Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн халаас нэгтэн Ц.Баярцогтын авир олны дургүйцлийг төрүүллээ

Олон нийтийн цахим сүлжээгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд дуулиан болж өрнөсөн үйл явдал бол яах аргагүй ажлаа хийж буй төрийн цагдаагийн өмнөөс салаавч үзүүлэн зогсоо хээнцэр эрийн бичлэг. “Чи хэн юм бэ, Чамайг харна аа п... минь, Чи яадгийн гөлөг минь. Ах аа, намайг танай Тусгай хамгаалалтын цагдаа нар зогсоогоод бичлэг хийгээд байна, дүү нь яах вэ уугаад л явж байна” гэх мэтээр хээв нэг ярьж буй тэр хээнцэр эрийг Хар бургуйд овгийн Цэцгээгийн Баярцогт гэнэ.

1988 оны зургадугаар сард төрсөн тэрбээр өөр нэрээр, тодруулбал Цэцгээгийн Баяртогтох нэртэй болчихоод явж буй юм билээ. Бусдын эд хөрөнгийг бүлэглэн залилсан хэргээ прокурор, шүүхийнхнээр хэрэгсэхгүй болгуулаад, өдгөө зөвхөн байгаль орчинд хохирол учруулж, хууль бусаар алт олборлосон хэргийг нь Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүх энэ сарын 4-нд хэлэлцэхээр товлосон тийм нэгэн эр хотын төв гудамжинд агсраад явж байна.

Ц.БАЯРЦОГТЫН ХОЛБОГДСОН ХЭРГҮҮД ШИЙДЭГДЭГГҮЙН УЧИР

Олон нийтийн сүлжээнд “Баяраа Баяртогтох” гэсэн нэрээр “Өнгөрсөн жил болоод өнгөрсөн асуудлыг цагдаа нь ажлаас халагдаад ийнхүү гаргаж тавилаа” гэсэн утгатай зүйл бичсэн нь магадгүй өөрийнх хуурамч нэрээрээ нээсэн хаяг байх магадлалтай. Тэрбээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт байгаа авлигад дуртай хүмүүсийн “буянаар” хуурамч бичиг баримт гаргуулж авахдаа гаршсан нэгэн бололтой. Уг нь Чимгээгийн Баярцогт гэдэг овог нэртэй гэдгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан нь хэлдэг юм.

Хавтаст хэрэгт ч “Чимгээгийн Баярцогт гэдэг овог нэрээ АНУ руу явахын тулд Цэцгээгийнх болгосон” хэмээн мэдүүлсэн нь байдаг юм билээ. Харин албан үүргээ гүйцэтгэж явсан Замын цагдаагийн алба хаагч руу салаавч гаргахдаа Ц.Баяртогтох гэдэг нэртэй болчихоод буй. Ийнхүү овог нэрээ өөрчилж чаддаг хүн хэргээс мултрах аргаа ч шүүгч, прокуроруудаар элбэгхэн хийлгэдэг нь аргагүй биз.

“Баян суут” гэх компанийнхан, түүний захирал Ц.Баярцогт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ялбагийн голын Хуст нарийны голын эхэнд хууль бусаар алт олборлож, нутгийн иргэдийг “ална, шулна” хэмээн омогдож явахдаа иргэн Д.Батбаяраас Б.Отгонбаатар хэмээх найзаараа дамжуулан 300 сая төгрөг залилан авсан хэрэгт холбогдсон юм.

Одоогоос гурван жил гаруйн өмнө энэ хэрэг явдал болсон бөгөөд Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих тогтоол Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч гаргасан юм. Гэвч тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар маргааш нь шүүгчийнхээ цагдан хорих тогтоолыг хүчингүй болгосон түүхтэй. М.Алдар шүүгч үүнийхээ төлөө Шүүхийн Ёс зүйн хороондоо дуудагдаж байсан ч, шударга шүүх тогтож байгаа хэмээдэг ШЕЗ-ийнхөн М.Алдарыгаа хамгаалаад авч үлдсэн юм даг.

