“Жинхэнэ хүн хэрхэн хайрлахыг бусдаар заалгадаггүй”

 Найруулагч М.Батболд “Альфа” театр байгуулж, И.В.Гётегийн “Фауст” жүжгийг пост драм хэлбэрээр энэ сарын 17-20-нд үзэгчдэд хүргэнэ. Хоёр бүлэг, 12 үзэгдэлт “Фауст” жүжгийн чөтгөр буюу Мефистофелийн дүрд жүжигчин Т.Бархүү тоглоно. Дэлхийн олон орны театрт “Фауст” жүжгийг тоглоход эл дүрийг тухайн орны хошин урлагийн мастерууд “амилуулж” байсан түүхтэй. Гүн ухаан, хууль цааз, aнагаах ухааныг судалж, сүүлд нь шашин номд ч нэвтэрсэн Фауст шинжлэх ухааны оргилд хүрмэгц бодит амьдралын хүлээсэнд чулуужиж буйгаа мэдрэн, сониуч сэтгэлийнхээ цангааг тайлах зүйл олж чадахгүй тийчилж байгааг жүжигчин С.Болд-Эрдэнэ “амилуулна”.

Тэдний эл жүжгийн талаарх ижил асуултад хэрхэн хариулсныг сонирхъё. 

 “Фауст” жүжгийн танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн хэсэг нь аль вэ?

Болд-эрдэнэ: Жүжгийн зохиолыг анх уншихад Фауст эм уухад цаг хугацаа зогсож, тэр хооронд хүний амьдралын мөн чанарыг таньж, мэдэж буй хэсэг нь их таалагдсан. Уран төсөөлөл нь гэх юм уу даа.

Бархүү: Фаусттай хамтран тоглох хэсгүүд их сонирхолтой. Тэдгээрийн дундаас Мефистофелийн монолог уг дүрийг хамгийн тод харуулах хэсэг дээ.

Фауст/Мефистофелийн дүрд тантай төстэй чанар бий юү?

Болд-эрдэнэ: Фауст бол эрдмийн оргилд хүрсэн хүн. Гэхдээ хүн учраас мэдээж төстэй чанар бий. 

Бархүү:  Их “амттай” дүр. Би “Хүн яагаад шунаж амьдардаг юм бол” гэж бодож, өөрөөсөө асуудаг юм. Үүний хариултыг “Фауст” жүжгээс, Мефистофелийн дүрээс олсон.

Уг жүжигт тоглуулах санал тавихад ажиллахаар зөвшөөрсөн шалтгаан тань юу вэ?

Болд-эрдэнэ: Дэлхийн сонгодог зохиолын ноён гурван оргилын нэг нь “Фауст”. Тэгэхээр эл жүжигт тоглох нь уран бүтээлч бүрт олдох завшаан биш. Татгалзах аргагүй. Мөн театрын өөр төрлөөр тоглох учраас өөрийгөө сорих боломж гэж олзуурхсан юм.

Бархүү: Найруулагч М.Батболд 2018 онд уг жүжгээ анхлан тавихдаа надад санал тавьсан боловч “Х ТҮЦ” продакшны ажил давхцаад чадаагүй. Дараа нь “Love, love, love” жүжигт урихад ч мөн амжаагүй. Харин энэ удаа санал ирэхэд “Би заавал амжуулах ёстой” гэж бодсон.

Жүжгийн зохиолоос танд хамгийн таалагдсан үгийг хэлж өгөөч.

Болд-эрдэнэ: Фаустын монологт “Аймшигтай нь, хүмүүс хэдийн олуулаа болчихоод нэгнийгээ отож, тойрч байдаг юм. Сүрэг ноход ч тэднээс аюулгүй” гэж үг бий. 

Бархүү:  Мефистофелийн монологт “Там бол хүмүүс та нарт зориулсан таван одтой зочид буудал” гэдэг.

Жүжигчин С.Болд-Эрдэнэ/ Т.Бархүүтэй анх удаа тайзны уран бүтээлд хамтарч буй юм билээ. Гар хэр нийлж байна вэ?

Болд-эрдэнэ: Сургуулилалт ид үргэлжилж байна. Өмнө нь хамт тайзан дээр гараагүй учраас уг уран бүтээлчээс юу гарах нь их сонирхолтой санагдаж байна. Гар сайн нийлж байгаа.

Бархүү: Ардын жүжигчин Г.Мягмар-наран, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ нарын туршлагатай уран бүтээлчтэй хамтрах сайхан байна. Тэдэнд чирэгдчихгүйхэн шиг тоглох нь надад чадвараа сорих боломж олгож байгаа юм. Их завшаантай хэрэг.

“Фауст” зохиолыг та анх хэзээ уншив?

Болд-эрдэнэ: Оюутан байхдаа уншсан. Гэхдээ анх уншаад ойлгоогүй. 

Бархүү:  Яг үнэндээ эл жүжигт тоглох санал ирсний дараа уншсан.

Дэлхийн утга зохиол судлаачдын гаргасан заавал унших 10 зохиолын жагсаалтад “Фауст” багтдаг. Таныхаар энэ зохиолыг яагаад заавал унших ёстой вэ?

Болд-эрдэнэ: Хүний амьдрал, мөн чанарын тухай өгүүлдэг болохоор уншихад буруудахгүй. “Дон Кихот”, “Гамлет”, “Фауст” бол сонгодог зохиолын ноён оргил. Тиймээс урлагийн сургуулийн оюутнууд заавал унших ёстой. 

Бархүү: Гүн ухааны, ойлгоход төвөгтэй гэж бодох хэрэггүй. “Фауст”-ыг уншаад толинд харсан мэт л болно. Мөн чанар, хайр энэрлийн утга учрыг ойлгож, тунгаана. Тиймээс л дэлхийн сонгодгуудын тоонд багтдаг байх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)