Жозеф Байден албан ёсны нэр дэвшигч боллоо

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден арваннэгдүгээр сард болох Төрийн тэргүүний сонгуульд Ардчилсан намын албан ёсны нэр дэвшигч болсноо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдээд, “Улс орныхоо төлөө тэмцэл эхэлж байна” гэж бичжээ. Шинжээчдийн үзэж буйгаар түүний кампанит ажлын гол сэдэв нь шинэ төрлийн коронавирустэй хийх тэмцэл, ажилгүйдлийн асуудал, тэрчлэн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олныг хамарсан жагсаал, цуглаан байх аж.

Сунгааны явцад Ж.Байден намын төлөөлөн сонгогчдоос дэмжсэн 1990 гаруй санал авснаар албан ёсны нэр дэвшигч болжээ. Тэрбээр Төрийн тэргүүн Барак Обамагийн засаг захиргаанд Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Сунгааны үеэр Айова, Нью-Хемпшир муж улсад ялагдсан ч Өмнөд Каролинад томоохон ялалт байгуулснаар кампанит ажил нь эрчээ авч, өрсөлдөгч нь “тайзнаас” буух болсон юм. “Ардчилсан намын хамгийн авьяаслаг нэр дэвшигчидтэй өрсөлдсөнөөр, сонгуулийн өмнө бидний эгнээнд эв нэгдэл ноёрхсоноор би бахархаж байна” гэж Ж.Байден мэдэгджээ. Өдгөө 77 настай тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлж байгаа нь энэ юм. Найман муж улс, гурван бүс нутагт Ардчилсан намын сунгааны санал хураалт хараахан болоогүй байна. “Одоо Америкийн түүхэнд хүнд мөч тохиож байна. Дональд Трампын хилэнт, хагарал үүсгэсэн бодлого манайд тус болохгүй. Улс орноо нэгтгэж чадах удирдагч хэрэгтэй байна” хэмээн Ж.Байден хэлжээ. Ерөнхийлөгч асан Барак Обама хуучин орлогчоо Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшихийг дэмжээд, “Өдгөө улсаа удирдах хүнд байвал зохих бүх чанар Байденд бий” гэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)