Жилд нэг удаа биш, өдөр бүр тэмцье

Монголчууд “хормойн” өвчинд дарлуулж буй нь хатуу боловч үнэн. Жил бүр 15-20 мянган хүн бэлгийн замын халдвар авдаг нь үүнийг батална. Гэвч бид энэ байдалд хэдийн дасчихаж. “ДОХ-той хүн 267-д хүрэв” гэсэн мэдээ сонсоод хэн ч цочирдохоо болив. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиодог. Албаны хүмүүс энэ өдөр хэвлэлийн хурал зарлаж, хэдэн тоо, баримт “чулуудаад” л өнгөрнө. Ийм байдлаар төрийн ажил “явах” зуурт эдгэшгүй өвчтэй хүний тоо нэмэгдсээр л.

“Монгол Улс ДОХ-той хүмүүсийнхээ 35 хувийг л оношилсон” гэж НҮБ-ын ХДХВ/ ДОХ-ын хөтөлбөрийн 2017 оны судалгааны тайланд дурджээ. Энэ аргачлалаар тооцвол, өдгөө манай улсад 800 орчим хүн халдвартай байж болзошгүй гэнэ. Гурван сая гаруйхан хүнтэй манайхны хувьд энэ бол “хар дарсан” үзүүлэлт юм. Олон улсын жишгээр халдвартай нэг хүний ард 100 байдаг гэж үзвэл хэдэн мянгаараа тоологдох нь.

ДОХ-ыг энгийнээр тайлбарлавал, хүний дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээснээс үүддэг аюулт өвчин юм. Тодруулбал, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь бэлгийн зам, эхээс урагт, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладгийг иргэд эрх биш мэдэх биз. Хүний эрхээр “халхлагдсан” энэ муухай өвчний эцсийн шатанд тухайн өвчтөнийг халдвар, хавдрын эсрэг “бамбайгүй” болгосноор үхэлд хүргэдэг байна.

Манай улсад 1992 онд ДОХ-ын анхны тохиолдлыг бүртгэснээс хойш цус, цусан бүтээгдэхүүнээр халдвар дамжаагүй, өвчтэй хүмүүс бэлгийн замаар ХДХВ-ийг “тээвэрлэжээ”. Тэдний 94 орчим хувь нь ретровирусийн эсрэг эмчилгээ (РВЭЭ) хийлгэж байна. Энэ нь вирусийн үржил, хөгжлийг саармагжуулах үүрэгтэй, дэлхий дахинд ашигладаг эмчилгээний арга юм. Тухайн хүний дархлааны онцлогоос хамааран өвчин зургаан сараас 12 жил хүртэл нуугдаж чаддаг. Ямар нэгэн зовиур, шаналгаагүй учир яг энэ мөчид хэн нэгэн халдвараа бусдад тарааж буйг үгүйсгэхгүй.

Эрчүүд бэлгийн гаж хүслээсээ болж ДОХ-д илүү өртсөнийг инфографикаас хараарай. Хачирхалтай нь, халдвартай эрчүүдийн 80 хувь нь хүмүүсийн хэлж заншсанаар бэлгийн цөөнхүүд байна. Монголчуудын тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй, хүлцдэггүй бэлгийн өөр чиг хандлагатай гэгдэх тэдгээр хүн ДОХ-ын халдвар тараахад чамгүй үүрэг гүйцэтгэжээ. Хэрэв шалтгаангүй биеийн жин буурах, байнга ядрах, шөнө хөлрөх, хүзүү, суга, цавины булчирхай томрох, амьсгаадан, хуурай ханиаж байвал цаг алдалгүй эмнэлэгт хандаж, цус, шээс, шүлсээ шинжлүүлэх шаардлагатай аж. Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж, ДОХ-ын шатанд хүргэсэн бол өвчтөн 1-2 жил л амьдардаг юм байна.

