ЕЭЗХ-той 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав

Москвагийн “Метрополь” зочид буудлын үүдэн дэх Д.Сүхбаатарын дурсгалын самбар, Александровын цэцэрлэгт хүрээлэн дэх Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын хоёр дахь өдөр эхэллээ. Энэ өдөр Монгол, Евразийн эдийн засгийн холбоо хамтран зохион байгуулж буй бизнес форумд Засгийн газрын тэргүүн оролцов. Энэ үеэр манай Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбооны 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгэндээ “Манай улс Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхийг зорьж байна. Тус холбоотой 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд харилцааны эрх зүйн үндэс бүрдэж, олон салбарт тодорхой ахиц дэвшил гарч байна. Манай Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бидний харилцаанд ахиц гаргана гэдэгт найдаж байна” гээд Монголын эдийн засгийн байдал, голлох үзүүлэлтийн талаар танилцуулав. Тэрбээр “Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах шаардлагатай байна. Уг судалгааг ойрын үед эхлүүлэхээр ярилцаж байгаа. Манай бараа, бүтээгдэхүүн Евразийн зах зээлд нэвтрэхэд стандарт, хорио цээр, техникийн зохицуулалт хариуцсан хоёр талын байгууллага идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Монгол, Орос, Хятадын хооронд эдийн засгийн коридор

байгуулах ажлын хүрээнд төмөр зам болон авто замын томоохон төслүүд эхлүүлэхээр идэвхтэй ажиллаж байна” гэв.

Мөн ОХУ-ын Засгийн газрын дэд тэргүүн А.В.Гордеев “Хоёр улсын хоорондох худалдааны хэмжээ өссөөр байгаа. 2017 онд худалдааны хэмжээ 21, энэ оны эхний найман сарын байдлаар уг хэмжээ 15 хувиар өссөн. Цаашид үүнийг нэмэгдүүлэх боломжтой. Олон талт хамтын ажиллагаанд манай хоёр улс интеграцад оролцвол нэмэгдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн олон суурь загварыг ашиглаж, хоёр болон олон талт чөлөөт худалдааны бүс байгуулах хэлбэрээр хамтран ажиллаж болно. Хөдөө аж ахуй, дэд бүтэц, цахим хамтын ажиллагааны шинэ салбарт хамтран ажиллах бүрэн боломж бий. Евразийн түншлэлийн хэмжээнд Монгол Улс манай хамгийн ойрын түнш. Үүнээс гадна Орос, Хятад, Монголын гурван талт хамтын ажиллагааны шинэ механизм байгуулж, Евразийн хэмжээний том түншлэлийн эхлэл болж байгаад баяртай байна. Тухайлбал, Хятадын “Нэг бүс, нэг зам” төслийг Монголын “Талын зам”-тай уялдуулж нэг болгох нь манай хамтын ажиллагааны томоохон чиглэл” хэмээн онцолсон.

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэл тавьж, ОХУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголд бизнес эрхлэхийг урьсан. Есөн жилийн өмнө тус улсад хийсэн Ерөнхий сайд С.Батболдын албан ёсны айлчлалын үеэр ийм форум зохион байгуулсан бөгөөд манай улсаас 50 орчим бизнес эрхлэгч оролцсон бол энэ удаа 100 гаруй хүн компаниа төлөөлөн иржээ. Тэд Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ дэлгэсэн бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Манай бизнес эрхлэгчид Евразийн зах зээлд нэвтрэхэд бэлэн болсноо үүгээр илэрхийлж байна” гэлээ.

Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр Сочи хотод үргэлжлэх бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхана.

Манай сурвалжлагч Б.Номин ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)