Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлож байсныг илрүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвд олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Сэлэнгэ аймагт Ерөө гол дээр алт угааж байна” гэсэн мэдээлэл твиттер хэрэглэгч иргэнээс ирүүлсэн юм. Уг мэдээллийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байсан нь тогтоогджээ.

Тодруулбал, Бугант тосгоны харьяат иргэн Ш.Б, Б.Ө нар эксковатор ашиглан Ерөө голын мөсийг хуулан ухаж, гар аргаар үйлдвэрлэсэн алтны баяжмалтай шороо угаах төхөөрөмж ашиглан ашигт малтмал олборлолт явуулж байжээ.

Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг гарган шалгаж байгаа юм. Мөн Бугант тосгоны байгаль орчны хяналтын улсын байцаагчийг оролцуулан хэргийн газрын үзлэг хийж, байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээг гаргуулахаар аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.  

Хууль бус үйлдлийн талаар мэдээлэл өгч, иргэний үүргээ биелүүлэн цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэнд талархал илэрхийлье. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)