Манай улс ХДХВ/ДОХ-ын тархалтыг 2020 он гэхэд хяналтдаа авч, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын жагсаалтаас хасах “90-90-90” зорилт тавин ажиллаж байна. Энэ нь дээрх хугацаанд халдвартай хүмүүсийн 90 хувийг оношлох, өвчтөнүүдийн 90 хувийг РВЭЭ-нд хамруулах, 90 хувьд нь ХДХВ-ийн ачааллыг дарангуйлна гэсэн утгатай аж. ДОХ-ын халдварыг илрүүлэх ажилд улс онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлсэн. Өнгөрсөн хугацаанд бид бэлгийн замын өвчтэй хүмүүсийнхээ тал хувийг гадаадынхны мөнгөөр “асарч тойлж” ирсэн. “Глобал” санд бид талархах ёстой. Гэвч хэдий болтол харийнхны тусламжид найдаж, өвчтэй хүмүүсээ хайхрахгүй орхих вэ.

“Глобал” сангийнхан өнгөрсөн хугацаанд манай улсад ХДХВ/ДОХ-ын эсрэг эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх ажилд 21.5 сая ам.доллар зарцуулжээ. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрсэн. Гадаад, дотоод, төр, хувийнх гэлтгүй бүгд л эрвийх, дэрвийхээрээ хичээх цаг иржээ. Нөгөө талаар бүх хариуцлагыг эмнэлгийн байгууллага, эрх мэдэлтнүүдэд үүрүүлэх нь утгагүй. Иргэд ч сайн дураараа ДОХ-ын шинжилгээнд хамрагдсанаар гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ халдвар авахаас хамгаалж буй нэгэн хэлбэр гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Жилд нэг удаа биш, өдөр бүр ХДХВ/ДОХ-той тэмцье.

Гэрлэх, гадаад явах гэж л шинжилгээ өгдөг

Хуучнаар “Улаан тууз” эмнэлэг одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа, “ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба” нэртэй болжээ. Тус эмнэлэг ХӨСҮТ-ийн цогцолборын баруун хойд барилгын нэг давхарт байрлаж буй. Хасах хэмтэй болов уу гэмээр хүйтэн хонгил, жавар хургаж буй 10 гаруй өрөөний хооронд дээрх өвчинтэй “төрийн нэрийн өмнөөс тэмцэгчид” эмчийн цагаан халаат дээрээ зузаан цамц, хантааз давхарлан өмсөөд, богино түрийтэй гуталтай алхацгаахыг харахад нэг л тухгүй. Тус эмнэлэгт ДОХ, ХДХВ-ээр халдварлагсад болон бэлгийн замаар дамжин тархдаг бусад өвчнийг эмнэж илааршуулахаар 30 гаруй эмч, ажилтан ажилладаг байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 21 аймаг, есөн дүүрэгт салбартай төрийн өмчийн ганц эмнэлэг нь эднийх. Өрхийн эмнэлгүүд болон шүд, дотор, мэдрэлийн өвчтөнүүдэд үйлчилдэг тасагтай харьцуулахад хүн цөөн, ачаалал багатай харагдав. Шинжилгээ авдаг өрөөний үүдэнд суух хосууд, нааш цааш холхих 6-7 залууг эс тооцвол эл хуль. Бэлгийн замын өвчлөл иргэдийн дунд алга болчихов уу, бид эмчид үзүүлэхээ байчихав уу гэлтэй. Үйлчлүүлэгч цөөтэй, эсэх талаар нь бүртгэлийн ажилтнаас тодруулахад “Өглөө эрт ирж цаг авснаар эмчид үзүүлдэг учир одоо (үдийн 11.30 цаг) хүн цөөрсөн. Дүүргүүдэд салбартай тул ачаалал багассан байх талтай. Мөн орон нутгаас арвангуравдугаар маягттай хүн цөөнгүй ирж үйлчлүүлдэг” гэлээ.

