Жаалуудыг хамгаалахын төлөөх жаран мянган алхам

Энгэр дээрээ “Сэргийлэгч хүү, зөвлөгч охин” гэсэн бичигтэй, сэргэлэн жаалуудын дүрс бүхий шар хантаазтай, хааяа шүгэл тасхийлгэж, орой үдэш гар чийдэн гялалзуулан алхдаг ахимаг насны хоёр эр эхний үед Баянзүрх дүүргийн IV хорооныхонд этгээд хачин харагддаг байсан бол өдгөө танил дотно санагдах болжээ. Тэд бол Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн хүүхэд хамгаалагч М.Баярсайхан, Л.Дэлэг нар. Гавьяаны амралтаа эдэлж буй ч насаараа хийсэн ажлаа санагалзан, өглөө эртлэн гэрээсээ гарч, үдшийн бүрийгээр харьдаг цагдаагийн ахмад ажилтнуудын нэг өдрийг сурвалжиллаа.

07.00 цаг. Баянзүрх дүүргийн IV дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршдог ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн үүдэнд болзсон цагтаа цуглав. Хүүхэд хамгаалагч М.Баярсайханых Баянзүрх дүүргийн XVI хороо “Цайз” зах орчимд, Л.Дэлэгийнх Хужирбуланд байдаг гэнэ. Тэд өглөөний ээлжийн сурагчдын хичээлдээ явах цагаар хариуцсан талбайдаа хяналт тавихын тулд 06.00-06.30 цагт гэрээсээ гарч, эхний автобусаар сургуулийг зорьдог. 07.00 цагт сургуулийн үүдэнд уулзаад, ажлаа эхэлдэг аж.

 Архидалт гэр хороололд их байна. Гэр оронтой хэрнээ гудамжинд цугларч архи уудаг. Согтуучууд хүүхэд айлгаж, ичээхээс гадна хавь ойрынхныхоо амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Тэднийг тараах, эрүүлжүүлэх, олон удаа давтагдвал албадан саатуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргадаг

07.30 цаг. Тэдний хариуцдаг талбайн эцсийн цэг нь Баянзүрх дүүргийн IV дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хойд зах дахь “Орлого” дэлгүүр. 97 дугаар сургуулиас “Орлого” дэлгүүр хүртэл таван км орчим зайтай. Тийшээ хүрэх нийтийн тээвэр үгүй, харин хувийн машинууд нэг хүний 1000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлдэг аж. Хүүхэд хамгаалагчид өглөөд “Орлого” дэлгүүрээс сургууль хүртэлх замд эргүүл, хяналт хийх учиртай тул бид 1000-ын унаагаар хөл залгуулан эцсийн цэгт хүрэв.

08.00 цаг. Өглөөний ээлжийнхэн хичээлдээ явах цаг хэдийн болжээ. Гудамж бүрийн үзүүрээс аав, ээж, ах, эгч, эмээ, өвөөдөө хөтлүүлсэн, бас ганцаараа хичээлдээ явж буй багачууд гарч ирсээр. Тэдний олонх нь таксины зогсоолыг чиглэх аж. Хүүхэд хамгаалагчид тэднийг унаанд суутал нь ажиглаж, гарцгүй газраар зам гарах гэсэн заримд нь сануулга, зөвлөгөө өгөв. Гудамжнаас гарч ирэх сурагчдын сүүлчийг унаандаа суутал нь тэнд зогсоод хоёр гудамжны дундуурх нарийн замыг даган уруудлаа. Тэндээс сургууль хүртэлх ганц гол зам нь энэ нарийхан гудамж аж. Гэр хороололд, тэр тусмаа хоёр машин зөрөхөд ч бэрх ийм нарийн гудамжинд явган хүний замын талаар яриад ч хэрэггүй. Явган зорчигч болон машинтай хүмүүс мэдрэмж, зөнгөөрөө зохицон зөрөлддөг энэ замыг хүүхэд явахад эрсдэлтэй хэсэг хэмээн үзэж, хүүхэд хамгаалагч ажиллуулж буй юм санж. Сурвалжилгын баатар хоёр өглөө бүр үүгээр алхаж, томчуудын хамгаалалтгүй, явган алхаж буй багачуудын аюулгүй байдалд чадлынхаа хэрээр анхаардаг.

