Ерөнхий сайдын зугаалга хүчний байгууллагынхныг түргэн авахуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг амралтын өдрүүдээр малгайн үсээ сэргээхээр олон зууны тэртээгээс тахиж ирсэн төрийн тахилгат Бурхан Халдун уулыг зорьсон нь хүчний байгууллагынхныг түргэн авахуулж, Засгийн газраас Шуурхай ажлын хэсэг байгуулан, олон хүнийг дайчилж асар их зардал, чирэгдэл гаргахад хүргэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй 71 хүн өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдааны дараа Бурхан Халдун уулыг зорьжээ.

Ням гаригийн үүрээр зорьсон газартаа очиж, цайлаад, тахилгат хайрхны их овоог чиглэн алхсан аж. Доод овооноос их овоо хүртэл багагүй хугацаа зарцуулдаг (ойролцоогоор 4-5 цаг) тул нэлээд эртлэн (08.00 цагт) явсан гэнэ. Гэвч цаг агаар муудаж, Хэнтий, Төв аймгийн нутгаар болсон цасан шуурганд боогдон уулын бэл дэх отогтоо буцаж хүрч чадаагүй юм байна. Уг нь тэд 14.00 цагт уулын бэлд буцаж ирнэ гэж төлөвлөсөн байжээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших төрийн тахилгат Бурхан Халдун уул руу автомашинаар явахын тулд Багануураас зүүн хойш салж, Төв аймгийн Мөнгөнморьт сумаар дайрдаг. Тэдгээр сумын нутгаар өнгөрсөн бямба гаригийн 02.00 цагаас эхлэн, хэтрүүлж хэлбэл хүний өвдөгнөөс дээгүүр хэмжээтэй их цас орсон гэж орон нутгийн эх сурвалж мэдээлсэн юм.

Сумын төвийн ойр орчимд ийм их цас орсон байхад Бурхан Халдун уулын орчимд түүнээс бага орно гэж байхгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Ерөнхий сайд тэргүүтэй 71 хүн 20-иод машинтай явсан юм байна. Аялагчдын дунд Ерөнхий сайдын 20 орчим настай хүү, Ерөнхий сайдын дүү болон ахлах зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Төв, Хэнтий аймгийн Засаг дарга нарын хүмүүс байжээ. Тэнд явсан хүн “Нэг метрийн цаана явж байгаа хүн харагдахгүй болж, улмаар бие биенээсээ төөрч, уул руу авирсан 68 хүн гурван хэсэг тасарсан. 16.00 цагийн үед уулын бэл дэх отогтоо 26 хүн ирсэн бол Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүсээс холбоо тасарсан. Нэлээд орой болтол хүлээж байгаад сураггүй байхаар нь Улаанбаатар руу холбоо барьж Ерөнхий сайд тэргүүтэй 40 гаруй хүнээс холбоо тасарлаа гэдгийг мэдэгдсэн” гэлээ

. Харин тэр оройдоо Улсын онцгой комисс хуралдаж, үүрээр Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан Ажлын хэсгийг Бурхан халдун уулын зүг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр явуулах шийдвэр гаргасан юм. Ингээд өчигдөр өглөө 06.00 цагийн үед эрлийн бүлгийнхэн нисчээ. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өчигдөр 09.30 цагт “Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөрөвдүгээр сарын 6-ны бямба гаригт Бурхан Халдун ууланд гарахаар явж, ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй байна. Ерөнхий сайдтай 70 хүн хамт яваа. Ерөнхий сайд, түүний багийг хайх шуурхай эрлийн баг томилон ажиллаж байгаа бөгөөд саяхан хоёр хэсэг хүмүүсийг олж байршлыг нь тогтоосон байна. Энэ нь ойролцоогоор 70-аад хүн байна гэж эрлийн баг мэдээллээ. Ерөнхий сайд, түүний багийг эрж хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна” гэсэн мэдээллийг өгөв.

Бурхан Халдун ууланд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг алга болсон тухай мэдээлэл Улсын онцгой комисст ирсэн даруйд, цагдаа, тагнуул, онцгой байдал, ГССҮТ-ийн эмч нар, Цусны төвийнхнийг бэлэн байдалтай бай хэмээн дуудаж, хэд хэдэн эмч, сувилагчийг Ажлын хэсэгт оруулан авч явсан тухай эх сурвалж мэдээллээ. Мөн энэ түргэн цугларалтын үеэр Цусны төвийн нэг сувилагч харанхуй гудамжинд такси барих гэж байгаад согтуу хүмүүст зодуулсан тухай мэдээлэл ч байна. Ерөнхий сайдыг Бурхан Халдун ууланд сураггүй болсны дараа эрэн хайх бүлэгт хилийн цэргийн алба хаагчдыг хамгийн түрүүнд дайчилсан аж. Хилийн 0252 дугаар ангийн эрлийн бүлэг дөрөвдүгээр сарын 8-ны 01.30 цагт ангийн байрлалаас хөдөлж, 04.00 цагт Бурхан Халдун ууланд очсон байна. 06.30 цагаас хилчид хайх ажлаа эхэлж, 10.00 цагийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон хамт явсан хүмүүсийг нь уулын модон дундаас олжээ.

Хилийн цэргийн алба хаагчид Ерөнхий сайдтай явсан бүлэг болон эрлийн ажиллагаанд оролцогч болох 200 гаруй хүнийг хээрийн гал тогоо байгуулан ундалж, аюулгүй байдлыг нь хангажээ. Эрэн хайх бүлэгт багтсан нэг эх сурвалж “Ерөнхий сайдын хацар, Ч.Сайханбилэг болон бусад хүний гар, хөлийн хуруу бага зэрэг хайрагдсанаас өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй. Ерөнхий сайдын эмч нь түүнд болон хүүхдэд нь үзлэг хийсэн” гэлээ. Цагдаа, Төрийн тусгай хамгаалалтын алба, Онцгой байдал, Хилийн цэргийн албаны хүмүүсээс эрлийн явц, Ерөнхий сайдыг хаанаас олсон талаар лавлахад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав. Ерөнхий сайд тэргүүтэй 10 гаруй хүнийг өчигдөр 14.00 цагийн үед нисдэг тэргээр Улаанбаатарт авчирч, зарим хүнийг Улсын клиникийн II эмнэлэгт хүргэж, үзлэг шинжилгээнд хамруулсан бол Ерөнхий сайд гэртээ шууд харьж амарсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Харин үлдсэн хүмүүс автомашинаар өчигдөр 19.00 цагийн үед нийслэлд иржээ. Ерөнхий сайдын алга болсон дуулиан олон нийтийн цахим сүлжээ ашиглагчдын дунд өчигдөр нэлээд маргаан дэгдээж байв. Жиргээчид “Ерөнхий сайд бөөн зардал чирэгдэл гаргаж ингэж олуулаа Бурхан халдун руу явах хэрэг байсан юм уу. Түүнийг эрж хайх гэж бөөн чирэгдэл боллоо. Нисдэг тэрэгний нэг цаг нисэх зардал 5 сая 680 мянган төгрөг болж байна. Эрэх, зөөх ажиллагаа дор хаяж таван цаг гэж бодохоор их хэмжээний зардал гарчээ. Сэлэнгэ мөрөнд осолдож сураггүй болсон эх, хүү хоёрыг хайхад ингэж сэтгэл гарган шуурхай ажилласан бол сайн байх байлаа” гэх мэтээр бичжээ.

 Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)