Хонгилын хананд ХДХВ болон ДОХ, бэлгийн замаар дамжин тархах өвчнүүдээс хэрхэн сэргийлэх, сэжигтэй тохиолдолд эмчид яаралтай хандах, өвдсөн үед шат дараатай, бүрэн эмчлүүлэх зөвлөгөө бүхий зурагт самбар олон байна. Тохиолдлын бэлгийн харьцааг тэвчих, хамгаалалт хэрэглэх, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхгүй байх зэрэг үгийг томоор бичжээ. Зарим дүрс, үг, анхааруулах тэмдгийг бэлгэвчээр дүрсэлсэн харагдав. Монголд болон дэлхий дахинд даган мөрдөж буй хүний эрхийн тунхаглалуудаас ч бичсэн нь байна. Тэдгээрийн дунд “Бид өвчин туссанаас биш, гэмт хэрэг хийгээгүй, бидний амь насыг ДОХ бус хүмүүс хороож байна, хэзээ ялгаварлан гадуурхахаас ангид байна, хэзээ дарамт, хүчирхийлэлгүй нийгэмд амьдарч чадна, тэр цагт би өөрийгөө болон бусдыг ХДХВ-ийн халдвараас хамгаалах эрх чөлөөтэй болно” гэсэн нь нүдэнд содон туслаа.

Бид ДОХ, ХДХВ-ээр өвчлөгсдийн байдал, тархалт болон тулгамдсан асуудал, тус албаны зүгээс хэрэгжүүлж буй ажлын талаар тодруулсан юм. ХӨСҮТ-ийн тархвар судлаач, их эмч Д.Байгалмаа “Одоогоор манай хяналтад байж эмчлүүлдэг ХДХВ, ДОХ-той 267 хүн бий. Эдгээрийн цаана 650 орчим халдвар тээгч байх магадлалтай. Сүүлийн 2-3 жилд өвчтөний тоо 40 хувиар нэмэгдсэн. Тэдний 81 хувь нь эрэгтэй бөгөөд түүнээс 80 орчим хувь нь бидний нэрлэж заншсанаар бэлгийн цөөнх. Мөн тэмбүү болон бусад БЗХӨ жил бүр өссөөр байгаа нь тулгамдсан асуудал” гэсэн юм.

Өвчлөл нэмэгдэх шалтгаан нь нийгмийн ороо бусгаа байдал, архидалт, мансуурал, иргэдийн бэлгийн замбараагүй амьдралтай холбоотой гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэг байна. Харин нэгэнт ДОХ, ХДХВ-ээр өвчилсөн хүмүүст манай улс шаардлагатай эмчилгээ хийдэг, 1996 онд “хэцүү нэртээр” өвдсөн хүн хэвийн амьдарч буй. Зарим орноос ялгаатай нь тэднийг бараг үнэ төлбөргүй эмчилдэг гэдгийг тус эмнэлгийнхэн онцлов. Харин иргэд хэрхэн сайн дураар үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаардаг талаар тэрбээр “Иргэд цэрэгт болон гадаад улс руу явах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг зайлшгүй шаардлагаар ДОХ-ын шинжилгээ өгч, сайн дурын үзлэгт хамрагддаг. Эвсэл өвчнийг хүндэрсэн хойно нь ханддаг. Нэг үгээр хэлбэл, эрүүл мэнддээ анхаарах, хариуцлагатай байх, гэр бүл болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байна. Магадгүй “Улаан тууз”-ын (хуучин нэрээр) үүдээр “эргэлдвэл” БЗХӨ, ДОХ туссан гэж бодох вий, хүн харчих болов уу гэсэн санаа зовнил, айдсаас үүдэлтэй болов уу. Энэ ойлголт хуучирсан гэдгийг хэлье. Тиймээс ч энэ жил дэлхий нийтээр ДОХ, ХДХВ-ийн тархалттай тэмцэх өдрийн уриа нь “Шинжилгээнд хамрагдъя” юм шүү” гэлээ. Тангараг өргөсөн эмч нар хэнийг ч буруутгахгүй, ямар ч өвчтөнийг эмчлэх, насыг нь уртасгах, эрүүл дадалд сургах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хичээдэг нь илт.

