Ерөнхийлөгчийн эх зохиогч

Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Александрович Зеленскийгийн гэргий, тэргүүн хатагтай Елена Владимировна Кияшко 1978 оны хоёрдугаар сард тус улсын Кривой Рог гэдэг хотод мэндэлж, тэндээ дунд сургууль дүүргэжээ. Сурагч байхын уран сайханч, сургуулийнхаа тайзнаа дуулах дуртай байсан ч төгсөхдөө урлагийн сургууль сонгоогүй аж.

Улс төрд хөл тавьж, түүний гэр бүлийн тухай ярих хүртэл Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленс кий тийм ч алдартай байгаагүй. Гэргий Елена Зеленскаягийн хамт охин Саша, хүү Кириллээ өсгөдөг нь л тодорхой байв. Елена зарим ярилцлагадаа “Олонд танигдахыг эрмэлздэггүй, улаан хивсний камерын гэрэлгүй, офисын амьдрал тохь тух тай санагддаг” тухай тэмдэглэжээ. Үүнээс хойш тэрбээр олны өмнө байнга гарч, Украины шинэ тэргүүн хатагтайн хувиар янз бүрийн арга хэмжээнд оролцож, уулзалтуудад нөхрөө дагалдана.

ДУНД СУРГУУЛИЙН ТАНИЛ

Владимир болон Елена дунд сургуульд зэргэлдээ ангид сурдаг байсан учраас биенээ таних төдий байжээ. Гэхдээ Владимир гэж хэн болохыг Елена сайн мэддэг байв. “Үнэндээ Владимиртай анх хэзээ харц тулгарснаа санадаггүй юм. Харин сургууль дээр түүнийг танихгүй хүн үгүй. Тэрбээр найзуудын хамт олны анхаарал их татдаг. Хаана чанга дуу чимээтэй байна, тэнд Владимир байдаг байсан” гэж Елена саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эдийн засгийн дээд сургуулийн оюутан Владимир найзтайгаа кино үзээд, харьж явахдаа хоёр охинтой танилцсаны нэг нь Елена Кияшко байсан аж. Тэгэхэд л тэд анх удаа уулзсан гэнэ. Утасных нь дугаарыг авахын тулд Еленагаас барьж явсан түрээсийн киноны хуурцгийг гуйхдаа мэдсэн гэдэг. Ийн тэд дотно танилцсан байна. Тэр цагаас хойш гэрлэлтээ бүртгүүлэх хүртлээ тэд найман жил уулзсан байна. “Хуримаа хийх хүртлээ бид хамт амьдарч байгаагүй. Найман жил болзож, уулздаг байсан ч тусдаа эцэг, эхтэйгээ амьдардаг байлаа. 

Бидний олон найз тийн амьдарч байсан. Бид залуухан байсан учраас гэрлэх гэж яараагүй. “Энэ яагаад надад гэрлэх санал тавихгүй, сүйн бөгж бэлэглэхгүй байна вэ? Надад ямар нэг асуудал байгаа юм болов уу” гэсэн бодол байгаагүй” хэмээн Елена ярьжээ. “Хуримын тухай ярьдаг, хэзээ нэг өдөр гэрлэхээ бид мэддэг байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд, төлөвлөсөн зүйл байгаагүй. Өдрөө товлох болоход аялан тоглолтын хуваарийн үеэр л чөлөөтэй сар гарсан” гэж тэрбээр ярилцлагадаа тодруулсан байна.

АРХИТЕКТОРЧ

Дунд сургуулиа төгссөний дараа Елена эцэг, эхийнхээ зөвлөснөөр Техникийн их сургуульд сурч, улаан диплом, магистрын зэрэгтэй архитекторчоор төгсжээ. Гэсэн ч мэргэжлээрээ ажиллаагүй аж. Учир оюутан байхдаа Владимиртай дотно харилцаатай болсны сацуу багаасаа урлагт дуртай учир түүний сонирхдог Авхаалж сэргэлэнчүүдийн клубийг Елена идэвхтэй дэмжин, бэлтгэлд нь байнга оролцдог байв. Нэг үгээр хэлбэл, тэрбээр “Квартал 95 студи” компанийн уран бүтээлийн эх зохиолыг одоо ч бичдэг аж.

