ЖДҮХС-гаас 16 төсөлд хөнгөлөлттэй зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) 16 аж ахуйн нэгжийн, Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн, 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгаруулж, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамруулах болсноо өнгөрсөн баасан гарагт зарласан. Тус сангийнхан урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу 300 саяас нэг тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалжээ. Үүнээс урьдчилсан судалгааны шатанд 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл 70-аас дээш оноо авч, тэнцсэн байна.

Энэ удаа инновацад чиглэсэн, экспортыг нэмэгдүүлэх ноос, ноолуур, арьс шир, мах боловсруулан, шинэ брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн төслийн зээл 40 хувийг нь эзэлжээ. Түүнчлэн импортыг орлох, нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн зээл 44.4 хувийг нь эзэлсэн байна. Иймээс эдийн засгийг солонгоруулах, “Монгол брэнд” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, шинээр ажлын байр бий болгоход ихээхэн дөхөм болно гэж Төсөл сонгон шалгаруулах хорооныхон үзсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)