Ж.Сауле: Буурцаг, цагаан будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлнэ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын 4 дүгээр сарын ээлжит бизнес уулзалтад оролцлоо.

АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер: “ХХААХҮЯ мал аж ахуйн үйлдвэрлэлээ төрөлжүүлж, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээж, нэмүү өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлд бодит ажлууд хэрэгжүүлж буйг бид ихээхэн үнэлж байна. Уул уурхайн бус салбаруудаас ажлын байр нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр импортыг орлуулах зэрэг эдийн засгийн асар их ач холбогдол бүхий хөгжлийн асуудалд хөдөө аж ахуйн салбар томоохон үүрэг гүйцэтгэдэг. Цаашид АмЧам Монгол дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, найдвартай бас хүчирхэг салбарыг бүрдүүлэхэд ХХААХҮЯ болон энэ салбарт ажилладаг гишүүдтэйгээ нягт уялдаатай хамтран ажиллах болно” гэдгээ хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр нь ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлж, жилд 14 орчим их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй томоохон салбар. ХХААХҮЯ-ны зүгээс хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангахыг зорьж байна. Цаашид зарим нэр төрлийн буурцаг, жимс, цагаан будаа зэрэг дотооддоо үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлнэ.

Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэрлэлт 21:100”,”Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо”, “Ноолуур” гэсэн үндэсний хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн салбарын эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор мах, сүү, төмс, хүнсний ногоо гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс нэр бүхий есөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газраас бизнес эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

2018-2021 онд хэрэгжих “Ноолуур хөтөлбөр” үндэсний хөтөлбөр нь ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр 2021 он гэхэд 5409,7 тонн угаасан ноолуур, 571,4 тонн самнасан ноолуур экспортод гаргаж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байгаагаа энэ үеэр дэд сайд Ж.Сауле мэдэгдлээ.

Одоогийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нийт 800 тэрбум төгрөгийн санхүүжилт авахыг хүссэн 1000 гаруй төсөл ирсэн. Эдгээр төслөөс Засгийн газраас тус салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй уялдсан, улс орны эдийн засагт тодорхой өөрчлөлт гарах, зээлээ зориулалтын дагуу ашиглаж, эргэн төлөх чадвартай байх зэрэг шалгуураар ирүүлсэн төслүүдийг судалж байна гэж тус сангийн дэд захирал А.Амаржаргал хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)