УДАМ ДАМЖСАН УРЛАГИЙНХАН

Украины шинэ Ерөнхийлөгчийн гэр бүлийн тухай мэдээлэл их биш ч тэднийх хоёр хүүхэдтэйг жүжигчний хувиар шүтэн бишрэгчид нь мэддэг. Том охин Саша нь 2004 оны долдугаар сард мэндэлсэн, одоо бараг 15 настай. Энэ хугацаанд тэрбээр нэг бус удаа дэлгэцнээ гарчээ.

Тухайлбал, Саша “Найман шинэ болзоо” киноны охины дүрийг бүтээсэн бол 2016 онд хүүхдийн хошин урлагийн шоунд оролцож, 50 мянган гривенээр шагнуулсан байна. Хүү Кирилл нь 2013 оны нэгдүгээр сард мэндэлсэн, зураг нь нийгмийн сүлжээнд маш ховор бий.

“СПОРТ БИДНИЙ АМЬДРАЛЫН НЭГ ХЭСЭГ”

Елена спортоор хичээллэх дуртай нөхрөө дэмжин, байнга хамтдаа бэлтгэл хийдэг. “Спорт бидний амьдралын нэг хэсэг. Сүүлийн жилүүдэд идэвхтэй хичээллэж байгаа. Бэлтгэлээ таслахаар нэг л таагүй. Бүтэн өдрийн турш ажиллах эрч хүчийг спорт өгдөг” хэмээн тэрбээр өгүүлжээ. Мөн өглөө, оройн хоолны ширээг гэрийнхнээ салахааргүй бэлтгэж, засдаг гэнэ.

МЭДРЭМЖТЭЙ НЭГЭН

Елена урьд нь нөхрийн хамт олны өмнө ховорхон гарч байсан учраас түүнийг хувцасны тийм загварыг илүүд үздэг гэж хэлэхэд хэцүү гэнэ. Гэсэн ч сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хувцасны гайхалтай сонголт хийдгээ хэд хэдэн удаа харуулжээ. Харин одоо түүний хэв маягт мэргэжлийнхэн зөвлөж, сонголт нь улам нарийн болох биз ээ. “Имижийн талаар гэвэл би хэн нэгнийг дагаж, дуурайхыг хичээдэггүй. Албаны шаардлага, онцлогийн талаар хэдэн зураг харснаас цаашгүй” гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа тэмдэглэжээ.

“НӨХРӨӨ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ ГЭХЭД ИТГЭЭГҮЙ”

Нөхрөө Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнд эхлээд итгээгүй гэдгээ тэрбээр олон ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг. “Би энэ төслийг шууд л эсэргүүцсэн. Их хүнд төсөл шүү дээ. Гаргасан шийдвэртээ тууштай Владимир шиг хүнийг сөрөөд нэмэргүй, үнэн хэрэгтээ. Одооноос л биеэ барьж, тайвширч, сайн сайханд төвлөрөхийг хичээж байна” хэмээн тэрбээр ярьсан байна. Нөхөртэйгөө ярилцаад, хатуу шийдсэн, үйл хэргийнхээ эцсийг үзнэ гэхийг сонсоод Елена түүнийг дэмжинэ гэсэн бат байр суурин дээр тогтжээ. 

Ташрамд хэлэхэд, зарим талаар нэг ёсны улс төрийн сурталчилгаа болсон “Ард түмний албат” олон ангит киноны зохиолыг Елена бичсэн аж. Сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээнд болсон бүх арга хэмжээний үеэр тэрбээр үргэлж нөхрийнхөө дэргэд байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)