“Жи-Тайм”-ын хохирогчдод худал мэдээлэл өгч байна

“Жи-Тайм” хэмээх сүлжээгээр Монгол Улсын иргэдийг залилж байсан Казахстаны иргэн Марат Маженов тэргүүтэй хүнийг МБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрч байна. Тус хэлтсийнхэн дүүрэг, орон нутгийн цагдаагийн газар хэлтсээс мөрдөн байцаагч нарыг нэмж татан, хохирогчдоос тайлбар мэдүүлэг авч буй бөгөөд хэчнээн хүн хэдэн төгрөгөөрөө хохироод байгаа талаар нэгтгэсэн дүн, тооцоо гаргах боломжгүй байгаа аж.

Учир нь “Жи-Тайм”-ынхан, тэдний сүлжээнд хамгийн түрүүнд элсэж, олон хүн дагуулсан иргэний хариуцагч нар хохирогчдыг төөрөгдүүлж, “Цагдаагийнхан хуулийн хүрээнд ажиллаж буй эсэхийг л шалгаж байгаа. Үйл ажиллагаа маань хэвийн, хүн нэмэгдэж мөнгөө өсгөн аваад гарч байгаа. Цагдаагийнхан бидний үйл ажиллагааг түр зогсоосон ч бид төрийн бус байгууллага байгуулан сэргээхээр болж байгаа. Тиймээс нэмж элсэж болно. Хэрэв итгэхгүй бол компанид гомдлоо гаргасан даруйд мөнгийг нь олгоно. Цагдаад өргөдөл гаргах шаардлагагүй” хэмээн иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл өгч буй аж.

МБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4 дэх хэсэгт заасан “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олж, хориглосон үйл ажиллагаа явуулан иргэдийг элсүүлж, онц их хэмжээний мөнгийг нь залилан авсан хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Марат, Оюунчимэг тэргүүтэй толгойлж байсан олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас “Жи-Тайм” компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Тиймээс түрүүлж элссэн хүмүүсийн худал үгэнд итгэлгүй, цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоо яаралтай гаргаж шалгуулна уу. Тэдний яриад байгаа төрийн бус байгууллагынхан сэжигтэн, яллагдагч, иргэний хариуцагчдыг төлөөлөх эрхгүй шүү гэдгийг анхааруулъя” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)