Ингээд Ц.Баярцогт батлан даалтад шалгуулах болж, энэ хооронд танил тал, ар өврийн хаалгаараа хэргийнхээ зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгуулж чадсан. Түүнд уг нь цагдаагийн байгууллагаас бусдын эд хөрөнгө залилсан хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар яллагдагчаар татахаар болсон ч НПГ-ын хяналтын прокурор асан, өдгөө тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга болж албан тушаал дэвшчихээд буй Ж.Сандагсүрэн тэргүүтнүүд залилангийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм.

Ц.Баярцогт тэргүүтнүүдэд эд хөрөнгөө залилуулсан Д.Батбаяр гэрээслэлдээ “Миний үхэлд прокурор Ж.Сандагсүрэн, Нямдорж зэрэг хүн буруутай” хэмээн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг нь эсэргүүцэж амиа хорлох оролдлого хийж байв. Гэтэл өдгөө хохирогч Д.Батбаярыг нөгөө прокурорууд нь эрүүгийн хэргийн яллагдагчаар татчихаад байгаа.

Мөн 2014 онд Сүхбаатар дүүргийн нутагт хүн зодож гэмтээсэн хэргийг нь залилан, байгаль орчинд хохирол учруулсан хэрэгтэй нь нэгтгэн шалгахаар болсон ч прокурорууд “цавчсан” аж. Монголд хууль ингэж л хэрэгжиж байна, шүүх, прокурорынхон хуулийг гууль болгохыг ийнхүү харуулж байна гэж хохирогч Д.Батбаярын эхнэр нь уйлан сууж байсан юм.

Энэ сарын 4-нд болох шүүх хуралд Цэцгээгийн, “Чимгээгийн” Баярцогт хууль бусаар олборлолт явуулж байгаль орчинд хохирол учруулсан үндэслэлээр шүүгдэгчийн ширээнд суух юм. Гэхдээ уг шүүх хурал болох, эсэх нь эргэлзээтэй. 2017 оны дөрөвдүгээр сард Ц.Баярцогт нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн ч өнөөдрийг болтол Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүх хэргийг хэлэлцэж чадаагүй.

Өмгөөлөгч нар нь “хурал давхацсан”, “өвчтэй” гэх мэт шүүх хурал хойшлуулахын тулд хийдэг башир аргуудаа хэрэглэсээр хэргийн холбогдогчид ял завшуулах боломж олгож байгаа юм. Шүүгч нар нь ч гэсэн эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийг сул чөлөөтэй явуулж, тэр этгээд нь өнөөдөр төрийн цагдааг хэл амаар доромжилж салаавч үзүүлээд, шүлсээ үсчүүлэн зогсож байна.

Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэг. Гэтэл хууль зөрчсөн этгээд дахин дахин хууль зөрчөөд байхад шүүгч, прокурорууд толгойг нь илээд л байж байна. Эгэл жирийн хөвгүүд Ц.Баярцогт шиг хэрэгт холбогдсон бол цагдан хорих байранд хэрэг шийдэгдтэл, шүүх хурал болтол хоригдож суух нь дамжиггүй.

Хот, хөдөөгийн шүүгч, прокуроруудын нэг хэсэг нь хамгаалж буй Ц.Баярцогтын авирыг олон нийтийн сүлжээгээр ард түмэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хангалттай харлаа. Энэ сарын 4-нд болох шүүх хуралд эрхэм шүүгч, прокурорууд яаж нөлөөлөхийг харах л үлдлээ.

Магадгүй Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Жаргалтулгын Эрдэнэбат ч “хамгаалалтад” нь оролцох магадлалтай. Учир нь Ц.Баярцогт байгаль орчныг нөхөн сэргээх нэрээр Ялбагийн голын Хуст нарийны голыг ухахаасаа өмнө Дөтлүүр гэх газар хууль бусаар алт олборлосон байдаг. Үүнд нь Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа зөвшөөрөл олгосон нь тус аймгийн Сум дундын шүүхэд очоод буй хавтаст хэрэгт бий. Зүүнхараагийн зарим иргэн “Ж.Эрдэнэбат, Ц.Баярцогт нар халаас нэгтэй шүү дээ” хэмээн 2015 оны аравдугаар сард Ялбагийн голоос сурвалжилга хийхээр очиход өгүүлж байсан юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Ж.Эрдэнэбат болон Ц.Баярцогт нарыг 2013 онд сэжигтнээр тооцсон баримт ч байдаг юм билээ.

ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦООД Ц.БАЯРЦОГТЫГ ХЭРХСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ

Замын цагдаагийн алба хаагч руу Төв талбайн уулзвар, Монгол Улсын авто замын эхлэл цэг орчимд салаавч гаргаад зогсож буй Ц.Баярцогтод ямар хариуцлага тооцсон бэ гэдэгт ард түмэн анхаарлаа хандуулж байгаа. Түүнд ямар нэг хариуцлага тооцсон зүйл алга. Тэр өдөр нь буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүлжүүлэх байранд саатуулаад гаргасан гэх мэдээлэл л бидэнд олдлоо.

Тэрбээр Эрүүлжүүлэхээс гараад нэг газарт бүгсэн бололтой. МБГ-ын Эрэн сурвалжлах хэлтсийнхэн Ц.Баярцогтыг хайж буй тухай мэдээлэл ч бидэнд ирэв. Хууль сахиулагчид нэгнийг нь хэл үг, үйлдлээр доромжилж, олон нийтийн сүлжээнд бичлэг нь цацагдсан нөхрийг зүгээр тавиад явуулчихсан гэхэд итгэмээргүй. Ганц согтуу хүн маллаад байж чадахгүй цагдаагийн байгууллага байна гэдэг ичгэвтэр биш үү, Ө.Энхтөр дарга аа.

Цагдаагийн байгууллагынхан өөрсдөө хэргээ зүйлчилж, шийдэж чадахгүй, хууль хэрэглээний чадвар муу байгаа нь салаавч “долоогоод” суух үндэс болсон гээд хэлчихэд буруудсан болохгүй. Дээр нь Хууль зүй, дотоод хэргийн салбар хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан нь Ц.Баярцогтын залилангийн, байгаль орчинд хөнөөл учруулсан хэрэгт нөлөөлөхийг оролдож, хэрэгсэхгүй болгуулах гэж явсан нь ч цагдаагийн хэдэн алба хаагчийнхаа ажлыг үгүйсгэж, доромжилсны нэг тод жишээ.

Бичлэгээс үзэхэд Замын цагдаагийн албаны Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа-зохицуулагч, ахлагч Б.Отгонбаатар 1793 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200” загварын, тусгай дуут болон гэрэл дохио тавьж ажиллуулсан автомашины жолоочоос бичиг баримт, зөвшөөрлөө үзүүлэхийг шаардаж байв. Гэтэл дундуур нь Ц.Баярцогт орж ирэн агсамнаж буй.

Уг машин нь урсгал сөрж явсан, тусгай дуут дохио хэрэглэх зөвшөөрөл нь машин дээрээ тавих цэнхэр өнгөтэй дохионд л хамааралтай байж. Тиймээс Замын цагдаагийнхан Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” гэсэн зүйлийн 16 дахь заалт “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн үндэслэлээр 100.000 төгрөгөөр торгосон байна.

Уг нь Ц.Баярцогтод уг хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “Танхайрах, зүй бусаар биеэ авч явах” гэсэн заалтын “Олон нийтийн газар, авто зам, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн үндэслэлээр торгохоор зөрчил гаргасан нь бичлэгт тодорхой. Тамхи татаж, утаагаа замын цагдаагийн зохицуулагч руу үлээж, шүлсээ хаяж байгаад нь л ийм арга хэмжээ авч болохоор байв.

Үүнээс гадна “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” заалтын дагуу “Хууль сахиулагч, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, эсхүл үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг баримтлан арга хэмжээ авч болох байсан нь харагдана.

