ЖДҮХС-гийнхны хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд, ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаж дуусаад, удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэх гэж буйг эх сурвалжууд мэдээллээ. Б.Батзоригийг сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөгийн үнэтэй мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаж буй юм. Түүнтэй хамт ЖДҮХС-д эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг ч шалгасан билээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарт холбогдох, ЖДҮХС-гаас хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ зээл авч өгсөн, зээлээ зориулалт бусаар зарцуулсан гэх хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн юм. Гэвч хэрэгт хяналт тавьж буй прокурор хавтаст хэргүүдтэй танилцаад зарим зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж. АТГ-ын мөрдөгчид прокурорын даалгасан ажиллагааг хийгээд мөн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэхээр болж буй гэнэ. Мөн УИХ-ын нэг бус гишүүнийг шинээр нэмж хэрэгт татах нөхцөл байдал тогтоогдсон ч прокуророос шийдвэр гаргахгүй байгаа сурагтай.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)