Ерөнхийлөгчөөс эмээх шалтгаан

ЭРГЭЛЗЭЭ ДАГУУЛСАН ДҮГНЭЛТ

Цэцийн дунд суудлын хуралдаанаар Батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад удаагүй байна. Тодруулбал, Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Үндсэн хуульд зааснаас гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Батлан хамгаалах тухай хуульд тусгажээ. Тэдгээрийн дотор “Дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно” гэсэн заалт бий. Энэ нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан гэж Үндсэн хуулийн цэц үзсэн тул Батлан хамгаалах тухай хуулийн 12.1.5 дахь заалтыг өнгөрсөн сарын 31-нээс түдгэлзүүлээд буй. ҮХЦ-ийн дүгнэлтэд “Батлан хамгаалах тухай хуулийн 12.1.5 дахь заалт нь Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрх эдлэх агуулгыг илэрхийлж байна. Хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл, зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна” гэжээ.

Уг дүгнэлтийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор хэлэлцээд, хүлээж авахаар боллоо. Үндсэн хууль зөрчсөн гэгдээд буй дээрх заалт Батлан хамгаалах тухай хуульд хэзээнээс “суурьшсан”-ыг хөөж үзвэл саяхных аж. 2016 оны хоёрдугаар сарын 5-нд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд УИХ-аар баталсан. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жилийн бүрэн эрхийнхээ төгсгөлд санаачлан боловсруулсан төслийг өнөөгийн парламент хэлэлцэн, баталсан гэсэн үг. Энэ шинэчилсэн найруулгаар дээрх заалт хуульд орсон юм байна. Хуулийн 12 дугаар зүйл буюу Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэсэн хэсэгт “Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно” гэчихсэнийг зэрвэс харвал төрийн тэргүүнд өөртөө зориулж хууль батлах эрх өгчихсөн мэт. Гэвч өөрөөр тайлбарлах хүмүүс байна. 

ҮХЦ-ийн дунд суудлын хурал- даанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Энх-Амгалан гишүүн “Батлан хамгаалах тухай хуулийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэсэн заалтыг хууль зүйн хувьд илүү бататгаж өгсөн юм. Учир нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн “Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдах бөгөөд Ерөнхийлөгч хууль санаачлах субъект боловч хууль батлах субъект биш юм. Түүнчлэн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж заасан. Энэ нь Ерөнхийлөгчид ямар ч нөхцөлд зөвхөн УИХ-аас хуулиар олгосон тодорхой бүрэн эрхээс бусад бүрэн эрхийг олгохгүй бөгөөд Ерөнхийлөгч ч өөртөө бүрэн эрх олгох эрхгүйг тодруулсан заалт. Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хууль тогтоох буюу батлах бүрэн эрх УИХ-д хадгалагдах бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ямар ч үед хууль тогтоох эрх эдлэхгүй. 

Нөгөө талаар, Батлан хамгаалах тухай хуулийн 12.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлтэй утга, агуулгын хувьд холбоотой бөгөөд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох бүрэн эрх нь Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д хадгалах эрх зүйн зохицуулалтыг хөндөөгүй. Иймээс Ерөнхийлөгчийн дайн бүхий болон дайны байдлын үед бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх тодорхой бүрэн эрхийг хуулиар тодорхой зааж өгсөн тул иргэний мэдээлэлд дурдсанчлан Ерөнхийлөгч өөртөө хууль тогтоох агуулгыг илэрхийлээгүй” хэмээн ҮХЦ-ийн хуралдаанд тайлбарласан ч тусыг олоогүй гэсэн.

Мөн олон нийтийн зүгээс “УИХ, ҮХЦ хуйвалдан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх эрхийг нь түдгэлзүүллээ. Монгол Улс өнөөдрөөс эхлэн цэргийн командлагчгүй боллоо. Батлан хамгаалах тухай хуулийн дээрх заалт нь УИХ- ын хууль тогтоох эрхэд ямар ч байдлаар халдаагүй. Дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Ерөнхийлөгч буюу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх эрхийг УИХ хууль гаргаж тогтоож өгнө гэдгийг захын хуулийн сургуулийн оюутан мэдэж байхад ҮХЦ-ийн гишүүд мэдэхгүй байна гэж үү. МАН мангартаж, ҮХЦ улс төрийн захиалгат байгууллага болсныг харуулсан явдал боллоо” хэмээн ҮХЦ болон УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, улс төрийн бодлогын зөвлөх, хэвлэлийн алба энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэхийг хүссэнгүй.

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХЯЗГААРЛАХ АЖЛАА ДЭС ДАРААТАЙ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ” 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос байр суурийг нь сонирхоход “Энэ парламент Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах ажлаа дэс дараатай хийж эхэллээ” хэмээсэн. Ингэж хэлэх болсон шалтгаан ч бий. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасаж, танах, хязгаарлах оролдлого ганц энэ биш. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн түвшинд жил гаруй яригдаж, иргэдийн санал бодлыг тусган боловсруулсан гэх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг үгүй болгох заалт орсон нь нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа.

Ерөнхийлөгчийн хамгийн бодитой бөгөөд энэ институцийг хүчтэй болгодог гол эрх мэдлийг нь үгүй болгох гэсэн оролдлогыг олон нийт янз бүрээр хүлээж авч буй. Нэг хэсэг нь “Жижиг тойргоос, хэдхэн сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй байхад ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөөс энэ эрхийг нь булаах нь зохисгүй үйлдэл” гэж буй бол нөгөө хэсэг нь “Парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгч хууль санаачилдаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ эрхийг олгосноор гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлэх боломжгүй хуулийг санаачлан, УИХ-аар батлуулж, системээ гацааж байна” хэмээж буй.

Аль алинд нь үнэний ор бий л байх. Гэхдээ түүнээс илүү эрх мэдлийн дахин хуваарилалтын босгон дээрх сандрал, түгшүүр цаана нь байх шиг. Хэдийгээр манай улс парламентын засаглалтай гэгддэг ч парламентын болон Ерөнхийлөгчийн хосолсон засаглалтай мэт явж ирсэн. Сонгогдсон Ерөнхийлөгч бүр эрх мэдлээ нэмэгдүүлэх оролдлого хийсээр Төрийн тэргүүний бүрэн эрх өргөн хүрээг хамарч, цөөнгүй зүйлд хуруу, хошуу дүрдэг болсон. Бүр сүүлдээ Ерөнхийлөгчийн засаглал руу шилжүүлэх хүслээ ч цухалзуулж эхэлсэн билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хүслээ гүйцээхийн тулд өмнөх дөрвөөсөө илүү шаргуу зүтгэж мэдэхээр дүр зураг бий болгоод байна. Нийслэлийн дүүрэг бүрт уулзалт зохион байгуулж, иргэд УИХ-ыг тараах, Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж буй мэтээр суртал ухуулга хийсэн Төрийн тэргүүн одоо орон нутгаар тойрон энэ ажлаа үргэлжлүүлж яваа. Энэ нь парламент түүнээс болгоомжилж, эмээх, гар хөлийг нь хурдхан хумих хариу арга хэмжээ авах шалтгаан болов бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)