Харин өдгөө Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэсэн зүйлийн нэг дэх хэсгийн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу хариуцлага тооцохоор хайж буй гэсэн. Өчигдөр л гэхэд МБГ-ын Эрэн сурвалжлах хэлтсийнхэн Ц.Баярцогтын очиж болох хаягуудыг лавлаж түүнийх нь дагуу явсан аж. Мэдээж тэрбээр аль нэг хаяган дээрээ очдоггүй юм аа гэхэд Улаанбаатар хотын тоо томшгүй олон зочид буудлын нэгэнд хэвтэж буй биз ээ. Ц.Баярцогт сураггүй алга болоход утсаар ярилцсан цагдаагийн хурандаа ах нар нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

ОЛОН НИЙТИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭНД ЦАЦАГДСАН МЭДЭЭЛЛИЙН АЛЬ НЬ ҮНЭН БЭ

Фэйсбүүкээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тарсан бичлэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд янз бүрийн мэдээлэл цацаж, цагдаагийн алба хаагчийг буруутгахыг оролдох болов. Хил хязгааргүй, мэдээ мэдээллийн зах замбараагүй энэ орчинд тарж буй бичлэгийн доор тавигдаж буй “коммент”-уудын аль нь үнэн бэ гэдэгт бид хариулт өгөхийг зорилоо.

Цэцгээгийн Баярцогт “MCS”-ийн Спирт бал бурам компанийн захирлаар ажиллаж байсан, өдгөө УИХ-ын гишүүн болсон Л.Элдэв-Очирын охин Аззаяатай гэр бүл болж хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болсон нь үнэн. Гэвч хоёр тийш болж, тусдаа амьдарч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү, Автотээврийн үндэсний төвийн Тамгын газрын дарга, “MCS”-ийн дэд ерөнхийлөгч гэх мэт мэдээлэл цацагдаж буй. Эдгээр мэдээлэл нь ташаа гэдгийг дээрх хоёр байгууллагынхан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргаж илэрхийлсэн бол УИХ-ын гишүүд нэр төрд халдсан гэж үзэн хууль сахиулах байгууллагад хандаад буй юм билээ. Юутай ч Л.Элдэв-Очироос бусад нэр бүхий гишүүдтэй огт хамааралгүй гэдгийг Ц.Баярцогтыг мэддэг хэд хэдэн эх сурвалж баталж байна.

Фэйсбүүкт “Баяраа Баяртогтох” гэсэн нэрээр “Өнгөрсөн жил болоод өнгөрсөн асуудлыг цагдаа нь ажлаас халагдаад ийнхүү гаргаж тавилаа” гэсэн утгатай зүйл бичсэн талаар бид дээр дурдсан. Бичлэгт гарч буй, албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа-зохицуулагч, ахлагч Отгонбаатартай холбогдсон юм.

Тэрбээр “Би ажлаа хийж байна. Надад хэн ч хариуцлага тооцоогүй. Би хуулийн дагуу ажлаа хийсэн. Бичлэгт гарч буй зүйл бол ямар ч эвлүүлэггүй, болсон явдлыг л харуулж байна лээ. Би өөрөө ч тэр бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан талаар мэдээгүй байсан. Энэ үйл явдал бол өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт, бороо орсон өдөр 17.00 цагийн үед болсон юм. Станцаар тусгай дуут дохиотой машин урсгал сөрөөд явж буй тухай мэдээлэл ирсний дагуу түүнийг зогсоож, шалгах гэтэл зорчигчийн суудлаас тэр хүн бууж ирсэн. Тэгээд “Чи намайг шалгадаг хэн юм бэ” гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Цэнхэр өнгөтэй, машины дээд талд байгаа гэрэл дохиог ажиллуулах зөвшөөрөлтэй, нүүрэн талд байгаа цэнхэр, улаан өнгийн гэрэл дохио цагдаагийн машинд л тавих ёстой байдаг учраас тэр нь зөвшөөрөлгүй байсан. Жолоочийн гаргаж ирсэн бичиг баримтанд цэнхэр гэрэл дохионы зөвшөөрөл байсныг тэр Ц.Баярцогт гэдэг хүн булааж авч байгааг бичлэгээс харсан биз дээ” хэмээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)