Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулган өнөөдөр эхэлж байна. Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил уг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэхийн зэрэгцээ төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулах юм. Энэ удаагийн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй юм байна.

Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганы үеэр болох далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын уулзалтад оролцох аж. Түүнчлэн хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт, цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгоход дэмжлэг үзүүлэх бага хурал, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний сайд нарын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын сайд нарын албан бус уулзалтад тус тус оролцох гэнэ. Үүнээс гадна Литва, Румын, Канад улсын Гадаад хэргийн сайд, АНЭУ-ын Төрийн сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)