ЖИЖИГ НАМУУДЫН НЭГДЭЛ УРТ НАСЛАХ УУ

Сонгуулийн “хурим” хийдэг үе хэдийнэ эхэлжээ. Эрх баригч намууд сонгуулийн дараа хамтраад одоо салж байхад гуравдагч хүчнийхэн “хуримлаж” байна. Энэ удаагийн сонгуулиар гуравдагч хүчний намууд гурван хэсэг болж оролцох нь эдүгээ тодорхой болов. Тэдний нэгдэл хэр нягт, хүчтэй байж, хол явах бол. Тандах гээд үзье.

Н.ЭНХБАЯР, М.ЭНХСАЙХАН АХЛАГЧТАЙ БАГ

Нэгэн цагт улс төрийн ерт өнцийн оройд мандаж яваад дараа нь хормойноос нь ч хол “хаягдсан” энэ хоёр эрхмийн тэргүүлдэг МАХН, МҮАН хүчээ нэгтгэн сон гуульд оролцохоо мэдэгдээд буй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан эдгээр эрхэм улс төр хэмээх тайзанд гол дүр гүйцэтгэхээ больсон ч “могойг гурав хуваагч гүрвэлийн чинээ” гэдэг үг бий. Тиймээс тэднийг дэмжигчид олдоно. МАХН-д үнэндээ даргаас нь өөр лидер байхгүй. Гэвч МАН, МАХН-ыг ялгахгүй хэвээр буд лиу сонгогч олон нөхцөлд тэднийг андуурсан саналын эзэн цөөнгүй байх боломжтой. Н.Энхбаярын хувийн нэр хүнд орон нутагт гайгүй байгаа тул тэндээс тэр цөөнгүй санал зулгаах биз. ҮШН нэрээ МҮАН болгогчдын тухайд өмнө нь төр барилцаж, засаглаж явсан хэд хэдэн гишүүнтэй. МАХН, МҮАН л эвссэн бол уг нь тэдний нэр хүнд овоо цэвэр байж болох байв. АН, МАН-д багагүй “шавар” хааж чадах бай лаа. Гэтэл тэгсэнгүй. Овоо өсөж мэдэх байсан нэрээ зарим нэг үйлдлээрээ баллаад хаях нь тэр. БНН-ын Б.Жаргалсайхан тэдэн тэй нэгдэхээр болсон.

МАХН, МҮАН, БНН, МЛН, МОНАРХН хэмээх таван намын дарга ирэх сонгуульд хамтарч ажиллах улс төрийн түншлэлийн Санамж би чигт саяхан гарын үсэг зурсан. Энэ нь эвсэж ажиллахын эхлэл аж. БНН-ын Б.Жаргалсайхан нэг удаа УИХ-ын болоод Засгийн газрын гишүүн байж үзсэн. Сонгууль бүрээр хэн нэгэнтэй нэгдэж, хамтарч, дараа нь салж сарниж явдаг нөхөр. Энэ удаа тэр “эртний анд” Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг сонгосон байна. Өмнө нь тэр ИЗН-тай нэгдэж, төд удалгүй хэрүүл уруултайхан салж байсан паянтай. МЛН байгуулагдсан он сараараа бол хуучных. Гэвч нэг ч удаа УИХ-д суудал авч үзээгүй, сонгууль болохоор л сураг нь сонсогдоод алдардаг нам. Дээрээс нь иргэний хөдөлгөөнүүд ч хамтрах юм билээ. Нэг иймэрхүү эрээвэр, хураавар таван нам, зарим хөдөлгөөн эвсэл байгуулж, улс ард түмнийхээ төлөө зүтгэх гэнэ. “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг тэдний уриа. Мөн үндэсний эрх ашгаа дээдэлж ажиллах аж.