09.00 цаг. Хүүхэд хамгаалагчид 07.30-08.30 цагийн хооронд өглөөний эргүүл хийж, хичээлдээ явах замд нь хяналт тавина гэж гэрээнд нь заасан ч тэдний ажил заасан хугацаанд амждаггүй аж. Хариуцсан талбайнхаа эцсийн цэгээс 08.00 цагт гарч, томчуудын хяналтгүй яваа хүүхдүүдэд зам голлож явахгүй, гудамжны үзүүр, харагдах орчин хязгаарлагдмал газарт онцгой сонор сэрэмжтэй бай гэх мэтийн зөвлөгөө өгсөөр 09.00 цагт сургууль дээр ирэв. Энэ хооронд тэд “Баянзүрх дүүргийн IV хороо урд хэсгээрээ байшин, хойд хэсгээрээ гэр хороололтой. Байшин хорооллынхон харьцангүй аюул багатай, нарийн ч болов явган хүний зам, тэмдэг, тэмдэглэгээтэй, золбин нохой цөөн. Харин гэр хороолол хамгийн эрсдэлтэй орчин. Эзэнтэй, эзэнгүй нохой, согтуу хөлчүү хүмүүс, бүрэн бус тээврийн хэрэгсэл, хяналт шалгалтаас хол, аюултай орчин гээд хүүхдүүдэд заналхийлэх зүйл энд бишгүй. “School police” арга хэмжээ сургуулийн орчин дахь эрсдэлийг бууруулж буй ч сургуулиас гэр хүртэлх замд хүүхдүүд эзэнгүйдсэн хэвээр байгаа” хэмээн хуучилж амжив.

“School police” арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш энэ нь эрс багассан. Одоо гэртээ харих замыг нь хараа хяналттай болгочихвол хүүхдүүдээ эрсдэлээс бүрэн хамгаалахад ядах юмгүй санагддаг

10.00 цаг. Хүүхдүүд хичээлдээ орсон тул сургууль орчим нам гүм, хөл хөдөлгөөнгүй болов. Хүүхэд хамгаалагчдын ажил ч энэ зуур хэсэг завсарлаж, 11.40 цагаас дараагийн эргүүлдээ гарах учиртай. Бид дараагийн цагаа хүлээх зуураа яриа өрнүүлэв.

-Эргүүлийн хуваарьт цаг хоорондын сул хугацаанд гэртээ харьж амждаг уу?

М.Б: -Бид өдөрт дөрвөн цаг ажиллах гэрээтэй. Гэхдээ ирэх, очихын арван км зайд өдөрт гурван удаа эргүүл хийхээр дөрвөн цагт яагаад ч амждаггүй. Би хувийн мотоциклтой. Урин дулаан цагт түүгээрээ явахад амар байсан. Харин хүйтрэхээр аюулгүй байдлын үүднээс мотоцикл хориглодог тул унаагүй болчихоод, явган явж, өдөрт багадаа зургаан цаг зарцуулж байна. Гэр хол болохоор эргүүл хоорондын сул цагаар харьдаггүй, энэ хавиараа байж байгаад дараагийн эргүүлдээ гардаг. Бид ингэж ажилласныхаа урамшуулалд сар бүр 252 мянган төгрөг авах гэрээтэй. Тавдугаар сараас хойш ганц удаа л энэ урамшууллаа авсан. Төсөв санхүү нь хэцүү байдаг бололтой юм билээ. Цалин мөнгөнд нь болж биш, цагдаагийн байгууллага танд итгэж, үүрэг хүлээлгэлээ гэсэн болохоор, цагдаагийн байгууллагад 30 жил ажилласан бэлтгэл ахмадын хувьд сэтгэлээрээ явж байна даа.

Хүүхэд хамгаалагчийн ажлын нэг агшин

-Өнгөрсөн хугацаанд хэр олон хүүхдийг осол аюулаас хамгаалж, тусламж үзүүлсэн бэ?

