“Жонон” хамтлаг, балетчин Ц.Цолмонбуд нар хамтран тоглоно

Сүүлийн 10 гаруй жил БНСУ-ын нэр хүндтэй компаниудад мэргэжлийн балетчин, тэр дундаа шилдэг гоцлоочоор ажиллаж буй Ц.Цолмонбуд хүний нутагт нэр хүндтэй яваагийн зэрэгцээ Монголын сонгодог бүжгийн сургалтын дэг жаягийг түгээж, уран бүтээлчид бэлтгэж байгаа. Яагаад монгол балетын дэг сургалт гэснээ тодруулахад тэрбээр Монголын ХБК-ийн сонгодог бүжгийн ангид сурч, төгссөн “бүтээгдэхүүн” юм. 

Тиймээс түүнийг ийнхүү тодотгож, тодорхойлсон билээ. Тэрбээр жил гаруйн өмнө тус улсад “Элит балет” компаниа байгуулсан бол энэ удаа Тэгү хотод эл чиглэлээр сургууль нээжээ. Энэ сарын эхээр Италид, дараа нь БНСУ-д болсон олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож, алт, хүрэл медаль, авьяаслаг, жүжиглэлттэй уран бүтээлчийн шагнал хүртсэн Ц.Цолмонбуд Монголын “Жонон” хамтлагийнхантай хамтран нэгэн тоглолт зохион байгуулах юм. 

Түүнтэй цахим шуудангаар холбогдон, маргааш Тэгү хотод болох уг тоглолтын талаар тодруулахад “Жонон” хамтлагийнхантай олон жил хамтран ажиллаж байна. Тавдугаар сарын 31-ний тоглолт их онцгой. Учир нь, монгол үндэстний соёлын өв болсон морин хуур, ёочин зэрэг хөгжмийн зэмсэгтэй дэлхийн сонгодог “Хунт нуур” балетыг хослуулах юм. “Жонон”-гийнхон маань П.И.Чайковскийн бүтээлийг эгшиглүүлж, “Элит балет” компанийн балетчид бүжих тоглолтоо ганц удаа л толилуулахаараа бас онцлог” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)