Жагсаалтын нэрийг өргөсөн сайд

Пропорциональ тогтолцоог хүлээн авах хөрс Монголд бүрдээгүй байж, зарим нам О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ мэтийн “оймсны хүүхдүүд”-ийг УИХ-д оруулж ирээд төрийн нэр хүнд унагаад байна гэсээр байгаад л Сонгуулийн хуулиа өөрчилж орхилоо. Гэвч 2012 онд АН, МАН, ИЗНН-ынхан хамгийн туршлагатай, чадвартай улстөрчдөө жагсаалтаар эрэмбэлсэн шүү дээ. Тэгэхээр хоёр л хүн бусад 26-гийнхаа нэрийг “баллуурдчихсан” хэрэг. Жагсаалтаар сонгогдсон чансаатай улстөрчдийн нэг нь УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат. Тэр жагсаалтынхны нэрийг өнгөрсөн жилүүдэд гайгүй сайн өргөж өглөө. Эхний хоёр жилд УИХ дахь АН-ын бүлгээ зангидаж ажилласан бол сүүлийн хоёр жилд шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамыг толгойлж байна. Энэ салбарт дутагдаад байсан олон хууль тогтоомжийг батлуулж, эрх зүйн орчин бүрдүүллээ. Үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж, тэднээс талархал хангалттай хүлээж явна. Пропорциональ тогтолцооны ачаар жагсаалтаар, анх удаа УИХ-д сонгогдсон Д.Эрдэнэбат, М.Батчимэг зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гарч ирсэнтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ удаа сайд төрсөн нутаг Сэлэнгэ аймагтаа нэр дэвших юм билээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүмүүс бол мажоритар тогтолцооноос эмээх хэрэг үгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)