“Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайн мөр бүү гарга”

Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Эрдэнэ дайчин чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй юм. 1869 оны шарагчин могой жилд өнөөгийн Булган аймгийн Ханжаргалант хайрхны өвөрт төрсөн тэрбээр Батмөнх даян хааны отгон хүүгийн шууд удмын, алтан ургийн сурвалжит хүн аж. Гэрээр боловсрол эзэмшсэн тэрбээр манж, хятад, орос хэлтэй, бурхны шашинтан. Монгол төрийн нэрт зүтгэлтэн түүнийг 1915 онд хордуулж хороосон бөгөөд шарил нь Нийслэл хүрээнд Дунд гол орчмоос олдсон тухай баримт байдаг тухай Монголын түүх судлаачид, сонирхогчид мэддэг.

Гүнгийн хөвгүүн тэрбээр ихэс дээдсийн нэгэн адил гэрийн багшаар олон төрлийн хичээл заалгаж өссөн бөгөөд багш Данигай нь монгол бичигт гарамгайн сацуу манж, төвөд хэл сайн мэддэг, төрт ёс, эрх зүй, Дорно дахины гүн ухаан гадарладаг, Вангийн хүрээнд номтойд тооцогддог томоохон сэхээтэн байжээ. Эцэг нь нас барахад өвөг эцэг Цэрэндорж нь ач хүү Ханддоржоо Хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанд сургах дамжаанд суралцуулж, манж, хятад хэл улам сайн сургажээ.

Ханд ван 1892 онд 23 настайдаа засаг хошой Чин вангийн зэргийн найм дахь үеийг залгамжилсан үеэс Манж, Хятад, Төвөд, Монголын ихэс дээдсийн ааш аягийг тааруулж, учрыг олж харилцах яггүй асуудалтай тулгарах болж. Улс гүрнээрээ харийн эрхшээлд байгаа нөхцөлд “Би монгол хүн” хэмээн гэдийх, эсвэл толгой гудайлган бөхөлзөж явахын аль аль нь хэцүү байсан тэр үеэс сэтгэлдээ “Яах вэ” гэсэн асуулттай явах болсон нь түүний түүх, намтраас харагддаг.

Ханддорж ван 1903 онд Бээжин хотод Халхын ноёдын түр жасаанд очиж, төрийн хэрэг хэлэлцэхэд оролцохдоо Манжийн хааны бодлогын цаад санааг илүү сайн таньжээ. Бээжингийн эрх баригчид ч Ханддорж вангийн цаад санааг мэдэж итгэл муутай хүмүүсийн жагсаалтад оруулсан байж.

Вантантай Монголоор дамжиж, хаант Орос улс руу гарах зорилготой ирсэн XIII Далай лам янз бүрийн асуудлаар санал бодол солилцох явцдаа “Монгол Улс цагаан хаант Орос улстай хил залгаа тул хорвоогийн бусад гүрэнтэй холбоо тогтоож болмоор юм байна” гэсэн нь вангийн оюунд гадаад улс гүрнүүдтэй харилцаж болно гэсэн алсын бодлын оч бадраасан бололтой.

Манж Чин улс Монголд “Шинэ засгийн бодлого”-оо хүчтэй дэлгэрүүлж эхлэхтэй зэрэгцүүлэн чин ван Ханддорж Манж, Хятадын дарлалаас улсаа, үндэстнээ ангижруулах гэсэн улс төрийн үйл ажиллагаагаа нөхдийн хамт улам идэвхжүүлжээ. Энэ үед Далай ламыг даган одсон хүүг нь Манж Чин улс зэрлэгээр цаазалсан. Энэ тухай түүх, урлагийн бүтээлүүдэд ч өгүүлдэг. Ханд ван “Монхор хүүгээсээ хагацах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно” гэж зүрхээ чангалж байж. Чухам тэр үед вантан “Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайн мөр бүү гарга” хэмээх алдарт үгээ хэлсэн бөгөөд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө эргэж буцалгүй эрс тэмцэж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсаа тусгаар тогтнуулах үйлсэд хүч хавсаръя хэмээн тэрбээр хамгийн түрүүнд Сайн ноён хан Т.Намнансүрэнд хандаж, үндэсний тусгаар тогтнолын төлөвлөгөө боловсруулжээ. Ханддорж чин ван, Сайн ноён хан нар монгол туургатан, сүсэгтэн олны дунд нэр нөлөөтэй Богд гэгээнийг үндэсний эрх чөлөөний тэмцэлд татан оролцуулахаар болж, түүнийг Манж Чин улсын төрд үйлчлэхээс аль болохоор хөндийрүүлэх оролдлого хийж эхэлжээ. Энэ нь Богд гэгээний байр суурьтай давхацсан тул тусгаар Монгол Улс байгуулах замд нэгдсэн байна.

Ийнхүү Монгол Улсыг дахин сэргээн мандуулахын төлөөх үйл хэргийг Сайн ноён хан, Чин ван нар эхлүүлэхдээ Да лам Цэрэнчимэдийг эгнээндээ элсүүлжээ. Манжийн эрх баригчид Ханддорж ванг өөртөө татах арга хайж, Манжийн төрийн томоохон албан тушаалуудад тавих бүрийд нь вантан боломжийг өөртөө, улсдаа ашигтайгаар эргүүлж байсан аж. Баргын Манлайбаатар Дамдинсүрэнтэй 1908 онд дотно танилцаж, Монголынхоо ирээдүйн төлөө хамтран тэмцэхээр болов. 1911 оны долдугаар сард Халхын дөрвөн аймгийн хан, ноёд, ихэс дээдэс, хутагт хувилгаад бүгд Эрдэнэшанзудбын яаманд цугларч, цаашид яаж ажиллахаа зөвлөлдсөн бөгөөд удалгүй Богд ууланд дахин нууцаар уулзахдаа хаант Орос улсаас тусламж гуйх нь зүйтэй хэмээн тохиролцон, Ханддорж чин ван, Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын эрдэмтэн Хайсан гүн нарыг томилж явуулах болжээ.

