Ерөнхийлөгчийн даварсан эрх мэдэл

Ерөнхийлөгч Х.Баттулга говийн аймгуудаар ажиллаж, олон хүүхэдтэй ээж, малчин, төмөр замчдад одон, медаль гардуулав. Одон, медаль гардуулах нь ч түүний эрх мэдлийн ажил. Харин байсхийгээд говийг зорьж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шалгаад байгаа нь түүний эрхлэх асуудал мөн үү. Ерөнхийлөгч Х.Баттулга яг л “төмөр замын сайд” шиг ажиллаж байгаа. Тэрбээр Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилтай сар бүр газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгдөг. Түүнийг төмөр замын ажилтай 16 удаа танилцсан гэсэн статистик гаргажээ. Үүгээр зогсохгүй төмөр замын бүтээн байгуулалтыг удирдаж буй хүмүүс даваа гараг бүрийн өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт цуглан хуралдаж, ажлын явцаа танилцуулан, үүрэг даалгавар авдаг талаар эх сурвалж дуулгалаа.

Төмөр зам тавих нь манай улсын зайлшгүй хийх ажил мөн үү гэвэл тийм. Өмнийн говиос олборлож буй түүхий эдийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, үнэ цэнийг нь өсгөхөд төмөр зам онцгой үүрэг гүйцэтгэх дэд бүтэц юм. Гэвч төмөр зам тавих нь Ерөнхийлөгчийн хийх ажил биш. Манай Төрийн тэргүүн төмөр зам тавих гэх мэт аж ахуйн ажилтай өөрийн сайн дураар хутгалдах болсон. Төмөр зам тавих төслүүдийн мэдээллийг нууцын зэрэглэлд оруулсан гэх юм билээ. Нууцын зэрэглэлийн ард уг төслүүдийг Ерөнхийлөгч удирдаж байгаа нь илэрхий харагдах боллоо. Төмөр замын төслүүдийг удирдаж буй үйлдлийг нь хуульчид Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээс нь илүү үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Тэгэхээр манай Ерөнхийлөгч ямар эрхтэй вэ. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд түүний хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрхийг ийнхүү тусгаж өгсөн.

1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;

2/ /Энэ заалтыг 1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд уг өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Мөн заалтыг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Мөн заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болсонд тооцсон./

3/ өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

4/гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй

төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

5/ Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;

6/ Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

7/ улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

8/ уучлал үзүүлэх;

9/ Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

10/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

11/ бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

12/ Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

2. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

3. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т “...Бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасныг анзаараарай. Уг заалтыг энэ оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхэлсэн. Түүний бүрэн эрхэд аж ахуйн ажил эрхэлж болно гэсэн заалт байхгүйг сануулъя. Төмөр зам тавих гэх мэт аж ахуйн ажил нь Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой, хуулиар хүлээсэн үүрэгтэй ажил. Түүнээс биш Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарахгүй. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Засаглал хуваах зарчмын дагуу аж ахуйн байгуулалтыг удирдах нь Засгийн газрын үүрэг гэдгийг үндсэн хуульд тодорхой зааж өгчээ.

Төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын бүрэн эрхийг засаглал хуваах зарчмын дагуу хооронд нь холилдуулахгүйгээр хуваарилж, бие биеийг нь хянуулдаг. Иймээс Үндсэн хууль нь нийгмийн тогтолцоог бүрдүүлэх хамгийн чухал баримт бичиг болдог билээ. Үндсэн хуульд засаглал хуваах зарчмыг баримтлах заалтууд цөм бий. Харин манай Ерөнхийлөгч Төрийн тэргүүнд гэсэн нэрэнд дулдуйдан өөрт олгосон эрх мэдлээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулж байна. Тэрбээр гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлэх ёстой ажил, бүрэн эрхэд удаа дараа халдаж байгаа. Тухайлбал, Шадар сайдад гадаадад байгаа иргэдээ яаралтай авчрах үүрэг өгсөн. Уулзалт хийх нэрийн доор Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсон Ж.Болдод хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгч байх жишээтэй. Гаргасан санаачилга нь зөв. Гэвч дээрх үйлдэл түүний бүрэн эрхэд хамаарах зүйл биш. Өмнөх Ерөнхийлөгч нар шинээр томилсон сайдуудыг жагсааж зогсоогоод үүрэг даалгавар өгсөн удаагүй. Гэтэл Х.Баттулга л ганцаар ийм үйлдэл гаргасан.

Тэрбээр хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг ч дураараа дуудаж уулзан үүрэг, даалгавар өгдөг. Өдгөө Х.Баттулга шүүхэд нөлөөлж улс төрийн гэмт хэрэгтнүүд төрүүлж байна, өрсөлдөгчдөө зайлууллаа гэсэн ойлголт олон нийтийн дунд “хоногшжээ”. Хэвлэл мэдээллээр улсын дайсан болгож зарлаад, дараа нь баривчлан, сүр дуулиантай зүйл анги тулган шалгаад, эцэст нь өмд, гутлын хэргээр ял өгдөг танил болсон ажиллагааг түүнийг зохион байгуулдаг гэх. Шоронд явуулах, явуулахгүйг шүүх биш, улс төр шийддэг болсон гэж хууль хяналтынхан ярьдаг болжээ. Бүрэн эрхээсээ авсан Ерөнхийлөгчийн үйлдлийг иргэд дарангуйлал тогтоох нь гэж харж байна. Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн заалт бий. Монголчуудын бүтээсэн улс төрийн тогтолцоо, Үндсэн хууль дарангуйлагч төрүүлдэг ч баримт бичиг биш. Бид хэн нэгний харцны үзүүрээр хөдөлж, нударган доор нь амьдрах дорой ард түмэн ч биш сэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)