Жузеппе Конте Сайд нарын танхим дахин бүрдүүлэх нь

Италийн зүүний төвч үзэлтнүүдийн Ардчилсан нам болон популист “Таван одны хөдөлгөөн” намын удирдагчид эвслийн Засгийн газар эмхлэн байгуулах тохиролцоонд хүрчээ. Шинэ эвсэл байгуулах болсноо Ерөнхийлөгч Сержио Маттареллад мэдэгдсэний дараа Ардчилсан намын нарийн бичгийн дарга Никола Зингаретти ийн мэдэгдсэн байна. “Хэрэв дээрх хоёр нам зөвшилцөлд хүрч чадаагүй бол Ерөнхийлөгч түр Засгийн газар байгуулж, хугацаанаас өмнө сонгууль явуулахад хүрэх байлаа” гэж тэрбээр хэлжээ.

Жузеппе Контег Ерөнхий сайдын албан тушаалд хэвээр үлдээхээр тус хоёр нам тохиролцжээ. Харилцан биенээ эсэргүүцдэг намууд өнгөрсөн долоо хоногт эвслийн өмнөх Засгийн газрыг унагаснаасаа хойш хэдэн өдөр хэлэлцээ хийсэн нь ийм үр дүнд хүрсэн аж. Төлөвлөсөн ёсоор шинэ Засгийн газар улс орноо 2023 оны сонгууль хүртэл удирдах гэнэ. Ж.Контег Ерөнхий сайдаар үлдээхийг Ардчилсан нам зөвшөөрсөнд сэтгэл хангалуун буйгаа “Таван одны хөдөлгөөн” намын удирдагч Луижи ди Майо илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад итгэл үл үзүүлэх саналаа Шадар сайд байсан, “Лига” намын удирдагч Маттео Сальвини парламентад тавьсны дараа Жузеппе Конте огцорсон юм. Үүний хариуд М.Сальвинийг хариуцлагагүй алхам хийлээ гэж Ж.Конте мэдэгдсэн. “Лига” болон “Таван одны хөдөлгөөн” эвсэл засгийн эрхэд 14 сар болсон аж.

Шинэ эвсэл байгуулж чадвал хугацаанаас өмнө сонгууль явуулж, парламентад үнэмлэхүй олонх болж, улмаар Ерөнхий сайд болох гэсэн М.Сальвинигийн төлөвлөгөө бүтэлгүйтэх юм. Олон нийтийн дунд явуулсан судалгаанаас үзвэл цагаачлалыг эсэргүүцдэг “Лига” нам “Таван одны хөдөлгөөн”-өөс үлэмж саналаар илүү байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард болсон, Европын парламентын сонгуульд М.Сальвинигийн нам Италийн бусад хүчнийг ардаа орхиж, 34 хувийн санал авчээ. “Таван одны хөдөлгөөн” ердөө 17 хувийн санал авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)