Монгол эх орончид нуугдаж, зугтан явсаар 1911 оны наймдугаар сарын 15-нд Санкт-Петербургт очсон байна. Тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга Пётр Столыпинд Богд гэгээн, Түшээт хан Дашням, Сайн ноён хан Намнансүрэн, Засагт хан Содномравдан, Сэцэн хан Навааннэрэн нарын гарын үсэг зурсан 21 зүйл бүхий тусламж хүссэн бичгийг гардуулан өгч чаджээ. Оросын Засгийн газар Монголыг сонирхож байсан ч Японтой байгуулсан нөлөөллийн бүсийн тухай нууц хэлэлцээгээ баримтлан цааргалсан хариу өгсөн тул Ханддорж нар аргагүй нутаг буцаж байжээ. Тэднийг мөн л нуугдаж, зугтан байж Нийслэл хүрээнд буцаж ирэхэд Хятадад гарсан хувьсгал Манжийн ноёрхлыг эцэс болгосон байв. Энэ үед Жавзандамба хутагт “Ер аливаа юманд цаг, хэмжээ огт үгүй. Манж, Хятадын энэ байдал цөм цаг болсны тул билээ. Харин одоо Монгол овгийн аймгууд нийлж, өөртөө улс болон тогтох... цаг болсон. Бүгдээр нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж, чармайн зүтгэхэд харгалзмуй” хэмээн лүндэн буулгасан хийгээд энэ лүндэнг Монголын ихэс ноёд яаравлан хэрэгжүүлэх болжээ.

Монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээн тогтоох “Халхын хүрээний бүгд хэргийг түр эрхлэн шийтгэх газар”-ыг байгуулсан нь үндсэндээ Түр Засгийн газар байв. Манжийн засаг захиргааг түлхэн унагах, улс үндсээ сэргээн мандуулахаар завдаж буй олон овог, аймаг бүхий монголчуудад сонсгон дуулгах, уриалан дуудах зорилготой. Уг түр Засгийн газрын зөвлөн шийтгэх түшмэлээр Ханддорж ванг томилсон байна. Тус байгууллага Ар Монголын дөрвөн аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргасан хийгээд шийдвэр гарснаас хойш 1-2 хоноход хүрээ орчмын хошуудаас 500 гаруй цэрэг цугларсан гэдэг. Ийнхүү Манж Чин улсын захиргааны эсрэг зэвсэгт бослого эхлэх бэлтгэл хангагджээ. Монголын удирдагчид Сандо амбанд “Чиний бие эхлэн, манж, хятад түшмэд гурав хоногийн дотор Монголын хязгаараас гартугай. Зөрчвөл цэргийн хүчин хэрэглэн уул нутагт чинь хүргэнэ” гэж тулган шаардсаны дагуу энэ хувьсгал цус асгаруулахгүйгээр хэдхэн цагийн дотор болж, Сандо амбан Оросын консулын газар хэд хоног хоргодоод нутгийн зүг оджээ. Монгол орон төдийгүй дэлхий дахины анхаарал татсан эл үйл явдлын дараа улс орны бүх эрх мэдэл Түр Засгийн газарт шилжиж, шинэ тулгар Монгол төрийн суурь тавигдахад бэлэн болжээ.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс түүхэндээ нэгэн шинэ хуудас нээж, Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулсныг тунхаглаж, Богдыг Монгол Улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн, Цагаан Дарийг улсын эх дагина хэмээн өргөмжлөн зарлаж, улмаар Богд хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулжээ. Эрдэнэ дайчин Чин ван Ханддоржийг ханы ямба эдлүүлэхээр зарлигдаж, Шадар сайд, бүгд захирах сайд, гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар томилжээ.

М.Ханддоржийн тэргүүлсэн Гадаад явдлын яам Монгол Улс тусгаар улс болсон тухай юуны өмнө Манж чин улсад 1911 онд, Хаант Орос, Франц, Их Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд, Австри зэрэг улсад 1912 онд албан ёсоор мэдэгдэж, гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж, найрамдлаа зузаатгах тодорхой санал дэвшүүлж байсан аж. Сайд М.Ханддорж хойд хөрш Орос улстай ойртон нөхөрлөхийг эрхэмлэх нь шинэ тусгаар Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж байв. Орос, Монголын гэрээнд тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх талаар дараагийн шатны арга хэмжээ, алхам хийх зорилгоор Монголын Засгийн газар М.Ханддоржоор толгойлуулсан бүрэн эрхт төлөөлөгчөө Орос улсад илгээхэд зорьсон хэргийнхээ заримыг бүтээж иржээ. Хаант Оросын Засгийн газар хоёр сая рублийн зээл өгсөн ба зэр зэвсгийн тусламж дараа өгөхийг зөвшөөрчээ. Ийнхүү М.Ханддорж улс төрийн зүтгэлтний хувьд Орос улсад хоёр дахиа төлөөлөгчөөр томилогдон очсоноор хоёр их гүрний дунд оршиж буй бага буурай орон тун ухаалаг, нарийн, давхар тооцсон бодлого явуулж байж сая бие даан оршин тогтнох болно гэдэг дүгнэлт хийж ирсэн түүхтэй аж.

Энэ мэдээллийг Википедиа сайm болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Ж.Урангуагийн бүтээл “XX зууны эхэн үеийн Монгол Улс, 1911-1919” номд тулгуурлан бэлтгэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)