“Есөн барилга, байгууламж хувьчилж, 68.3 тэрбум төгрөг төвлөрүүлнэ”

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, ирэх оны төсөв, газар зохион байгуулалтын энэ оны төлөвлөгөөний биелэлт болон ирэх жилийн төлөвлөгөө, нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн төсөвт ирэх онд 985 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд суурь орлого 894.1, зарлага 338.1 тэрбум байхаар төлөвлөжээ. Мөн улсын төсөвт 319.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 2019 оныхоос 770.5 сая төгрөгөөр нэмж, 27.3 тэрбум, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил, хамгаалал зэрэг нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлд энэ оныхоос 96 тэрбумаар илүү буюу 494 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Гэвч улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ хүнд ачаа болох тул нийслэлийн 2020 оны төсвийг задалж магадгүй хэмээн зарим төлөөлөгч үзсэн бол нэг хэсэг нь сонгуульд зориулсан төсөв хэмээн шүүмжилж байлаа.

Дараа нь 2019 оны газар зохион байгуулах ажлын биелэлт, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэв. Ирэх онд ногоон байгууламжийн тоог нэмэх бодлого баримталснаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан онцоллоо. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн арчлах, хамгаалахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах болов. Иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшиж буй газраа зориулалтын бусаар ашиглаж, хүндрэл учруулдгийг тэргүүлэгчид дурдаад, энэ чиглэлд анхаарахыг санууллаа.

Хуралдааны төгсгөлд 2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ирэх онд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн болон Баянгол дүүргийн I хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга зэрэг есөн байгууламжийг хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас тавьжээ. Тэдгээрийг хувьчлах шаардлагагүй гэж тэргүүлэгчдийн олонх нь үзээд ээлжит хуралдаанаар дахин хэлэлцэх болов. Нийслэлийн Өмчийн харилцааны газрынхны мэдээлснээр ирэх онд дээрх барилга, байгууламжийг хувьчилбал 68.3 тэрбум төгрөгийн орлого нийслэлийн төсөвт төвлөрүүлэх аж. Энэ тухай нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан “Нийслэлийн өмчийг хувьчлах бодлого огт алга. Сүхбаатар дүүргийн XV хорооны хуучин байрыг хувьчилж, 15 сая төгрөгөөр зарахаас өмнө хүүхдийн номын сан болгох тухай гурван жил яриад үр дүнд хүрээгүй. Одоо номын сангийн барилгыг барихад багадаа 350 сая төгрөг зарцуулна шүү” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)