Харин өдрөөс өдөрт хар бараан тал, гаж буруу зуршил, замбараагүй амьдрал руу халтирч яваа монголчууд ДОХ, ХДХВ болон бусад БЗХӨ-өөр өвчлөхгүй байх, түүнээс холуур амьдрах, эрүүл мэндийн боловсролдоо анхаарах талаар ойлголт муу байх шиг.

Бэлтгэсэн: С.Цэрэндулам

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

А.ӨНӨРЖАРГАЛ:

Тусламж, үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг нэмэх шаардлагатай

ЭМЯ-ны ДОХ, сүрьеэгийн асуудал хариуцсан  мэргэжилтэн А.Өнөржаргалаас зарим зүйл тодрууллаа.

-ХДХВ/ДОХ-ын тархалт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Ямар давхаргынхан эл өвчинд түлхүү өртөж буйг судлав уу?

-Манай улс 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл ДОХ-ын халдвартай 267 хүнийг бүртгэжээ. Тэдний 42 нь нас барсан. Өвчтөнүүдийн 61 хувийг 25-39 насныхан, халдвар тээгчдийн 83.3 хувь нь ХДХВ-ийн үедээ, 16.7 хувь нь ДОХ-ын эцсийн шатандаа оношлогдсон. Бүгд бэлгийн замаар халдвар авсныг тогтоосон. Монгол Улс ХДХВ/ДОХ-ын тархалт багатай орны тоонд ордог ч сүүлийн таван жилд нийт халдварт өвчний гуравдугаар байрт бэлгийн замынх тогтмол орсоор байна.

-Энэ өвчний тархалтыг бууруулахын тулд төрөөс ямар арга хэмжээ авч байна вэ?

-ХДХВ-ийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг 2012 онд шинэчилж, батлуулсан. Мөн Эрүүл мэндийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр зэрэг хууль, тогтоомжоос гадна тусламж, үйлчилгээг сайжруулах заавар, журам мөрдөж байна. ХӨСҮТ улсын хэмжээнд тусламж үзүүлж, 21 аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэгт Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ), ХДХВ/ ДОХ-ын кабинетууд, сайн дурын зөвлөгөө, шинжилгээний 38 төв ажиллуулж байна. Мөн төрийн бус байгууллагууд зорилтот бүлгийн хүн амд чиглэн, тусламж, үйлчилгээ үзүүлдэг. ХДХВ-ийн халдварыг бууруулах үүднээс урьдчилан сэргийлэх, эрт оношлох, ретровирусийн эсрэг эмчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох, халдвар илэрсэн тохиолдолд даруй эмнэх болсон. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэй явуулдаг. Тодруулбал, өсвөр насныхан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгодог хуучин тогтолцоог 2018-2019 онд сэргээсэн.

-Хүний нөөц хангалттай юу?

-Улсын эмнэлгүүдэд БЗДХ-ын чиглэлээр мэргэшсэн эмч нарын хүрэлцээ 56 хувьтай байна. Тиймээс энэ оноос үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр эмч нарыг богино хугацаанд сургаж эхэлсэн. 2018-2020 онд эмчийн орон тоог 80-85 хувьд хүргэхээр зорьж байна.

-“Глобал” сан болон гадаад, дотоодын сайн дурын  бусад байгууллагынхны ХДХВ/ДОХ-ын асуудлаар авч хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнүүдээс дурдаач?

-ХДХВ/ДОХ-той тэмцэхэд жилд дунджаар тав орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Үүний 56.6 хувийг улсаас, үлдсэнийг нь олон улсын байгууллагуудаас бүрдүүлж байна. ДЭМБ, “Глобал” сан, НҮБ-ын харьяа байгууллагууд, “Дэлхийн зөн”, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын дэмжлэгээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч цаашид гадаадынхны дэмжлэг, санхүүжилт буурах хандлагатай байна. Тиймээс Засгийн газраас ХДХВ/ДОХ-ын тусламж, үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн тусламж, үйлчилгээг нөхөн үржихүйн эрүүл мэндтэй нягт уялдуулах, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, эерэг зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл тасралтгүй хүргэх, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, хариуцлага, хяналт, сахилга, уялдаа холбоог сайжруулах замаар энэ өвчинтэй тэмцэнэ.

