Жолоочийн буруугаас хоёр гэрэл дохио эвдрэв

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг, АПУ компанийн баруун хойд талын уулзварт “Hino” маркийн хүнд даацын ачааны автомашинаар чингэлэг тээвэрлэж явсан жолооч М өчигдөр осол гаргаж, гэрэл дохионы хоёр шон унагажээ. Тэрбээр ачсан чингэлгээ троллейбусны шугамд тээглэснийг мэдээгүйгээс энэ ослыг гаргасан байв. Ослын улмаас азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй юм. Холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ослын газарт ажиллаж, троллейбусны шугам, гэрэл дохиог засаж байсан юм.

Бид осол гаргасан жолоочоос болсон явдлын талаар тодруулахад “Би АПУ компанийн ачааг зөөдөг учир энэ замаар өдөрт тогтмол хоёр удаа зорчдог. Өчигдөр (уржигдар) ачаа буулгачихаад явахад зүгээр байсан. Харин өнөөдөр (өчигдөр) гэрэл дохио асаад хөдлөхөд ард чимээ гарч, жолооч нар дуут дохиогоо дуугаргахад нь зогсоод харахад ийм зүйл болсон байсан. Миний бодлоор бороо, салхинд троллейбусны шугам суларсан бололтой” гэсэн юм.

Жолооч нарын буруутай үйлдлээс болж гэрэл дохио, хайс, хашлага мөргөж гэмтээсэн тохиолдолд хариуцлага тооцож, хохирол барагдуулдаг, эсэхийг холбогдох албаныхнаас тодруулахад “Нийтийн эзэмшлийн зам талбайд гэмтэл учруулсан хүмүүсийн олонх нь хохирлоо барагдуулдаггүй. Уг нь ТЦА-ныхан шалгаж, торгууль төлбөр ногдуулдаг ч осол гаргасан этгээд хохирлоо барагдуултал 2-3 сар сунжирдаг. Гэтэл түүнийг засаж янзлахгүй бол хүн унах, иргэд гарцгүй газраар гарч байгаад машинд дайруулах зэрэг эрсдэл гардаг. Тиймээс Улаанбаатарын зам засвар, ашиглалтын газрын нөөц хөрөнгөнөөс зардлыг нь гаргаж, заримыг нь засдаг” гэлээ.

Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)