Ерөнхийлөгчийг “өршөөж”, сонгуулийн тогтолцоог онилох “Эцэг хууль”-ийн өөрчлөлт

Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар үе үеийн парламент оролдож ирсэн. Бүр тодорхой хэлбэл, 2000, 2011, 2012, 2015 онд гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байв. Эдгээрээс цорын ганц нь буюу 2000 оны оролдлого амжилт олж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт болон туссан ч “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн адлагдаж, өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар буй билээ. Харин энэ удаагийн төсөл амжилтгүй болсон оролдлогын тоог нэгээр нэмэх үү, эсвэл “Эцэг хууль”-иа өөрчлөх үү гэдэг асуултын хариуг бид гурван он дамнуулан хүлээж байна.

“ЭЦЭГ ХУУЛЬ”-ИЙГ ӨӨРЧЛӨХ АСУУДАЛ ЭНЭ ХАВАР “АМЬ ОРОХ” НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

Эрх баригч хүчний энэ дөрвөн жилд хууль тогтоох чиглэлд хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь тэд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн заасан. Уг зорилгоо биелүүлэхийн тулд багагүй хүч, хөрөнгө зарж, 2017 оны хавраас өнгөрсөн зун хүртэл тун чиг идэвх зүтгэл гарган ажилласан ч сүүлийн жил шахам үргэлжилсэн МАН-ын дотоод хэрүүл, талцалд дарагдан замхраад байв. Мартагдах шахсан, “Эцэг хууль”-ийг өөрчлөх асуудал энэ хавар “амь орох” нь тодорхой боллоо.

УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай өнгөрсөн долоо хоногт уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонссон. Тэр үеэрээ “Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ” гэсэн нь үе үеийн парламентын барьж аваад, барж иддэггүй “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын ард заавал гарах амбийцын илэрхийлэл. Тэрбээр АНУ-аас өвөрлөн ирсэн эрдмээ Зөвлөлдөх санал асуулгын хууль болгон батлуулах үедээ л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго, төлөвлөгөө өвөртөлж явсан билээ.

БОСГО ДАВААГҮЙ ТӨСЛИЙН ХУВЬ ЗАЯА

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 1500 гаруй иргэн оролцсон зөвлөлдөх санал асуулга, 327 мянган хүн оролцсон олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэд, судлаач эрдэмтэд, улс төрийн намуудаас ирүүлсэн таван сая гаруй саналыг багцлан томьёолсон гэсэн тоог ажлын хэсгийнхэн гаргасан. Энэ бүхний эцэст Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон гэсэн мэдээлэл хэдэнтээ цацагдаж, хэд хэдэн хувилбар олон нийтэд танилцуулсан боловч аль нь ч албан ёсоор парламентын босго даваагүй л байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэгтэй ажлын хэсэг 2017 оны хавраас эхлэн ажиллаж буй. Уг ажлын хэсэг Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулснаа 2017 оны тавдугаар сарын 25-нд УИХ-ын даргад гардуулахдаа тухайн оныхоо есдүгээр сард төслийг албан ёсоор УИХ-д өргөн барина хэмээж байв. Есдүгээр сард гэсэн нь дараа жилийн хаврын чуулган завсарлахаас өмнө, түүний дараагийн намар болж хойшилсоор, гурван он, хавар, намрын гурван чуулган улираан өнөө хүрэхдээ зогссон газраасаа нэг алхам ч урагшилсангүй. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны зун ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцангийн хэлийг сугалах шахам байж “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болж, УИХ-ын 67 гишүүн дэмжин, гарын үсэг зурсан. Төслийн талаар бүхэлд нь Ерөнхийлөгч, Засгийн газраас, шүүх эрх мэдэлтэй холбогдсон асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс, хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос санал авч, мөнгө, зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцөн, үндэсний аюулгүй байдалтай холбогдсон асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр илгээсэн” гэсэн үг унагаснаас хойш ямар нэг мэдээлэл өгөлгүй өнөө хүрсэн билээ. Өөр нэг эх сурвалж “Яг бэлэн болчихлоо гэж хэлэхэд хэцүү. Овоо болов уу гэж байтал нэг нь нэг юм ярьж, боосон төслийг маань задлаад байна. Өнгөрсөн хугацаанд ажлын нэг дэд хэсэг л гэхэд хариуцсан чиглэлээрээ 18 удаа хуралдаж, төслийг 12 удаа засварласан” хэмээж байсан юм.

...Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхаарал татсан асуудлуудаас хууль санаачлах эрхийг нь хасах гэх мэтийн Ерөнхийлөгч рүү хандсан заалтууд хасагдаж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх үүдийг нээх зохицуулалтыг хэвээр хадгалах талаар эх сурвалж хэлсэн...

Энэ бүхний эцэст УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байсан уг төслийн өнгө төрх ч нэлээд өөрчлөгдөхөөр болсон сурагтай.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХ МЭДЛИЙГ ҮЛДЭЭЖ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ҮҮДИЙГ НЭЭХ ҮҮ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гол зорилго нь нийгмийн “өвчилсөн” тогтолцоог эмчлэн, буруу голдирлоор явж буйг нь засаж залруулах гэж цөөн үгээр тодорхойлж болно. Тэгвэл ингэж их хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулан боловсруулж буй энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт хэр үр дүнтэй байх вэ, яг оносон өөрчлөлт Үндсэн хуульд оруулж чадах уу гэдэг асуулт зүйл ёсоор ургаж буй юм.

