“ЖАСТ АГРО” КОМПАНИЙГ хятадуудад худалдах талаар ярьж эхэлжээ

 “Жаст” группийн охин компани “Жаст агро”-гийн хөдөө орон нутаг дахь “Мах маркет”-ийн сүлжээ 11 үйлдвэрийг хятадуудад худалдах гэрээг тун нууц байдалтайгаар эхлүүлсэн мэдээлэл тодорхой хүрээнийхний дунд тархжээ. Хэрэв энэ гэрээг хийвэл Монголын мал бэлтгэлийн 33 хувийг дангаараа хангадаг махны сүлжээ үйлдвэрүүд хятадуудын мэдэлд шилжих болоод байна. Тус компанийн нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж үүнийг үгүйсгэсэнгүй. Гэрээг өнөөдөр баталгаажуулна гэсэн мэдээлэл өгөв.

“Жаст агро” компани нь Монголын зах зээлд үйлдвэрийн аргаар бэлтгэдэг махны 40 орчим хувийг дангаараа хангаж, улсын нөөцийн болон экспортын махны 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг, монголчууд бидний хүнсний аюулгүй байдлыг хариуцдаг үндэсний том компанийн нэг юм. Гэтэл монгол хүн бүрийн өдөр тутмын гол хэрэглээний нэг болох махны сүлжээгээ ийнхүү гаднынханд худалдах гэж буй нь хэний эрх ашиг вэ? “Жаст” группийг үүсгэн байгуулагч Ш.Батхүү нь ТӨХ болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 160 сая ам.долларын зээл авсан нь тогтоогдсон. Энэ их хэмжээний зээлийг Ш.Батхүү төлөх чадамжтай эсэх, “Стандарт” банкныхан зээлээ Монголын Засгийн газраас нэхэмжилсэн тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулах зэрэг олон асуудалтай холбогдуулан “Жаст” группийн хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, объектыг битүүмжилсэн.

“Жаст агро” компанийн дээрх 11 үйлдвэр ч эдний тоонд орсон бөгөөд Монголбанкны нэр дээр түр шилжээд байгаа. Гэтэл монголчуудын хүнсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигт үл нийцэх ийм наймааг “Жаст” группийнхэн хийж, өнөөдөр эцсийн байдлаар баталгаажуулах гэж байхад Монголбанк болон хууль хяналтынхан ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн нь мэдээгүйнх үү, эсвэл хэн нэгний ашиг сонирхол байв уу?


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)