“Жи-Тайм” сүлжээг нэвтрүүлсэн казах эр Туркээр дамжин зугтах гэж байв

Казахстаны ядуурлыг бууруулах төсөл нэрээр монголчуудыг луйвардаж байсан “Жи-Тайм” сүлжээний Монгол дахь салбарын захирал гэгч Ж.Маратыг өөр хэдэн хүний хамт “Чингис хаан” нисэх буудал дээрээс хууль сахиулах байгууллагынхан энэ сарын 11-нд баривчилжээ. Тэрбээр Улаанбаатар-Бишкек-Истанбул чиглэлийн онгоцоор Турк рүү нисэхээр Буянт-Ухаагийн хилийн шалган нэвтрүүлэх боомтод очоод саатуулагдсан аж.

Цагдаа, прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэгт шалгаж буй иргэдийг хилээр гарахыг нь хориглож, нэрсийг нь бүх боомтуудад хүргүүлдэг. Ж.Марат гэгч залилангийн хэрэгт сэжиглэгдсэн казах эрийн нэрийг ч мөн хүргүүлээд байсны дагуу хилчид саатуулан Мөрдөн байцаах газар (МБГ)-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнд хүлээлгэн өгчээ.

“Жи-Тайм” гэгч сүлжээгээр дээрх Ж.Марат гэгч зургаан тэрбум гаруй төгрөг луйвардан, дансандаа хуримтлуулсан бөгөөд Казахстан улс руу эхнэр рүүгээ шилжүүлсэн байсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлсэн юм.

МБГ-ын үүдээр сүүлийн хэдэн өдөр маш олон тооны хүн эргэлдэх болсон бөгөөд тус газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнд “Жи-Тайм” сүлжээнд элсэн мөнгөө алдсан тухай өргөдлөө гаргаж, шат шатныхаа багийн ахлагчаа ч иргэний хариуцагчаар татуулах тухайгаа түүндээ дурдаад буй юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)