Түншлэлийн Санамж бичигт гарын үсэг зурахдаа Алунгуа хатнаас “шипи” авсан гэж байгаа. Алунгуа хатан таван хөвүүндээ нэг нэг сум өгөхөд хялбархан хугалчихдаг. Харин таван багц сум өгөхөд хэн нь ч хугалж чаддагүй шүү дээ. Эв эеэ хичээхээр эрмэлзэж буй эрээвэр, хураавар намынхан таван багц сум барьж зогсоод зургаа татуулсан байна лээ. Үнэндээ эндээс л тэдний үнэн дүр төрх харагдсан. Н.Энхбаяр алдсан нэр хүнд, байр сууриа ямар ч хамаа гүй үнэхээр буцааж авахаар зүтгэж байгаа учраас л гудамжинд жагсагчид, сураг чи мээгүй МЛН, МОНАРХН, бүр Б.Жаргалсайхантай хүртэл эвсэхэд хүрсэн нь энэ. Багц суман дээр гараа тавьж инээмсэглэж байгаад зургаа татуулсан тэдний энэ эвсэл хэр урт наслах нь эхнээсээ л эргэлзээ дагуулж буй юм. Аргагүйн эрхэнд нэгдсэн таван нам үлдсэн богино хугацаанд эв эеэ хичээж, ард түмнээ бодож ажиллах уу. Шуудайд хийсэн үхрийн эврийг л санагдуулаад буй юм. Ингээд гуравдагч хүний таван нам нэгдэж, Н.Энхбаяраар ахлуулсан “алиалагчдын баг” болчихож. Хэзээ ч урваж мэдэх хүмүүсээс бүрдсэн эл нэгдэл сонгуулийн маргааш байтугай өмнө нь задарсан гэвэл гайхах хүн ховор болох биз ээ.

ИЗНН

ИЗН ямар нэг намтай нэгдсэн ч юм шиг, эсвэл намгүй болсон хэсэг хүнийг өөртөө элсүүлсэн ч юм шиг л эргэлзээтэй байгаа. Юутай ч МНН-ын дарга байсан, тэднийг ИЗН-тай нэгдэхийг дэмжсэн гишүүд нь одоо ИЗНН-ынх болцгоосон. ИЗН ийм маягаар хүрээгээ тэлж сонгуульдаа бэлтгэж байна. МНН-тай хамтрахаар шийдчихээд хурлаа хийгээд байсан ч өнөөх нам нь өөр хүнийх болчихсон. Тэгэхээр ИЗНН бол нэг л нам. Хэсэг хүнийг өөртөө элсүүлж, нэрээ өөрчилсөн л болохоос нэгдэл биш. Юутай ч ИЗН гуравдагч хүчнийхэн дундаа илүү нэр хүндтэй. Байгуулагдсан цагаасаа УИХ-д суудалтай байсан. Энэ намд С.Оюун гэдэг ганц л лидер байсан бол одоо Д.Энхбат нэмэгджээ. ИЗНН гишүүдийнхээ тоог нэмж, даргаа олшруулах замаар сонгуульд бэлтгэж байна. Д.Энхбат, С.Оюун, С.Дэмбэрэл нар намын дарга. Гурван толгойтой, нэг биетэйгээр сонгуульд оролцоод хэр амжилт үзүүлэхийг одоохондоо таашгүй. Нэг байсан лидерийнхээ тоог хоёр болгож нэмсэн, Парламентад суудалтай гээд энэ намд давуу тал бий. Тиймээс арай тогтвортой, жинтэй өрсөлдөгч байх нь.

БОР ЗҮРХЭЭРЭЭ ЗҮТГЭГЧИД

Үлдсэн жижиг намууд нь дангаараа сонгуульд оролцоно хэмээн бэлтгэж байна. Мажоритар тогтолцоогоор өрсөлдөх нэр дэвшигч 28 хувиас дээш хувийн санал авах учиртай тул үнэндээ жижиг намуудад боломж хомс. Гэхдээ ядаж л тэд улс орны эрх ашгийг байтугай өөрийгөө яая гэж байгаа намууд шиг том том яриагүй. Зөвхөн өөрийгөө л “борлуулах” гэж буй учир харин ч шударга гэж болно. Гуравдагч хүчнийхэн ийнхүү сонгуулийн гараанд иржээ. Хэдхэн сарын дараа тэдний эвсэх, эсвэл дангаар өрсөлдөх шийдвэрийн үр дүн тодорхой болно.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)