Энэ ажлыг санаачилж, гардан хийж буй хүмүүс “Засаглалын тогтвортой байдлыг хангах нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол зорилго. Үүний тулд дараагийн Ерөнхий сайдыг тодруулж байж Засгийн газрыг огцруулдаг, огцруулах босго нь өндөр байдаг зарчмыг суулгасан. УИХ-ын нийт гишүүний талаас дээш хувийн саналаар Засгийн газрыг огцруулна. Хот гэдэг статусыг бий болгож, хот, сумын Засаг даргыг иргэд сонгодог байхаар тусгасан. Танхимаа бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад өгч байгаа. Ингэснээр сайд нарын томилгоотой холбоотойгоор бүлэг, фракцаас Ерөнхий сайдыг шахаж, зааж, нөлөөлдөг байдал үгүй болно. Засгийн газарт эрх мэдэл өгөхийн хэрээр хариуцлагыг нь өндөржүүлж, парламентын хяналтыг сайжруулна. Парламентын мөрдөн шалгах хороо байгуулна. Энэ бүхний эцэст гүйцэтгэх эрх мэдэл нэг толгойтой болно. Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэхээр ҮАБЗ-ийнх хумигдана. Парламент төсөв батлахдаа нэмэлт зардал нэмдэг, улс өрөнд орж, алдагдалтай төсөв баталдаг. Нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ыг зардал үүсгэж, төсвийн алдагдал нэмэгдүүлэхийг хориглож байгаа. УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд гишүүдийг хуралдаа суухыг шаардаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалдаг гишүүнийг эргүүлэн татах, хүний өмнөөс санал өгөхийг хориглох, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ нэг чуулганы хугацаанд 50 өдөр хуралддаг байсныг 75 өдөр болгож нэмэх гэх зэрэг заалт тусгахаар ярьж байгаа. Төрд итгэх ард түмний итгэл суларсан энэ үед хариуцлага, ёс зүйг нэмэгдүүлэхийг зорьж байна” хэмээдэг.

Харин Үндсэн хуулийн асуудлыг анхааран ажигладаг, судалж шинжилдэг хүмүүс өөр зүйл ярьж буй. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон “Олон нийтэд таалагдах хэдэн заалтаар нүд хуурч байгаад Үндсэн хуульд зарчмын маш том өөрчлөлт оруулах гэж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намын нөлөөллийг төрд илүү оруулах гэсэн хоёр зүйлийг Үндсэн хуульд шигтгэхийн тулд наана нь жижиг сажиг будаг шунхны засвар хийжээ. Хүмүүст таалагдахын тулд бүх зүйлийг Үндсэн хуулиар зохицуулах гээд чихчихсэн харагдсан. Тэгсэн хэрнээ тогтолцооны гажгийг засах гол өөрчлөлтөө хийгээгүй байна. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээсэн. Энэ нь сонгуулийн тогтолцоо мажоритар байна гэдгийг “Эцэг хууль”-д дархалсан хэрэг. 

Гэтэл боловсруулсан төсөлд “УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэсэн нь сонгуулийн тогтолцоог сонгож, шийдэх эрхийг УИХ-д өгөхөөр тусгасан байна. Ингэвэл УИХ хувь тэнцүүлсэн тогтолцоог дахин “босгоно”. Зарчмын том өөрчлөлт хийгээгүй гэчихээд сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж байгаа нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж буйгаас ялгаагүй хэрэг. Улс төрийн намууд боловсон хүчин, үзэл бодол, зохион байгуулалтын хувьд түүхийгээрээ, төлөвшөөгүй байгаа ийм нөхцөлд хувь тэнцүүлсэн тогтолцоо тохирохгүй. Олонх болсон намын дарга Ерөнхий сайдаар ажиллаж, улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч байхад түүнд хяналтгүй томилгооны эрх өгчихвөл эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн төлөөний хүмүүс сайд болох үүд хаалга улам чөлөөтэй болно” хэмээн шүүмжилсэн.

Ийнхүү Үндсэн хуульд оруулахаар зэхэж буй нэмэлт, өөрчлөлт байгаа онохгүй байна гэж үзэх хүн нэмэгдсээр байгаа тул боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлсэн төслөө буцааж задлах шаардлага ажлын хэсэгт тулгарчээ. Тэд энэ удаа олон нийт, эрдэмтэн судлаачдын санал нийлж, түлхүү дэмжиж байгаа цөөн, гол асуудалд төвлөрөх, нэмэлт, өөрчлөлт хийх үзэл баримтлалаа нарийвчлан тодорхойлох, ажлын хэсгээ өргөтгөж, бусад нам, иргэд, байгууллагын төлөөллийг оролцуулах зэргээр тактикаа шинэчлэх бололтой.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхаарал татсан асуудлуудаас хууль санаачлах эрхийг нь хасах гэх мэтийн Ерөнхийлөгч рүү хандсан заалтууд хасагдаж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх үүдийг нээх зохицуулалтыг хэвээр хадгалах талаар эх сурвалж хэлсэн. Мөн “Эцэг хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөх талаар ярилцаж эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)