Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сонгуулийн саналаа өглөө

Өнөө өглөө 07:00 цагаас сонгуулийн санал хураалт эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 397 санал авах байр бэлтгэл ажлаа бүрэн хангаж одоогийн байдлаар санал хураалт хэвийн, ямар нэгэн ноцтой зөрчилгүй явагдаж байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл,  12.00 цагийн байдлаар  164.449  сонгогч буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгсөн аж.

Тэгвэл 12.30 минутад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хан-Уул дүүргийн 56 дугаар тойргийн 3 дугаар хэсгийн хороонд ирж сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр саналаа өгч гарч ирснийхээ дараа  “Зуны сарын нартай хуртай энэ сайхан өдөр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу  Монголын ард түмэн дөрвөн жилд нэг удаа ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлж, төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлдэг. Нам, эвслүүд хуулийн дагуу сонгуулийн кампанит ажлаа амжилттай явуулж дуусгалаа. Монголын ард түмний минь сонголт мэргэн байх болтугай. Ирж буй дөрвөн жилдээ бид Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээнэ гэдгийг хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

Түүнчлэн тус сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хорооны ахлагч Я.Оюунжаргалын мэдээлснээр тус хэсгийн хороо нийтдээ 2202 сонгогчтой. Үүнээс өдрийн 12.00 цагийн байдлаар 495 сонгогч буюу 22.4 хувийн ирцтэй байна. Одоогийн байдлаар гарсан зөрчилгүй, хэвийн явагдаж байгаа бөгөөд сонгогчдийн хувьд их идэвхтэй оролцож байна. Харин саяхан нэг иргэн 2 хүн сонгох ёстой байснаас 3 нэр дэвшигч сонгосны улмаас хуулийн дагуу хүчингүй болгосон байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)