүүлэв.

Солонгосын нэг жуулчин гадаадад аялахдаа багадаа 1200 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин “Хьюндэй” компани гадаадад экспортолсон нэг машин тутмаасаа олох цэвэр ашиг нь 1000 ам.доллар байдаг гэнэ. Тиймээс монголчууд 100, 200 мянган солонгос жуулчин авчирч чадвал 100, 200 машин экспортолсон “Хьюндэй” компаниас илүү орлого олох боломжтойг Элчин сайд нөхөрсгөөр зөвлөсөн юм.

Түүнчлэн Ховд аймагт намар очихдоо Алтайн уулсыг хараад, солонгос жуулчдыг тийш соронздон татах нэг чухал санаа төрснөө ч бидэнтэй хуваалцлаа. Өмнөд солонгосчуудын тавны нэг нь Ким овогтой бөгөөд тэд эрт цагт Алтайн уулсаас уруудаж, Солонгосын хойгт суурьшсан гэдэг түүхэн баримт Хятадын сурвалжид байдгийг Элчин сайдын амнаас сонсов. “Солонгосчууд өвөг дээдэс, ураг төрөлдөө гүн хүндэтгэлтэй ханддаг учраас “Танай өвөг дээдэс эрт цагт энэхүү Алтайн уулсын орчимд аж төрж байсан” гээд сурталчилбал Ким овогтууд хошуураад л ирнэ” хэмээн Ховдынхонд бэлэн “шипи” хүртэл өгсөн гэнэ лээ.

2017 оны дүнгээр долоон сая солонгос жуулчин Европын холбооны орныг зорьсон бол таван сая хүн Хятад руу, гурван сая нь Вьетнам руу аялсан байна. Харин Монголд ердөө 68 мянган хүн ирсэн. Энэ нь нэг талаас урин дулаан цагт нислэгийн тийз “хаданд гардаг”-тай холбоотой бол нөгөө талаас монголчууд хангүг үндэстэнд ямар брэндээ үзүүлбэл сэтгэлийг нь татах вэ гэдэг тусгай хөтөлбөргүй байгаа нь гол нөлөө үзүүлдэг гэнэ. Манайхыг бодоход үзэх харах юм харьцангуй багатай Вьетнам руу гурван сая солонгос жуулчин яваад байхад тэднээс ядаж 10-20 хувийг нь Монгол руу татах аялал жуулчлалын тусгай хөтөлбөр хэрэгтэй гэдэг ортой. Яагаад өдгөө дэлхийн олон улс орон Хятад, Солонгосын жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр, бүр бодлого гаргаад байгаагийн цаана асар их мөнгө эргэлдэж буй нь нууц биш. Жишээ нь, солонгосчууд зээрийг бодитоор харахын тулд хаа байсан Африкийг зорьдог аж. Гэтэл тэндээс ердөө гурван цаг нисээд ирэх Монголд, Дорнодын уудам талд цагаан зээр хаа сайгүй цахилж явдаг шүү дээ. Тэгэхээр хэнд, юугаа үзүүлж, мөнгө олох вэ гэдэг нарийн тооцоотой, мэдрэмжтэй, уян хатан бодлого манай аялал жуулчлалын салбарынханд тулгамдаад байх шиг. Хот, хөдөө хаана ч ялгаагүй.

Булган аймгийнхан гэхэд л “Манай нутагт аялал жуулчлал дорвитой хөгжихгүй байна. Хөвсгөлийг зорьдог жуулчид манайхаар дайраад л өнгөрдөг. Дамжин өнгөрөөд байгаа тэдгээр жуулчныг яаж татах вэ” гээд өнгөрсөн жил сүрхий том зөвлөгөөн зохион байгуулсан. Гэвч Монгол даяар гайхуулаад байдаг өнөө олон анхдагчаа алдаршуулсан орд өргөө, музей ядаж байгууллаа гэж одоогоор лав дуулдаагүй. Аялал жуулчлал хөгжүүлэх нь энэ мэт энгийн хэрнээ уран нүүдлээс эхэлдгийг Өмнөд Солонгосын Элчин сайд өгүүлснийг эцэст нь сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)