Л.Д: -Хүүхэд хамгаалагчаар энэ оны тавдугаар сараас ажиллаж байна. Бага ангийнхан тарчихсан, удалгүй зуны амралт эхэлсэн болохоор янз бүрийн асуудал харьцангуй бага байлаа. Хичээл эхэлснээс хойш хариуцсан хэсгийнхээ эцэг, эхчүүдэд зөвлөгөө зөвлөмж өгч, гудамж талбайд хүүхдүүдийг аюулгүй, эрсдэлгүй байлгахын төлөө чадлынхаа хэрээр хичээж байна.

М.Б: -Энэ зун эргүүл хийж яваад төөрсөн хүүхдийг гэрт нь хүргэж өгсөн.

-Төөрсөн гэдгийг нь яаж мэдсэн бэ. Хүүхэд өөрөө та бүхнээс тусламж хүссэн үү?

М.Б: -Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан болохоор хүүхэд хаашаа явахаа мэдэхгүй, айж сандарсан, тайван бус байна гэдгийг хараад ялгана. Хүүхэд хаашаа явахаа шийдэж ядсан байдалтай зогсоод байвал хэсэг ажиглаад, очиж ярилцана. Юу хийж зогсоо юм бэ, яагаад гэр лүүгээ явахгүй байгаа юм бэ, гэр чинь хаана вэ гэж асууна. Зарим нь “Эгч, ахыгаа хүлээж байна” гэдэг, зарим нь гэрт нь хүн байхгүй болохоор цаг нөхцөөж байдаг. Тэднийг дагаж, ажиглана. Тэр маягаараа ажилласан. Гудамжны үзүүрт нэг хүүхэд хаашаа явахаа мэдэхгүй байгаа бололтой, ийш тийшээ хараад нэлээд удаан зогсохоор нь хэсэг ажиглаад очиж уулзсан. Тэгэхэд “Дорнодоос эгчийнхээ хүүхдийг харахаар ирсэн. Эгч дэлгүүр ороод ир гэж гаргасан. Буцаад гэрээ олохгүй байна” гэсэн. Би тэтгэвэрт гарахынхаа өмнө хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан учраас тэр хавийг сайн мэддэг юм. Түүнээс ойр хавийнх нь байшин, хашааг асуусаар гэрийг нь олж, хүргэж өгсөн. Тэгээд хөдөөнөөс ирсэн хүүхдийг ингэж ганцааранг нь явуулж болохгүй гэдгийг эгчид нь хэлж, сануулсан. Ер нь бид аав, ээжүүдэд “Хүүхдээ битгий ганцааранг нь явуул. Гарч ороход нь анзаарч, хяналт тавь. Болж өгвөл хичээлд нь хүргэж өгч, тарахад нь тосож авч бай” гэж зөвлөдөг.

11.40 цаг. Ийн ярилцаж байтал өглөөний ээлжийнхэн тарж эхлэв. Хүүхэд хамгаалагчдын эргүүл хийх цаг ч болжээ. Өглөөний ээлжид хичээллэсэн бага ангийнхны гэртээ харих урсгалыг дагаж, сургуулиас “Орлого” дэлгүүр хүрээд, тэндээсээ өдрийн ээлжийнхний хичээлдээ ирэх урсгалыг даган сургууль руу буцаж ирэх ёстой.

Надтай ярилцаж, асуулт бүхэнд минь хариулж байхдаа хэзээний л тээр цаана ноцолдож буй хөвгүүдийг харчихсан “Цаанаас чинь машин гараад ирэх вий. Зам руу нэгнээ түлхчих вэ” гэх, “Тэр охин гуравдугаар ангиас хэтрэхгүй дээ. Ямар автобусанд суухаа мэдэхгүй байх шиг байна. Түрүүнээс хойш энд зогслоо” хэмээх нь аргагүй л насаараа цагдаагийн албанд зүтгэсэн бэлтгэл ахмад гэдгийг нь илтгэх аж. Ийн төрсөн сэтгэгдлээ хэлтэл М.Баярсайхан “Насаараа цагдаад ажилласан хүн их гярхай, ажигч болчихдог. Тэтгэвэрт гарсан ч тэр хэвээрээ л байдаг юм байна. Хүүхэд хамгаалагчийн ажил хийж явахдаа ч сэжигтэй харагдсан нөхдийн талаар цагдаад мэдээлэл өгнө. Бид саяхан хулгайн хэрэг илрүүлсэн. Зурагт тэвэрчихсэн сэжигтэй нөхрийг шалгатал айлаас хулгайлсан байсан” гэв.