Бэлтгэсэн: О.Бат

ДЭЛХИЙН ЖИШИГ

ДОХ-гүй шинэ үе  бий болгохоор зорьж байна

ДОХ бол аль нэг улс, бүр тивийн ч асуудал биш. Бүх улсын хамтын хүчин чармайлт шаардсан, манай гаргийг бүхэлд нь хамарсан тахал. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд уг тахлыг дарах үүргийг дэлхий нийтээрээ хүлээсэн нь сүүлийн 15 жилд энэ чиглэлээр явуулсан ажилд үлэмж амжилт олоход хүргэсэн байна. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр (UNAIDS)-ийн мэдээлснээр одоо манай гарагт ДОХ-той 36.9 сая хүн аж төрж буй. Энэ өвчтэй хүний тоо хамгийн олон бүртгэгдсэн орнууд Африкт, тэр дундаа тус тивийн өмнөд хэсэгт оршдог. Уг тахлын дэгдэлт өндөр учраас тус бүс нутагт вирусийн эмчилгээг хамгийн өргөн хүрээтэй хийж байна. Ингэснээр халдвар авсан хүний наслалт таван жилээр уртасжээ. Тэдгээр улс дотоодынхоо нөөц бололцоогоор уг ажлыг санхүүжүүлдэг. Өнөөдрийн байдлаар ӨАБНУ ДОХ-ын хөтөлбөрт жилд нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулж байна. Мөн Марокко улс зөв бодлого явуулснаар энэ оны эхээр буюу ДОХ-той тэмцсэн 30 жилийнхээ хугацаанд халдвар авсан тохиолдлын тоог 2010 оны үзүүлэлтээс 42 хувиар бууруулж чаджээ.

Гуравдагч ертөнцийн гэгдэх орнууд эл аймшигтай вирустэй тэмцэхэд иргэн бүр улсдаа тусалж болдгийн жишээ энэ аж. Үүний тулд ердөө л ДОХ-ын үнэ төлбөргүй, чанд нууцлалтай, түргэн тестийн үзлэгт хамрагдахад л хангалттай. Дэлхийн ДОХ-ын халдвар тээгч хүмүүсийн 70 хувь нь л өвчтэйгөө мэддэг учир энэ алхам маш чухал гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.  35 жилийн өмнө ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 78 сая хүн халдвар авсны 35 сая нь нас баржээ.

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр 2020 он гэхэд 30 сая хүнийг шаардлагатай эмчилгээнд хамруулахаар ажиллаж байна. Үүний тулд “90-90-90” гэсэн зорилгыг хангахын төлөө ажиллаж байна. Энэ нь ДОХ-той хүмүүсийн 90 хувийг халдвар авснаа, тэдний төдий хувийг эмчилгээ хийлгэж болохоо, хийлгэж байгаагийн мөн тийм хувь нь вирусийнхээ дарангуйллыг бууруулсныг мэддэг болгоход чиглэсэн аж. Тус хөтөлбөр АНУ-ын Ерөнхийлөгчийн “ДОХ-той хүмүүст туслах онцгой төлөвлөгөө байгууллага” болон бусад түнштэйгээ хамтран 2020 он гэхэд хүүхэд ДОХ-ын халдвар авдаггүй болгохоор зорин ажиллаж байна.

Үүний хүрээнд хүүхэд, өсвөр насныхан, залуу эмэгтэйчүүд халдвараас сэргийлэх, эмчлүүлэх, халамж үйлчилгээ болон дэмжлэг туслалцаа авах боломжтой юм. Ингэснээр ДОХ-гүй шинэ үеийг бий болгох эцсийн зорилгодоо хүрэх аж.

Бэлтгэсэн: З.Амгалан

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-ДОХ-оос урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ?

