Жишиг өөрчилсөн эмэгтэйчүүдийн “жим”-тэй танилцаарай

“Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” төслийг “Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо” ТББ санаачлан, MER¬IT төсөл, Канад Улсын Гадаад хэргийн яам дэмжсэнээр уншигч танд ийм нэртэй номыг хүргэхэд бэлэн болжээ. “Улбар паблишинг”, дээрх ТББ хэвлэн гаргасан “Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” номд төслийн багийнхан Монголд орчин цагийн эрдэс баялгийн салбар үүссэн 1922 оноос хойш эдүгээ цагийг хүртэлх түүхийг бүтээлцсэн олон зуун хүнээс эхлэл болгон зөвхөн эмэгтэйчүүдийг түүвэрлэн оруулснаараа онцлог. Ийнхүү 100 орчим жилийн түүхийг судалж, “шүүрдэн” эдгээр 50 эрхмийг онцлохдоо амжилт ололт, ажил үйлс, амьдрал бүтээлийг нь харгалзан үзжээ. Төслийн багийнхан 1000 орчим эмэгтэйн мэдээллийг нягтлан шүүж, дээрх тооны бүсгүйчүүдийг сонгохдоо олонх дүр, гэр бүлээс нь албан ёсоор зөвшөөрөл авсан агаад цөөнгүй эх сурвалжаас мэдээлэл эш татаж, fact-check буюу баримт нягтлах зарчмыг баримталсан аж.

Жишиг өөрчлөх түүх бүтээх урам өгөх уг номд өгүүлээгүй бол бидний хэзээ ч мэдэхгүй өнгөрч мэдэх эгэл жирийн уурхайчин эмэгтэйчүүдийн энгүй түүхийг багтаасан нь авууштай. Ганц жишээ дурдахад, Гавьяат уурхайчин болсныхоо дараа шууд л уурхай руугаа явчихсан Д.Нарантуяагийн араас төслийн багийнхан “нэхэж”, Монголын анхны эмэгтэй Гавьяат уурхайчин болсныг нь дуулгахад л мэдсэн гэнэ лээ. Номоос багахан түүх сөхөхөд, Монголын анхны эмэгтэй уурхайчдын нэг Г.Цэндсүрэн таван кг-ын төмөр хүрзээр суганы булчирхайгаа цочтол өдөржин нүүрс хүрзэддэг байж. Тэр үе буюу 1930-аад онд уурхайчдын хувьд суганы булчирхай нь цочсоноос болж халуурах нь ердийн үзэгдэл байсан нь өнөө бидэнд итгэмээргүй санагдаж мэднэ. Тухайн үед эрэгтэйчүүдийн бригадаас дутахгүй гэж шаргуу ажилладаг байсан эмэгтэйчүүд ахиу нүүрс олборлож байж л санаа нь амардаг, эмэгтэй юм чинь гээд сард нэг өдөр амраадаг болгох гэтэл “Биднийг дутуу үзлээ” хэмээн заргалдаж явж. Хүйтэн өвлөөр уурхайд морь туугч байсан Товуугийн гэх мэтчилэн баатруудын түүх таны сонирхлыг эрхгүй татах болов уу. Ерөөс Монголын анхны уурхайчин эмэгтэйгээс эхлээд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж яваа 50 бүсгүйн түүхтэй бус, эх орныхоо эрдэс баялгийн салбарын алдсан, оносон арвин түүхтэй танилцах боломжийг уг ном танд олгоно. Эрчүүд давамгайлдаг энэ салбарт бүсгүйчүүд ч бас эхнээс нь ажиллан, жишиг өөрчилж иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)