Ерөнхийлөгч болон Аварга багууд


АНУ-ын спортын лигийн аварга багууд 1980-аад оны дунд үеэс Цагаан ордонд тогтмол уригдаж, Ерөнхийлөгчтэйгөө уулзах болсон. Энэ уламжлалын үүх түүх, зарим сонирхолтой үйл явдлын талаар өгүүлье.

•1868 оны арванхоёрдугаар сарын 30-нд тамирчид анх Цагаан ордонд зочилжээ. Тухайн өдөр Ерөнхийлөгч Э.Жонсон бейсболын “Бруклин Атлантикс” болон “Вашингтон нэйшнлз” багийнхантай уулзсан юм. Уг үйл явдал иргэний дайны дараа болсон бөгөөд бейсбол нь үндэсний спортын хувьд ард түмнийг нэгтгэх онцгой ач холбогдолтой гэж эрх баригчид үзсэнээр ийм арга хэмжээ зохион байгуулсан аж.

• Түүнээс хойш 50 гаруй жилийн дараа тамирчид Цагаан ордонд хөл тавив. 1924 онд бейсболын лигт түрүүлсэн “Вашингтон сенаторс” багийнхныг нийслэлийн иргэдийн хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч К.Кулиж бейсболд хорхойтой нэгэн байж.

• 1963 онд Ерөнхийлөгч Ж.Кеннеди албан тушаалаа “ашиглаж”, төрөлх Бостон хотынхоо “Селтикс” багийг урилаа. Тухайн үед “Бостон” ид оргил үедээ байсан агаад дөрвөн жил дараалан NBA-ийн аварга болоод байв. Ж.Кеннеди багадаа “Селтикс”-ийг дэмждэг байснаа өгүүлж, аварга багийн тоглогчидтой цаг гаруй хууч хөөрчээ. “Бостон”-ы ерөнхийлөгч Р.Ауэрбахын өгүүлснээр Ерөнхийлөгчтэй уулзах уламжлал тэр үеэс эхэлсэн агаад мөн жилдээ Ж.Кеннеди амь үрэгдсэн ч дараа жил нь түүнийг залгамжлагч Л.Жонсон “Селтикс”-ийг ахин ордонд урьж уулзсан юм. Хар арьстнуудыг зоогийн газар, кино театрт ч оруулдаггүй байхад Ерөнхийлөгч ордондоо урьсан нь тухайн үедээ онцгой үйл явдал байсныг мартаж болохгүй.

• Ерөнхийлөгч Р.Никсон сагсан бөмбөгт дургүй байснаас шалтгаалсан уу, аварга багийнхан ордонд ирэлгүй 10 гаруй жил болсны эцэст 1976 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Ж.Форд NCAA-ийн аварга багтай уулзав.

•1978 онд NBA-ийн аваргаар “Буллетс” баг тодорсон учир Ерөнхийлөгч Ж.Картер нийслэл хотын багийг Цагаан ордонд урихаас цааргалсангүй.

•1980 онд NFL-ийн аварга баг анх удаа Цагаан ордонд зочлов. Тэр “азтай” баг бол “Питтсбург стийлерс”.

•Ерөнхийлөгч Р.Рейганы үеэс аварга багууд Цагаан ордонд уригдах нь нэмэгдэв. Учир нь тэрбээр спортод дуртай, залуудаа радиод спортын тоймчоор ажиллаж байсан, жүжигчин байхдаа ч тамирчны дүрд тоглож байсан нь үүнд нөлөөлсөн аж.

•1986 онд NBA-ийн аварга “Селтикс” багтай Р.Рейган уулзсан нь тоглогчдод таатай сэтгэгдэл төрүүлээгүй байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч тус багийн домогт тоглогч Б.Коузи, Ж.Хавличек нарын нэрийг андуурч хэлснээс гадна зохион байгуулагчид тоглогчдыг бие засах, юм уухыг хориглож эвгүй байдалд оруулжээ. Тоглогчдын эхнэрүүдэд огт анхаарал хандуулаагүй, тусдаа ширээнд суулгасан зэрэг гомдол гарчээ.