А.МӨНГӨНЦЭЦЭГ (Хан-Уул дүүргийн II хорооны иргэн):

-Жил болгон ДОХ-оос сэргийлэх өдөр гэж ярьдаг ч иймэрхүү мэдээллийг өсвөр насныхан үл тоодог. Хангалттай мэдлэггүйгээсээ болоод өөрсдийгөө эрсдэлд оруулдаг байж болзошгүй. Ялангуяа орон нутгийн залууст энэ төрлийн мэдээлэл авах боломж хомс. Энэ асуудалд улсаас анхаарал хандуулбал бэлгийн замаар халдвар авч байгаа иргэдийн тоо багасахыг үгүйсгэхгүй. Дэлхийн хэмжээнд ДОХ-ын халдвартай 34 сая орчим хүн амьдардгийн 2.5 сая нь 15 хүртэлх насны хүүхэд гэж сонссон.

Х.ТӨГӨЛДӨР (Хан-Уул дүүргийн X хорооны иргэн):

-ДОХ бэлгийн замаар халдварладаг өвчин. Мөн цусаар дамжих нь бий. Зүү тариур, сойз гэх мэт цус хүрч болох бүх зүйлээр халдварлах боломжтой төдийгүй хүний дархлааг устгаж, ямар ч өвчин амархан тусах эрсдэлийг нэмдэг. ДОХ-ын вирус эд зүйлсэд хоёр цаг, эмнэлгийн цэвэр орчинд дөрвөн цаг хүртэл амьдрах чадвартай гэсэн. Манайд ДОХ-ын халдвартай жимс оруулж ирлээ гэж нэг хэсэг шуугьсан. Жимсэнд ДОХ-ын вирус урт хугацаагаар амьдарч чадахгүй л дээ. Мөн бэлгэвчийг давхарлаж хэрэглэвэл илүү сайн хамгаална гэсэн ойлголт залуусын дунд байдаг. Бэлгэвчийг давхарлавал урагдах магадлал л ихсэнэ. Мөн жирэмслэлтийн эсрэг эм, тариа, ерөндөг нь ДОХ-оос хамгаалдаг гэх яриа байдаг. Энэ бас ч худлаа.

У.ПҮРЭВСҮРЭН (МУБИС-ийн IV дамжааны оюутан):

-ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх “Трувада” гэх эм байдаг гэсэн. Энэ эм ХДХВ-ийн халдварын эрсдэлийг бууруулахад тустай төдийгүй хүний биед сөрөг нөлөөгүйг нь баталсан тухай цахим хэвлэлээс уншсан. Уг мэдээлэл үнэн, эсэхийг мэдэхгүй. Манай улсын эмийн сангуудад “Трувада”-г зардаг гэж хүнээс сонссон юм. 2004 онд энэ эмийг нээснээс хойш гадаадын орнуудад ДОХ-ын халдвартай хүмүүсийг эмчлэх зорилгоор хэрэглэж байсан. Тус эмийг өөр бусад эмтэй хослуулан эмчийн заавраар хэрэглэснээр эрүүл хүн халдвар авах эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой гэж ойлгож байгаа.

Д.МӨНГӨНСОР (МҮИС-ийн III дамжааны оюутан):

-Охид, залуус давхраа оёулах, шивээс хийлгэх нь их болсон. Тухайн эмнэлгээр ДОХ-той хүн үйлчлүүлсэн, эсэхийг дараагийн үйлчлүүлэгч мэдэх боломжгүй. Иймд ямар ч эмнэлэг, байгууллагаар үйлчлүүлэхдээ шинэ зүү тариур, ариутгасан багаж хэрэгсэл задалж байгааг хянах хэрэгтэй. Бэлгийн замаар халдварлах тохиолдлоос бэлгэвч хэрэглэж, олон хүнтэй хавьтахгүй байх зэргээр л өөрийгөө хамгаалах байх даа. Домогт “Queen” хамтлагийн Фредди Меркури ДОХ-ын халдвар авч, нас барсан. Өвчин хэнийг ч ялгахгүйг энэ жишээнээс харж болно. Иймд залуус дор бүрнээ ухамсартай байж, өөрсдийгөө хамгаалаасай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)