ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ОНГОЦ АЛБАНЫХНЫ СЭТГЭЛД НИЙЦЭЭГҮЙ БОЛОЛТОЙ

Украины Ерөнхийлөгч, дээд албан тушаалын хүмүүс хөлөглөж байхаар худалдаж авсан “Аэробус А-319-115XCJ” онгоц Киевийн албаны хүмүүсийн сэтгэлд төдий л нийцэхгүй байгаа бололтой. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Левочкин ингэж хэлсэн тухай “Украинская правда” сонинд бичсэн байна. Уг онгоц Ерөнхийлөгч, түүнийг дагалдан явах хүмүүс бүгд суугаад зорчих боломжгүй, ердөө 40 хүний суудалтай учраас лав л сэтгүүлчид яагаад ч багтаж шингэхээргүй аж.

“Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Парламентын дарга алс холын орныг зорин нисэж таарна. Гэтэл энэ онгоцонд тийм нислэг хийх боломж байхгүй. Дээрээс нь маш өндөр үнэтэй” хэмээн С.Левочкин нэмж хэлжээ. Ерөнхийлөгч Виктор Януковичийн онгоцыг энэ сарын 11-нд Киевт авчирчээ. Уг онгоц Украины нүүр царай болох ёстой юм.

“Ерөнхийлөгчийн онгоц” ажлын өрөө, хурлын танхим, амралтын бүс, гал тогооны өрөөтэй. Мөн холбооны тусгай хэрэгсэл, бусад аппаратаар тоноглосон байна. Украины Ерөнхийлөгчийн онгоц 86 сая долларын үнэтэй хэмээн өмнө нь мэдээлж байсан юм. Онгоцны багийнхныг Францын Тулуз хотод бэлтгэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)