Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа

Ерөнхийлөгчийн сонгууль болоход есөн сар гаруйн хугацаа дутуу байгаа ч өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ. Уг сонгуульд УИХ-д суудалтай намаас л нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс МАН, АН, МАХН гэсэн гурван нам “хүрд эргүүлнэ”. Төрийн тэргүүний төлөөх сонгуульд горилогчдын хувьд гол өрсөлдөөн нам дотроо өрнөнө. Гишүүдийн олонх нь дэмжсэн, улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээ тухайн нам нэр дэвшүүлнэ.

Тиймээс тэд намын гишүүдтэйгээ сайн “ажиллах” хэрэгтэй болдог юм. Нөгөө талаас нам хоорондын тэмцэл гэж бий. Энэ тэмцэл ч хэдийнэ эхэлчихэж. Хуулийн хүрээнд “замаа засдаг” моод улс төрийн хүрээнд нэгэнт бий болчихсон. Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгууль АН, МАН гэсэн хоёр намын хооронд л өрнөдөг байлаа. Харин энэ удаа МАХН-аас хүчтэй өрсөлдөгч гарч ирж болзошгүй байгаа учраас “хуулийн хамгаалалт” авсан нь тэр.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан тухай хэлээд байгаа хэрэг л дээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар эдгээр хуулийн хэрэгжүүлэх хугацааг ирэх оны долдугаар сарын 1 болгож хойшлуулах саналыг МАН зүгээр ч нэг оруулж ирээгүй. Үүнийг АН-ын гишүүд ч, МАХН-ын ганц дайчин О.Баасанхүү ч хэлж буй.

Гишүүн Ж.Батзандан чуулганы хуралдаан дээр “70 жил төр барьсан том нам байж ганцхан хүнээс айж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулж болохгүй. Ийм жижиг байж таарахгүй” хэмээн хэлсэн нь бий. Гэвч МАН “айжээ”. “Эдгээртэй уялдаатай хэрэгжих учиртай процессын хуулиудыг баталсан атлаа ёсчилоогүй учраас хэрэгжүүлэх бэлтгэл хангаж чадаагүй” гэсэн тайлбар тавьсан.

Тэгмэгц МАХН-ынхан “гомдчихож”. Тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян “Манай нам сонгуульд оролцохгүй” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Энэ хуулиуд хэрэгжсэн бол олон хүний эрүүгийн эрх зүйн нөхцөл байдал сайжирна. Гэтэл хойшлуулах асуудал хэлэлцэж буй нь Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн шалтгаантай тухай мэдээлэл авсан.

Тиймээс бид ярилцаж байгаад “Үнэхээр ганцхан хүний эсрэг ингэж буй юм бол манай нам уг сонгуульд оролцох шаардлагагүй. Үүний цаана олон хүний эрх ашиг бий” гэж үзсэн хэмээх тайлбар өгчээ. Бас “Уг нь манай даргад нэр дэвших эрх бий. Энэ асуудлаар гомдол гаргасан, Дээд шүүх хянаж байгаа” гэсэн байна лээ. Н.Энхбаяр дарга нь ч ард түмний эрх ашгийг илүүд үзэх өгөөмөр зан гаргасан гэнэ.

Төрийн тэргүүн өчигдөр эдгээр хуультай уялдаатай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Хууль сахиулах ажиллагааны, Прокурорын байгууллагын зэрэг процессын таван хуулийг буцаах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьчихлаа. УИХ дээр уг хоригийг хүлээж авах, эсэхээс МАХН-ын шийдвэр хамаарч болно. 14 хоногийн дотор УИХ асуудлыг хэлэлцээд “Хүлээж авахгүй” гэвэл Н.Энхбаяр дарга Дээд шүүхийнхээ шийдвэрийг хүлээх нь.

МАН-ЫН “ОЛИМПЫН НАЙДВАР” ХЭН БЭ

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулчихсан, 65 суудал авчихсан намд бол Ерөнхийлөгчийн суудал ойрхон л харагдаж байгаа. Гэвч тэрнээс өмнө зай ч байна, лай ч байна. Тэдний гаргах шийдвэр, үйлдлээс их зүйл хамаарна. Тус намынхан 2013 онд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, нөгөөх нь ч Ц.Элбэгдоржтой тун ойрхон санал авсан юмдаг.

Гэхдээ энэ удаа МАН-ынхан жирийн нэг гишүүнээ биш, намын даргаа сойх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. М.Энхболд дарга нэр дэвшээд явмагц УИХ-ын дараагийн дарга хэн болох тухай яриа, тохироо ч хийгдчихсэн сурагтай. Тэгэхээр “олимпын найдвар” нь намын дарга нь болж байна. Хэрэв Н.Энхбаярыг нэр дэвших боломжтой гэж Дээд шүүх үзвэл түүнийг ялах боломж М.Энхболдод хэр байгаа вэ. Гэвч тэд Н.Энхбаярт баярлах боломж тийм амархан олгох болов уу.

АН-ЫНХНЫ БОЛОМЖ

Албан тушаалын төлөө “алалцаж” байгаад сонгуулиар дүнгээ авсан энэ намынханд одоо амбийцлах зүйл тун хомс байгаа. УИХ-д есөн гишүүнтэй. Тэд нь сөрөг хүчний байр сууринаас ажиллах ч нэг намын 65 гишүүнтэй парламентын шийдвэрт тэр бүр нөлөө үзүүлж чадахгүй.

УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцсоны хариуцлагаа хүлээж, З.Энхболд намын даргаас, Л.Эрхэмбаяр ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх хүсэлтээ өгсөн. Гүйцэтгэх зөвлөл нь намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилоод буй. Энэ сарын 17-нд тэд ҮЗХ-гоо хуралдуулж, намын даргаараа хэнийг томилох, тодруулахаа шийднэ.

Гэхдээ намын дарга болох магадлал хамгийн өндөр байгаа эрхэмтэй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүс сэм уулзаж байгаа гэнэ. Бас УИХ-ын экс гишүүд, тус намын экс дарга тэргүүтэн Төрийн ордонд, УИХ дахь бүлгийн дарга С.Эрдэнийн өрөөнд өчигдөр цуглаж, хуралдсан. Бүлгийн даргадаа “чиглэл” өгөх “жич” хурал ч байсан юм бил үү.

Юутай ч энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл тэргүүтний нэр дуулдаж байна. Э.Бат-Үүл 2009 онд уг сонгуульд горилж байсан билээ. Тэгвэл АН-ын түүхэнд анх удаа хоёр жил буюу хамгийн удаан Засаг тэргүүлсэн, тэр хугацаандаа чамгүй ажилласан, олон толгойтой фракцаа гайгүй зангидсан учраас Н.Алтанхуягийг гишүүд нь нэлээд дэмжиж буй сурагтай.

Албан бус хэдий ч намуудаас нэр дэвших магадлалтай эрхмүүдийн нэр ийнхүү дуулдаж эхлэв. Он гараад сунгаа бүр эрчимжинэ. Улс төр улам халуухан, сонирхолтой болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (50)