12.40 цаг. Хичээлээ тарсан бага ангийнхан аюулгүй, тайван гэртээ харьж буйг алсаас ажигласаар хариуцсан талбайнхаа эцсийн цэг “Орлого” дэлгүүрт хүрч, өдрийн ээлжийнхнийг унаандаа сууж дуустал тэр хавиар эргэлдээд, буцав.

13.00 цаг. Машин, явган зорчигч холилдон бужигнасан өнөөх нарийхан гудамжаараа уруудаж яваад хашааны буланд хэдэн хүн тойрч суухтай таарав. Чанга чанга хашхирч, эрээ цээргүй инээлдэх тэд согтуу байгаа нь илэрхий. Хүүхдүүд бүү хэл, томчууд ч тэднийг тойрч гарахын тулд машины зам голлон алхахаас аргагүйд хүрч байгааг харсан хүүхэд хамгаалагчид цагдаад дуудлага өгөн, согтуучуудыг тарааж, зохих арга хэмжээ авах хүсэлт гаргалаа.

Ийм дуудлага хэр олон удаа өгснийг нь сонирхвол “Нэлээд хэдэн удаа дуудлага өгсөн шүү. Архидалт гэр хороололд их байна. Гэр оронтой хэрнээ гудамжинд цугларч архи уудаг. Согтуучууд хүүхэд айлгаж, ичээхээс гадна хавь ойрынхныхоо амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Тэднийг тараах, эрүүлжүүлэх, олон удаа давтагдвал албадан саатуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргадаг. Согтуучууд, машин тэрэгнээс гадна золбин нохой хүүхдүүдэд эрсдэл учруулдаг. Гудамжинд нохой явбал эзнийг нь олж уяулах, эзэнгүй бол зохих газарт нь хэлж устгуулах арга хэмжээ авхуулдаг. Саяхан барилгын манаачийн тэжээсэн нохой сул явж, хүүхэд айлгаад байхаар нь устгуулсан” гэв.

13.40 цаг. Өдрийн ээлжийнхний хичээлдээ ирэх урсгалыг дагасаар сургууль хүрэхэд 13.40 цаг болсон байв. Бэлтгэл ахмад М.Баярсайхан “Намайг хэсгийн байцаагчаар ажиллаж байхад сургуулийн орчинд утсаа дээрэмдүүлэх, залилуулах, хүүхдийн мөнгийг хуурч, сүрдүүлж авах гэх мэт хэрэг их гардаг байсан. “School police” арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш энэ нь эрс багассан. Одоо гэртээ харих замыг нь хараа хяналттай болгочихвол хүүхдүүдээ эрсдэлээс бүрэн хамгаалахад ядах юмгүй санагддаг. Хүүхэд хамгаална гэж ярьдаг төрийн болон төрийн бус байгууллага олон шүү дээ. Ний нуугүй хэлэхэд тэд ажлаа хийхгүй байгаа. Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах нь ганц цагдаагийн байгууллагын ажил болоод байна. Хүүхдийн төлөө гэсэн тэр олон байгууллага, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, эцэг эхчүүд жаахан ч гэсэн сэтгэл гаргавал хүүхдүүдээ эрсдэлд оруулахгүй, хамгаалах ажил илүү үр дүнтэй болж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурна. Гэтэл хүмүүс өөрийнх нь хүүхэд л биш бол тоодоггүй, өчүүхэн ч сэтгэлгүй ханддаг нь харамсалтай” хэмээн санал бодлоо хуваалцав. Хичээл тартал буюу 16.45 цаг хүртэл чөлөөтэй тул тэд үдийн цайгаа уухаар явлаа.

