Ерөнхий сайд Дундговийн Засаг даргыг огцрууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гаригт Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тус аймгийн ИТХ VII хуралдаанаа АН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн нэг, бие даагч хоёр төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр арваннэгдүгээр сарын 25-нд арайхийн хийсэн. Тус хуралдаанд оролцсон 18 төлөөлөгч “Үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ирсэн” хэмээн 100 хувийн саналаар аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулахаар шийдвэрлэж, саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьсан юм.

Уг саналыг Ерөнхий сайд хүлээн авч, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.3 дахь заалт, Дундговь аймгийн ИТХ-ын 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны VII хуралдааны тавдугаар тогтоолыг үндэслэн, аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг Засаг даргын албан тушаалаас чөлөөлсүгэй” гэсэн шийдвэрт гарын үсэг зуржээ.

Дашрамд дурдахад, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг бас огцруулахаар тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбат санал гаргаад байгаа юм.


 Х.БАЙГАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)