Ж.Амармаа: Цэвэрлэгээний зориулалтаар мод огтлох ажлыг зайлшгүй хийх шаардлагатай

Нийслэлийн ногоон бүсийн ойн 19 га талбайд энэ сарын 10-30-ны хооронд цэвэрлэгээний зориулалтаар мод огтлох ажил хийж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Амармаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ онд хаана, хэчнээн га талбайд ойн цэвэрлэгээ хийх вэ. Энэ ажлыг ямар компани хийж байгаа вэ?

-Сонгинохайрхан дүүргийн Халзангийн давааны ард 13 га, Өвөргүнтийн аманд зургаан га талбайд “Монголиан дендарори парк” ХХК цэвэрлэгээний ажил гүйцэтгэж байна. Ойн судалгаа, хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас өнгөрсөн долдугаар сард болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр хүчтэй салхинд булгарч унасан, гол ишнийхээ дундуур хугарсан болон хатаж, ургах чадвараа алдсан модтой талбайг тогтоож, тусгаарласан. Энэ талбайд хоёр бригад, тээвэрлэлтийн дөрв өн машин ажиллаж байна. Тэдний ажлын явцыг байгаль хамгаалагч гурван хүн, тээвэрлэлтийг НМХГ-ын улсын байцаагчид хянаж байгаа. Ойн цэвэрлэгээ хийхээр тендерт шалгарсан “Монголиан дендарори парк” ХХК энэ онд Засгийн газраас шинэчлэн тогтоосон тарифын дагуу ойн нөөц ашигласны төлбөрийг нийслэлийн төсөвт урьдчилан төлс өн. Уг компани хавар нь нөхөн сэргээлт хийх юм.

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг даргын захирамжаар ногоон бүсийн ойгоос цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэхийг жилийн хугацаанд хориглосон. Яагаад хориглосон бэ?

-2012 онд ойн огтлол, цэвэрлэгээ хийсэн компаниуд зарж, хэрэглэх боломжгүй хатсан модыг үлдээснээрээ технологийн горим зөрчсөн. Мөн огтлол, цэвэрлэгээ хийсэн ногоон бүсэд ойн нөхөн сэргээлт бүрэн хийгээгүй.

-Цэвэрлэгээний зориулалтаар мод огтолсноор байгаль орчинд ямар сайн талтай вэ?

-Зарим иргэн ямар ч шаардлагагүй байхад мод тайрлаа гэсэн буруу ойлголттой байдаг. Унаж хатсан, ургах чадваргүй болсон хуурай мод ихсэх тусам ойн шатах материалын масс нэмэгддэг. Ингэснээр хүний болгоомжгүй үйлдлээс болж түймэр дэгдэх эрсдэл өндөр болдог. Мөн ойн хортон хөнөөлт шавьж өсөж, үрждэг. Үүнээс гадна үндсээрээ унасан модыг хулгайгаар ачиж авч явдаг, хууль бус мод бэлтгэгчдээс урьдчилан сэргийлж байгаа юм. Иймээс цэвэрлэгээний зориулалтаар мод огтлох ажлыг зайлшг үй хийх шаардлагатай.

Т.БОЛОР-ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)