Ерөнхий сайд хадгаламжиндаа 1.7 тэрбум төгрөг, харин УИХ-ын дарга 597 сая төгрөгтэй

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.    

Иймд дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://xacxom.iaac.mn/xacxom цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Энэ жилийн Б.Дэлгэрсайхан гишүүн 2017 онд 10.2 тэрбум төгрөгийн орлого олж, жагсаалтыг тэргүүлсэн бол А.Сүхбат гишүүн 9.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй байгаа нь хамгийн их хөрөнгөтэйгөөр тодорчээ.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд хадгаламжиндаа 1.756.362.600 төгрөгийн үлдэгдэлтэй, хоёр орон сууц, Harley Davidson, Lexus 570, Mercedes Benz, ML320 автомашин болон мотоцикл эзэмшдэг байна. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн орлого нь 19 сая, гэр бүлийнх нь 24 сая төгрөгийн орлого олжээ.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд хувийн хадгаламжиндаа 597 сая 44 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)