Жагсах эрх, эрх чөлөөгөө бүү завшуул

Шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэн, литр тутмыг нь 1500 төгрөг болтол нь тэмцэхээ илэрхийлж, машинтайгаа жагссан залуусыг төлөөлөл Засгийн газрын тэргүүнтэй эгээ л ах, дүү адил тэврэлдэн уулзаж, зураг, хөргөө татуулан “Таны улс төрийн үйл ажиллагааг (Д.Хаянхярвааг УИХ дахь намын бүлгийн дарга, С.Батболдыг нийслэлийн Засаг даргаас огцруулах шийдвэрийг хэлж буй бололтой) дэмжиж байна. Та шударга ёсны салхийг сэвэлзүүлж чадлаа.

Хүчтэй, зоригтой байгаарай. Бид таны ард байна. Бидний тэмцэл таныхтай нийлнэ. Таны ард манай жагсаалын 20 мянган залуу бий гэж ойлгоорой. Сэлэмний тань ир, жадны чинь үзүүр болно. Цөм цохь” гэж дуугаа өндөрсгөхийг хараад ой гутаж билээ. Засгийн газар, тэр тэргүүн нь 2000 төгрөгт “шүргэсэн” шатахууны үнийг тэдний хүссэн хэмжээнд авааччихсан болоод тэврэлдээд байгаа юм уу. Тэгж яривал дуут дохио хангинуулан Төрийн ордон тойрч гороолсон тэд Засгийн газрыг огцрохыг шаардаагүй бил үү. Гэтэл Ерөнхий сайдын сэлэмний ир, жадны үзүүр байхаа амласан тэр залуус хамт жагссан жолооч нарынхаа хүсэл эрмэлзлийг шаардлага хүргүүлсэн хүмүүстээ “худалдчихлаа”. Түүний ард 20 мянга биш юм гэхэд хоёр, гурван зуун залуу Засгийн газарт зүй ёсны шаардлага тавин нэгдээд байв. Гэвч тэднээс хэн нь ч дуугарсангүй, хэдэн хоног жагсаад л тарчихлаа.

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн, Франц даяар эхлүүлээд даруй 10 хоног үргэлжилж буй жагсаалынх шиг үр дүн машинтай жагсагчдаас хүсээгүй. Хантаазаар ижилссэн хэдэн зуун мянган жагсагч гэрлэн дохио, тэмдгийг эвдэлж, эд зүйлс шатаан, зам хааж буй. Энэ үеэр хүмүүс бэртэж, гэмтээд зогсохгүй амь насаа хүртэл алдсан. Манайд ч ийм гашуун түүх бий. Улстөрчдийн өглөө эхлүүлсэн жагсаал үдэш хяналтаас гарч, таван сайхан залуу амиа алдсан тэр өдрийг бид мартах учиргүй. Хавартаа л хардаг байсан жагсаал, цуглааныг бид энэ намар, өвөл хангалттай үзэж буй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг ард түмэн бус, албан тушаалтнууд авч ирсэн дуулиантай холбоотойгоор хэд хэдэн жагсаал, цуглаан болсон. “Нэхүүл” гэх нам бус залуусын хөдөлгөөнөөс нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, нэг бус удаа жагсаал зохион байгуулсныг та анзаарсан л байх. Тэдний хийсэн жагсаалын зохион байгуулалт, өнгөтөөр хэвлэсэн зар, онцгой содон оролцогчдоор нь хэн “захиалсан” байж болох талаар бишгүй шивэр авир хийсэн. Багш, эмч нар ч цалингаа нэмэгдүүлэх гэж улирал дамжин жагссан. Тэднийг сөрөг хүчнийхэн, үнэмлэхүй олонх бүхий парламентын гадна талд байгаа хүчнүүд зохион байгуулж, жагсаасан хэмээн ярьж байсан юм даг.

Өвлийн хүйтнээр өлгийтэй хүүхдээ тэврээд жагссан монголчуудын ололт нь ардчилал. Хаврын хавсарга, өвлийн жаварт биесийнхээ илчинд дулаацаж, хүсэл эрмэлзлээрээ нэгэн цул болж чадсаны хүчинд тэд бидэнд жагсаж, цуглах эрх, эрх чөлөөтэй байх боломж бүрдүүлсэн. Харамсалтай нь, одоо итгэл үнэмшлээрээ нэгдэхээсээ эмээж байна. Хэний захиалгаар юу хийгээд байна гэж хардах вий хэмээн болгоомжилдог болчихож. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс айж байна. “Захиалгаар л жагсдаг шүү дээ. Заавал хэн нэгэн ард нь бий” гэх хэвшмэл ойлголт бий болох нь.