•1987 онд Индианагийн их сургуулийн довтлогч Д.Майнорыг нийгмийн даатгалын дугаараа мартсан учир ордонд болсон уулзалтад оруулаагүй гэнэ. Мөн онд Теннесигийн их сургуулийн эмэгтэй багийнхан огт бичиг баримтгүй ирж, хамгаалалтын албаныханд төвөг удсан байна.

•1980-аад оны дунд үеэс NFL-ийн багууд Цагаан ордонд тогтмол уригдах болов. Гэвч заримдаа уулзалт хойшлогдох тохиолдол гарч байлаа. Тухайлбал, 1985 онд Супер боулын тоглолт дууссанаас хоёр өдрийн дараа сансрын “Челленжер” хөлөг сүйрсэн учир NFL-ийн аварга “Бийрс” багийн уулзалт цуцлагдсан аж. 1991 онд Супер боулаас 10 хоногийн дараа Персийн булангийн дайн эхэлснээр “Жайантс” багийнхан Цагаан ордонд очих боломжгүй болж байв. Харин 2003 онд үүнтэй төстэй шалтгаанаар буюу Иракийн дайнаас шалтгаалж “Тампа бэй” багийн уулзалт болоогүй. 1999 оны аварга баг “Бронкос” Ерөнхийлөгчөөс урилга аваагүй нь Б.Клинтон тухайн үед импичментийн асуудалтай байснаас шалтгаалсан гэсэн таамаг бий.

•Цагаан ордонд зочилсон хоккейн анхны баг бол 1983 оны NHL-ийн аварга “Айлендерс” юм. Улмаар Ерөнхийлөгч Ж.Бушийн үеэс тус лигийн багууд Цагаан ордонд байнга зочлох болов. 1991 онд “Пингвинз” багийн уулзалтын үеэр нэгэн хөгжилтэй явдал болж, Ерөнхийлөгч Ж.Буш багийн лидер М.Лемьегээс “Уучлаарай, та хэн билээ?” гэж асуусан гэдэг.

•Ерөнхийлөгчид нэрийг нь бичсэн майк бэлэглэдэг уламжлал ч эртнийх бус. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр багууд төрөл бүрийн зүйл бэлэглэдэг байв. Тухайлбал, “Хужерс”, “Буллетс” баг сагсны бөмбөг, “Айлендерс” баг цохиур, “Пайретс” баг саравчтай малгай өгч байлаа. Харин 1983 онд “76” багийнхан Р.Рейганд нэрийг нь бичсэн майк анх бэлэглэсэн бол 1985 онд “Лейкерс”-ий төвийн тоглогч К.Абдул-Жаббар мөн ийм бэлэг өгч байв. Гэсэн ч майк бэлэглэх нь тэр дороо уламжлал болсонгүй. Нэлээд хожуу буюу Б.Клинтон, Ж.Бушийн үеэс аварга багууд Ерөнхийлөгчид майк өгөх журам гарсан байна.

•Эдгээр бэлгийг эхлээд Үндэсний архивт дараа нь Ерөнхийлөгч тус бүрийн хувийн архивт хадгалдаг.

•Б.Обама найман жил Ерөнхийлөгчийн алба хашихдаа спортын 86 багтай уулзаж дээд амжилт тогтоож байв.

•Харин одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп хамгийн цөөн багтай уулзсан сөрөг амжилтын эзэн болж магадгүй. NBA-ийн “Уорриорз”, NFL-ийн “Ийглз” багийнхан түүнтэй уулзахаас татгалзсан төдийгүй энэ талаарх дуулиан олон нийтийн хэл амны бай болсон билээ.

Бэлтгэсэн: Э.Манлайбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)