Ерөнхийлөгчийн зөв, ерөөсөө л сонгуулийг хойшлуулъя

Хоёр сар хүрэхгүйн дараа болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах саналаа хэдэнтээ илэрхийлээд буй Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооныхонтой дахин уулзсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд холбогдох албаныхантай удаа дараа уулзаж, санал солилцон, цар тахлын нөхцөлд сонгууль хэрхэн явуулах талаар ярилцаж, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу бэлтгэл ажлаа базааж байгаа ч эрсдэлтэй, бодит аюул бий гэдгээс болгоомжилж буйгаа Төрийн тэргүүний өмнө нуусангүй. Тухайлбал, тус хорооны гишүүн Р.Содхүү сонгуулийн сурталчилгаа хийх, өрх бүрээр явж сонин, сэтгүүл тараах зэрэг хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлах боломжгүй тул эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлнэ лээ. Үнэхээр ч сонгуулийн сурталчилгаа, нийтийн уулзалт хийх эрх нь нэр дэвшигчдэд хуулиар нээлттэй, тэдний тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд хориг, хязгаарлалт тавьж болохгүй нь сонгуулийг зохион байгуулж буй тэдний хувьд гачлан гэлтэй. Ер нь л сонгуулийг цар тахлын үед уламжлалт арга, хэлбэрээр явуулах ямар ч боломж алга.

Мөн өнөөгийн нөхцөлд сонгуулийг хэрхэн зохион байгуулах зөвлөмжийг өнөө хэр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргаагүйгээс болж зардал нь хэрхэн нэмэгдэхийг ч тооцоолоогүй байгааг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн О.Амгаланбаатар Ерөнхийлөгчид “ховлосон”. Хэдийгээр нарийвчилсан тооцоо үгүй ч энэ удаагийн сонгуульд ойролцоогоор 470 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар буй. Энэ бол цар тахлын эсрэг төр, засгийн зүгээс зарцуулаад буй төсвөөс хэдэн арав дахин их тоо. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хамгийн олон буюу 800 орчим (бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн 200 гаруй хүн бий) нэр дэвшигч өрсөлдөнө гэж таамаглаж буй бөгөөд нэг хүн 474.4 сая (аудитын байгууллагаас тогтоосон нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дундаж) төгрөгийн зардал гаргана гэж үзвэл нийт 379.5 тэрбум төгрөг зарцуулах нь. Харин сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээд буй 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж тооцвол 95 тэрбумд хүрнэ.

Үнэхээр ч цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед дээр дурдсан хэмжээний мөнгийг зарцуулан байж сонгууль явуулах шаардлага байна уу. Сонгуулийг эрсдэл багатай зохион байгуулах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх шийдлээ ч бүрэн тодорхойлоогүй, үүссэн нөхцөл байдлыг бодитой үнэлэхээс илүү сонгуульд ялах хүсэлд хөтлүүлсэн эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавина гэдэгт эргэлзээд эхэлчихлээ. Айж байна. МАН-ын эрх баригчид цар тахлаар далимдуулан, иргэдийнхээ сэтгэл зүйг “вакуумжуулж” байгаад сонгуульд ялах, эрх мэдэл, албан тушаалдаа үлдэх зорилгоор хөл хориог дахин нэг сараар сунгачихсан юм биш үү. Ерөнхийлөгчийн зөв, ерөөсөө л сонгуулийг хойшлуулъя.

Бэлтгэсэн: Б.Оргил


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)