Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг яллагдагчаар татжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр үдэш АТГ-т очиж мэдүүлэг өглөө. Түүнийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй эрүүгийн хэрэгт тайлбар авахаар дуудсан аж.

Тайлбараа өгчихөөд гарч ирснийхээ дараа тэрбээр сэтгүүлчдэд “АН-ын их хурал болохын өмнө намайг дуудсан. Намын даргын сонгууль хоёр хоногийн дараа болох гэж байхад зориуд улстөржин надаас байцаалт авлаа. Би Монголын төрд олон жил зүтгэж байна. Хувийн ашиг сонирхлоо бус, улс орны эрх ашгийн төлөө явж ирсэн. Намайг намын даргын төлөөх сонгуулийн сурталчилгаанд явж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд нар “Н.Алтанхуяг намын дарга болвол хорино, эсвэл сонгуулийн санал хураах өдрийн өмнө яллагдагчаар татна” гэсэн яриа гаргасныг би сонссон. Тэр нь болж байгаа бололтой” гэсэн юм.

Тэрбээр 19.00 цагийн үед очоод 20.00 цаг өнгөрч байхад АТГ-аас гарч ирэв. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг албан тушаалаа урвуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн, садан төрөлдөө хууль бусаар тендер олгуулсан хэрэгт нь яллагдагчаар татаж мэдүүлэг авчээ. Түүнийг хорих тухай мэдээлэл гарч байсан ч шүүх, прокурорын байгууллагад АТГ-ын мөрдөн байцаагч хорих санал хүргүүлээгүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)