Жагсаалтаар өрсөлдөгчид

 УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд жагсаалтаар өрсөлдөх хүмүүсийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлж дуусав. Одоо тэднийг бүртгэх эсэхийг СЕХ зургаадугаар сарын 6-ны дотор шийднэ. Тойрогт өрсөлдөх хүмүүстэй харьцуулбал жагсаалтад багтагчид бие амар сууна. Тухайн намын ерөнхий нэр хүнд ямар байна, сонгогчдын хэдэн хувийн санал авах вэ гэдэгт л тэд анхаарлаа хандуулах болохоос нөгөө хэд шигээ өөрийгөө таниулах гэж “хэлд орох” шаардлагагүй. Гэхдээ нөгөө талаас жагсаалтад ямар хүмүүс орж вэ гэдгийг сонгогчид намд санал өгөхдөө анхаарах нь мэдээж. Тэгэхээр аль болох нэр хүндтэй, олон нийтэд танигдсан, эерэг дүр төрхтэй гишүүдээ жагсаасан намд олон түмэн нааштай хандаж мэдэх юм.

Нэр дэвшигчдийн дунд шинэ хүн ховор байгаа тухай хэвлэлүүд шүүмжилж буй юм. Юутай ч жагсаалтаар өрсөлдөгчдийг хооронд нь харьцуулах гээд үзье. МАН-аас өрсөлдөх 28 хүний 11 нь одоогийн УИХ-ын гишүүн, 10 нь эмэгтэй байна. АН-ын тухайд УИХ-ын долоон гишүүн, есөн бүсгүйг 28-даа багтаажээ. Олон нийтийн хүсээд буй цоо шинэ дүр төрх тэдэн дунд хэр олон байгаа бол. МАН-ын Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Гарамжав, Ц.Сүхбаатар, Б.Ундармаа, Б.Батцэцэг, Д.Энхчимэг, В.Удвал, Ж.Сауле, Г.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Я.Төмөрбаатар, П.Баянмөнх нарын 13 хүн УИХ-ын сонгуульд анх удаа нэрээ дэвшүүлж буй юм.

Гэхдээ намуудын өрсөлдөөн ширүүн байгаа нөхцөлд намын гаргасан жагсаалтын эхний аравт багтсан хүн л сонгогдох магадлал илүүтэй. МАН-ын жагсаалтыг намын дарга С.Батболд тэргүүлж, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин гээд архаг улстөрчид удаалж байгаа. Д.Лүндээжанцан гишүүн 1992 оноос эхлээд нэг ч алгасалгүй сонгогдсон, Д.Дэмбэрэл гуайн тухайд хамгийн өндөр настай улстөрч болж буй юм. Тус намын жагсаалтын эхний аравт орсон Д.Сарангэрэл, Я.Содбаатар нар л УИХ-ын гишүүн байж үзээгүй.

Харин АН-ын тухайд намын "генсек" Д.Эрдэнэбат, “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа, НАН-ын дарга Ш.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг нар Парламентын гишүүн байгаагүй. Эднээс Р.Бурмаа, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж нар УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан туршлагатай. Харин М.Батчимэг УИХ-ын сонгуульд анх удаа өрсөлдөж буй шинэ хүн. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтын тухайд Н.Энхбаяр гэсэн хуучин дүр төрх манлайд нь яваа.

Ер нь гуравдагч хүчний намуудын дарга нараас Н.Энхбаяраас бусдыг нь олон нийт төдийлэн танихгүй. Тэгэхлээр шинэ хүн олонтой гэсэн үг.

С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)