Жагсаал, цуглаан зохион байгуулж гаршсан, үнэ ханшийг нь тогтоодог хүмүүс ч бий. Сэдэв, асуудал хамаарахгүйгээр аль ч жагсаал, цуглаанаас харж болох нэгэн ч байна. Манайхны жагсаал, цуглаан ч найруулга, тавилт гээд харагдах байдал талаасаа үзүүштэй, сонирхолтой болж байгаа. Муухан жүжгээс илүү гэхэд болно. Машин техник оролцуулж, бас шатааж, сор залаад зогсохгүй жагсагчид нь үсээ хусаж, нүцгэлж, өлсөхөөс авхуулаад юу, эсийг хийнэ вэ. Жагсаал, цуглаан гээч зүйл төрд, эрх мэдэлд хүрэх нэгэн дамжлага болсон гэхэд буруудахгүй. Жагсагчийн дүрээр олонд танигдаж, төрд гарсан хүмүүс өнөөгийн болоод өмнөх парламент, Засгийн газрын аль алинд нь бий. Мөн хаана, хэзээ, ямар жагсаал болохыг андахгүй, “ажил” болгочихсон оролцогчид ч буй. Хоногийн 20 мянган төгрөгөөр жагсдаг цаг үеэ өнгөрөөсөн гэлцэх ч хөөрхий оюутнуудыг хачин хямдхан “үнэлдэг” гэх юм билээ.

Юутай ч ардчилсан, шинэ Үндсэн хуулиар тунхаглан баталгаажуулсан “итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, тайван жагсаал, цуглаан хийх” эрх чөлөөг минь улстөрчид, аль нэг бүлэглэл, ер нь ашиг сонирхол бүхий хэнбугайд ч дамлан арилжиж, “бизнес” болгочихсон хэсэг хүн бий гэдгийг мэдтүгэй. Энэ бол жагсаж, цуглахдаа эд зүйлс эвдэлж түйвээн, эмх замбараагүй байдал бий болгож буй хүмүүсийнхээс ч ёс зүйгүй, бусармаг үйлдэл. Хүний эрх, эрх чөлөөгөөр хүүдэгнэж, хөлжиж байгаа нэгнээс хүлээж, найдах зүйл үгүй. Юу ч ярьж, ямар ч жагсаал, цуглаан зохиож мэдэх хүмүүс тэнд бий. Жагсаж, цуглах эрх чөлөөг хэтрүүлэн эдэлбэл харамсаж, халаглаж барамгүй үр дүн дагуулдаг. Тиймээс “тайван жагсах” хэмээн тодотгодог. Жагсаал зохион байгуулж, турхирчихаад үймээн, самуун дэгдэнгүүт тал тал тийш таран нуугдаж, дараа нь хариуцлагаас зугтан улс төрийн намын ивээлд багтсан түүх манайд саяхных. 2008 онд УИХ-ын сонгуулийн дараа үр дүнг нь хүлээн зөвшөөрөөгүй хэн хэн гэдэг хүн Төв талбайгаар хөндлөн гулд алхаж, уухай хашхирч байсныг санаарай. Хөөрсөн баахан залуу дагуулчихаад, хоолой мэдэн, шүлсээ үсчүүлэн хэлж байсан үгсийг нь мартаагүй хүн олон байх. “Долдугаар сарын 1-ний” гэх хэрэг явдлын үеэр юугаа ч мэдэхгүй, хөөрч гүйсэн залуус шороонд булуулж, шоронд орсон байхад өнөөх уухай хашхирсан улстөрчид хаачсаныг, одоо юу хийж буйг нь хэзээ ч бүү март.

Тиймээс итгэл үнэмшил, чин сэтгэлээрээ нэгдэн жагсаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх эрх чөлөөгөө хайрлая, бүгдээрээ. Энэ л эрх, эрх чөлөөндөө бид дэндүү хайхрамжгүй хандаж, үнэ цэнийг нь өөрсдөө алдагдуулаад байгаа учраас бүхнийг зоосны нүхээр хараад сурчихсан хүмүүс үүнд маань халдаад байгаа юм. “Улаанбаатарт угаартаж үхлээ” хэмээн өвөл бүр ярьж, шогширдог хэрнээ утааны эсрэг жагсъя, шийдвэр гаргагч, эрх баригчдыг энэ чиглэлд ажил хий хэмээн шахаж, шаардъя гэхээр яагаад бүгдээрээ Төв талбайдаа гараад ирдэггүй юм бэ. Эрүүл, аюулгүй орчинд амьдарч, амьд явах эрхээ баталгаажуулахын тулд эрх баригчдаас хариуцлага нэхэн жагсаж, эрх чөлөөгөө бид эдэлсэн шиг эдэлсэн бол байдал дээрдэх байсан ч юм бил үү. Хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдийн төлөө халаглаж, харамсаж суухаар эрх баригчдад, гэмтнүүдийг цочтол жагсаж, нэгдэж чадсан бол бид олон бяцхан зүрхийг аюул заналаас аврах байсан. Харамсалтай нь, хүчирхийллийн эсрэг гэх тодотголтой жагсаал хэдэн хүнтэй болж өнгөрдөг билээ. Жагсах эрх, эрх чөлөөгөө бүү завшуул, монголчууд аа.

Бэлтгэсэн: У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)