“ЖАВТИЙ ХҮРТСЭН” ТЕННИСЧИД

Ширүүн өрсөлдөөн өрнөдөг спортын талбарт тамирчид янз бүрийн араншин гаргаж, шүүмжлэлд өртдөг. Хөлбөмбөгчид, сагсчид, хоккейчид л ийм “гаж” зантай мэтээр явцуурхаж үл болно. Олон мянган долларыг олдог шигээ, торгуульд урсгадаг теннисчин мундахгүй олон. Тэдний талаар хэд хэдэн баримтыг уншигчдадаа сонирхуулья.

150 МЯНГАН “НОГООН” ХИЙСГЭВ

АНЭУ-ын Дубай хотноо болсон WTA-гийн цуврал тэмцээнд нэрт теннисчин Серена Уильямс, Виктория Азаренка нар яагаад оролцоогүй вэ? Беларусь бүсгүй ядарсан гэх шалтгаанаар Арабыг зориогүй бол америк эмэгтэйд Австралийн нээлттэй тэмцээний үеэр авсан нурууны гэмтэл нь саад болжээ. Дубайд очоогүйн улмаас дүү Уильямс 50 мянга, Азаренка 100 мянган доллараар тус тус торгуулсан нь харамсалтай. Түүнчлэн тэд чансааны 0 оноо авсан нь байр ухрах шалтаг болж магадгүй. “WTA-гийн дүрмээр бид ямар нэгэн онцгой шалтгаанаар зарим тэмцээнийг өнжих эрхтэй. Тиймээс Дубайд хүч сорих боломж гараагүй” хэмээн Азаренка өгүүлжээ.

ЛЛОДРА VS ХЯТАД

Францын ахмад тоглогч Микаэль Ллодра шуурга шиг догшин араншинтай. Янз бүрийн зан гаргаж, элдэв зэмлэл сонсдог тэрбээр арьс өнгөөр ялгаварлан, ам хэлээр доромжилсны улмаас “жавтий хүртэж” байжээ. Өнгөрсөн жилийн Индиан Уэлссийн нэгдүгээр тойрогт Ллдора өрсөлдөгчийнхөө хоёр хөгжөөн дэмжигчийг “Хятадуудыг чөтгөр аваг” хэмээн хараасан юм. АТР үүнийг зүгээр өнгөрөөсөнгүй, 2500 долларын шийтгэл оноосон аж. Гэм буруугаа ойлгосон франц эр нанхиад сэтгүүлчид “Би хятад бүсгүйтэй дотнын харьцаа үүсгэхээс татгалзахгүй” хэмээн өгүүлсэн нь нидэр дээр нэрмээс болжээ.

КИРИЛЕНКО ШИЙТГҮҮЛЭВ

Индиан Уэллст болдог тэмцээний ¼ шигшээд Мария Шараповагийн эсрэг нутаг нэгт Мария Кириленко нь тоглохдоо оноогоор торгуулсан гашуун түүхтэй. Энэ нь ер бусын тохиолдол. Хоёрдугаар үеийн төгсгөлд Кириленко гурван ч удаа эхний шугам дээр гишгэсний улмаас шүүгчдэд шийтгүүлсэн байна. Уг нь энэ партад давуу байсан теннисчин эцсийн бүлэгт Шараповад ялагдсан.

ЦОХИУРАА ЗОРИУД ХУГАЛБАЛ ШИЙТГЭЛТЭЙ

Өнгөрсөн жилийн Австралийн нээлттэй тэмцээний үеэр цохиуртайгаа “хууль бус” харьцсан Маркос Багдатис 770 австрали доллар гарлагаджээ. Уур унтуугаа цохиуртаа гарган, газар цохиж эвдэлсэн түүнд Сахилга батын хорооноос 2000 хүртэл “ногоон”-ы торгууль оноосон юм. Тэгвэл “Ролан Гаррос”-ын үеэр Алла Кудрявцева анхаарал болгоомжгүйн улмаас цохиураа эвдэж олны өмнө харагдсан нь шийтгэл авахад хүргэжээ.

УУРТАЙ НАЛБАНДЯН

Ноднингийн Австралийн нээлттэй тэмцээн. Аргентиний теннисчин Давид Налбандян хоёрдугаар тойрогт ялагдал хүлээснийхээ дараа талбайн шүүгчтэй маргалдсаны улмаас 8000 долларын шийтгэл хүлээжээ. Допингийн шалтгалтад орохын өмнө теннисчин эр тэмцээний эмч рүү ус цацсан юм. Хэдхэн сарын дараа Лондоны тэмцээнд оролцож, шигшээд Марин Чиличийн эсрэг тоглохдоо тэрбээр талбайн шүүгчтэй гар зөрүүлэхэд хүрснээр цаашид тоглох эрхгүй болов. Ийм хэрэг өдөөсний шанд шагналын мөнгө байтугай чансааны оноогоо хасуулж, 10 мянган долларын торгуультайгаар гэртээ харив.

ДЭЭД АМЖИЛТЫН ЭЗЭН СЕРЕНА

Торгуулийн хэмжээгээр дээд амжилт тогтоох теннисчин бол Серена Уильямс юм. 2009 оны “US Open”- ий хагас шигшээд Ким Клийстерст дийлдсэнийхээ дараа тэр шугамын шүүгчтэй муудалцан, 10 мянган доллараар торгуулжээ. Ёс суртахууны алдаа гаргасны төлөө хамгийн их шийтгэл хүлээдэг нь тэр билээ. Хоёр жилийн өмнө “US Open”-ий шигшээд Саманта Стосуртай өрсөлдөхдөө “Come On” хэмээн удаа дараалан хашгирч сэтгэлийн хяналтаа алдсаны улмаас 2000 долларын торгууль авсан юм.

НЭГ ТЭМЦЭЭН, ХОЁР ТОРГУУЛЬ

“Уимблдон-2010”-ын гуравдугаар тойрогт Виктор Хэнеск 7500 доллараар торгуулсан байна. Нэгдүгээрт спортын бус араншин гаргасан, хоёрдугаарт бусдыг үл хүндэтгэсэн гэсэн шалтгаанаар “ял сонсчээ”. Даниэль Брандстай тоглох үеэрээ герман теннисчний хөгжөөн дэмжигчийг “Цыган” хэмээн харааснаас бүх зүйл үүдэлтэй.

Б.СОНДОР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)