Зүүн гараас М.Баярсайхан, Л.Дэлэг нар Хүүхэд хамгаалагчийн цэг дээрээ. Эрсдэлтэй цэгүүдэд ийм сандал, мэдээллийн самбар байршуулжээ

16.45 цаг. Өдрийн ээлжийнхний хичээл тарах болсон тул хүүхэд хамгаалагчид сургуулиас 200 орчим метрийн зайтай, төв замын явган хүний гарцан дээр байрлалаа эзлэв. Сургуулиас гэр хороолол руу явах хүүхдүүд үүгээр л гарах учраас хичээл тарах үеэр хүүхэд хамгаалагчдын анхаарал хандуулдаг гол цэг нь энэ аж. Нэг, хоёрдугаар ангийнхан бололтой, цүнхэндээ багадсан жаалуудыг л эцэг, эхчүүд нь хөтлөн гарч ирэхээс биш, түүнээс ахмадууд нь ихэвчлэн томчуудын хараа хяналтгүй явцгаана. Хүүхэд хамгаалагчид “Эцэг, эхчүүд нэг, хоёрдугаар ангийнхныг л хичээлд нь хүргэж өгдөг, түүнээс дээшихийг нь хараа хяналтгүй явуулдаг. Өглөө 500-гийн унаанд суулгаад л орхичихдог. Машины зогсоолоос сургууль хүртэлх, орой хичээл тараад харих зам нь үндсэндээ хараа хяналтгүй. Тэр эзэнгүй үлдсэн хугацааг жаахан ч гэсэн хараа хяналттай байлгах үүргийг бид хүлээж байгаа. Орой, үдэш хүүхдүүдээ тосож авахгүй байгааг юугаар ч зөвтгөж болохгүй. Одоо өвөл болж байна. Эрт бүрий болно. Ямар ч ажилтай байсан арав ч хүрээгүй нялх амьтдыг битгий ганцааранг нь явуулаач. Хүүхдээ тосож авч байгаач гэж хүн бүрт хэлмээр санагддаг” гэсэн.

17.00 цаг. Тэд томчуудын хараа хяналтгүй яваа бага ангийнхныг замаар гарахад нь тусалж, автобус унаанд суутал нь тэр хавиар эргэлдээд, 17.00 цаг өнгөрөх үед эцсийн цэг рүүгээ хөдлөв.

18.00 цаг. Гэр лүүгээ явган харьдаг хүүхдүүдийн араас дагаж, алсаас ажиглан алхсаар “Орлого” дэлгүүр хүрээд сургууль руу буцахад 18.00 цаг болж байв. Буцах цаг нь дунд, ахлах ангийнхны хичээл тарж, харих цагтай давхцах аж.

18.45 цаг. Хүүхэд хамгаалагчдын нэг өдрийн ажил дууслаа. Жаахнуудын аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм зорилготой эрчүүд энэ өдөр гуч шахам км туулсан. Нэг алхам хагас метр гэвэл жаран мянга шахам алхжээ гэсэн үг. Энэ өдөр тэдний хариуцсан хэсэгт хүүхдийн аюулгүй байдлын эсрэг ямар нэг таагүй явдал тохиосонгүй. Хүүхдүүд аюулгүй, амгалан байхаас илүү сайхан зүйл юу билээ.

Хүүхэд зорчиход эрсдэлтэй цэгүүдэд эргүүл, хяналт хийх “Хүүхэд хамгаалагч” төслийг Ерөнхийлөгчийн ивээл дор ЦЕГ-аас хэрэгжүүлж буй. Хүүхэд хамгаалагчид ерөнхий боловсролын сурагчдын хичээлдээ явах замын аюултай хэсэг, орчинд тусламж үзүүлж, хяналт тавих зорилгоор гэмт хэргийн гаралт ихтэй, хүүхдүүд хол замыг явганаар туулж сургуульдаа очдог хэсэгт эргүүл хийж буй юм. Төслийн хүрээнд эрсдэлтэй цэгүүдийг тогтоон, хичээл эхлэх, завсарлах, тарах цагаар хүүхэд хамгаалагчид хяналтад гардаг. Баянзүрх дүүргийн IV хороонд л гэхэд төсөл хэрэгжсэнээс хойш хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил өнгөрсөн оны мөн үеийнхээс гурван хувиар буурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)