Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэв. Нэгдүгээрт, 2020 оны Төсвийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай, Төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төсөлд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ. 2020 оны төсвийг нийслэл төдийгүй аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж, баталсан. Баг, дүүргийн ИТХ энэ долоо хоногт хэлэлцэж дуусна. Нэгэнт орон нутгийн удирдлага төсвийн тухай хуулийг хүлээн зөвшөөрсөн учраас хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн байна. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг өсгөх 2020 оны Төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. Хоригийг хүлээж авснаар ОУВС-гийн хөтөлбөр зогсох эрсдэлтэй учраас нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах, эсвэл хугацааг хойшлуулах зэрэг ямар боломж байгааг судалж, Төсвийн байнгын хорооноос хуулийн төсөл боловсруулан УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөсөн байна.

Мөн Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэж үзсэнээ тодотгов. Өмгөөлөгч нь хүний эрхийг хамгаалахаар эрх зүйн маргаанд оролцдог учраас шүүгч, өмгөөлөгч, прокурор нь тусдаа хуулиар үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзжээ. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан бусад хуульд тавьсан хоригт дурдсанаар нэг чиг үүрэгтэй салбарт давхардсан үүрэг бүхий ижил төрлийн холбоод байх нь зохимжгүй. Хуульчдын холбоонд өмгөөлөгчдийн холбоо харьяалагдаад явахад болохгүй зүйлгүй гэдгийг тусгасан. Гэвч шүүх ажиллагаанд оролцдог байгууллагууд нэгнээсээ хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулах ёстойг Монголын өмгөөлөгчдийн холбооныхон тайлбарласан. Тэд нэг хуулиар үүрэг, хариуцлага, эрхээ хамгаалах нь үйл ажиллагаа нь зөрчилдөх шалтгаан болно гэж мэргэжлийн байгууллага нь дүгнэсэн байна. 1990 онд баталсан НҮБ-ын Өмгөөлөгчийн эрх зүйн зарчимд Өмгөөлөгчийн мэргэжлийн холбоо зайлшгүй байх, өмгөөлөгч нь холбоондоо нэгдэн орох эрхтэй гэж заажээ. Хууль зүйн тогтолцоотой газар бүрт нэг, эсвэл түүнээс дээш өмгөөлөгчтэй, өөрийгөө санхүүжүүлдэг бие даасан холбоод байх гэсэн олон улсын суурь зарчимтай зөрчилдөж байна. Иймд 77 жилийн түүхтэй өмгөөллийн байгууллага нь бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж үзсэн учраас Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй юм” гэв. Товч хэлбэл, өмгөөлөгч, хуульчийн үйл ажиллагаа өөр учраас тусдаа хуулиар эрх, үүргээ эдлэх ёстой гэж үзсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)