Ерөнхийлөгчийг эсэргүүцэж 200 мянган хүн жагслаа

Өмнөд Солонгосын иргэд өчигдөр 16.00 цагт төв талбайдаа жагсаал зохион байгуулж, ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардлаа. Эмэгтэй "Распутин" гэгдээд буй Чой Сун Силтэй холбоотой авлигын хэрэг, түүнийг төрийн хэргийг далд удирддаг байсан гэх цуу яриа, тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн байр суурийг ганхуулсан. Өнгөрсөн долоо хоногт эмэгтэй голдуу оюутнуудын хийсэн жагсаалд 30 мянган хүн оролцож, олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл ерөнхийлөгч энэ хугацаанд хоёр ч удаа уучлалт гуйж, буруугаа хүлээж үзсэн ч албан тушаалаа орхих тухай ам нээгээгүй юм. 

Тэр ч бүү хэл ахлах сургуулийн сурагчид хүртэл улс төрийн хэрэгт идэвхтэй оролцов. Тэд ерөнхийлөгчөө эсэргүүцэж, огцрохыг шаардсан лого барьж, жагсав. Түүнчлэн Сөүлийн ахмад иргэд хүртэл улсынхаа ерөнхийлөгчийг албан тушаалаа өгөхийг шаардаж, намрын сэрүүнд жагсаалд нэгдсэн байна. 

Энэ жагсаал эсэргүүцлийн үеэр хоёр жилийн өмнө "Севол" хөлөг онгоц сүйрч, олон хүний амь үрэгдсэн харамсалтай хэргийн үеэр гарсан цуу яриа улам хүчээ авч байна. Хөлөг онгоц сүйрч байх үеэр ерөнхийлөгч  Пак Гын Хэ долоон цаг алга болж байв. Ямар шалтгаантай алга болсон нь тодорхойгүй ч түүнийг бөөгийн зан үйл хийж байсан гэх хардалт байдаг. Бүр цаашлаад түүнийг хүүхдүүдээр өргөл үйлдсэн ч гэх цуу яриа бий. Ямартай ч тус хөлөгт осолдсон хохирогчдын гэр бүл ч энэ жагсаалд оролцож, төрийн тэргүүнээ эсэргүүцэв. Түүнийг эсэргүүцэж буй сурагчдын хувьд энэ жагсаалд оролцох бас нэгэн шалтгаан нь "Севол" хөлөг онгоц юм. Ахлах сургуулийн сурагч, 17 настай Сео "Энэ миний оролцож буй хоёр дахь жагсаал. Өмнө нь 2014 онд хөлөг онгоц осолдсоны дараа эсэргүүцлийн жагсаалд оролцож байлаа" гэж ярьжээ. 

Ерөнхийлөгчөө эсэргүүцсэн олон мянган хүмүүс дунд улс төр сонирхдоггүй, энгийн иргэд ч олон бий. Гэхдээ төрийн тэргүүний авлигын хэрэг, тэднийг зүгээр гар хумхиж суухаас татгалзахад хүргэсэн юм. Энэ жагсаал 1980-90-ээд оны үед ардчилсан хувьсгал хийсэн үеэс хойш хамгийн нөлөө бүхий, томоохон жагсаал болж байна гэж 48 настай Жон Чол Хун үзэж буй. Тэрбээр 1989 онд их сургуульд суралцаж байхдаа жагсаж байсан бол өнөөдөр түүний 13 настай хүү аавынхаа хамт эсэргүүцлийн жагсаалд оролцжээ.

Ихэнх жагсаалд орой 21 цагийн үеэс оролцогчдын тоо буурдаг. Тэгвэл орой 23 цаг хүртэл оролцогчид харих бодолгүй, олон нийтэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бусадтай үзэл бодлоо хуваалцаж байв. Энэ үеэр элдэв будилаан үүсч, эмх замбараагүй байдал болоогүй гэж цагдаагийн газраас мэдэгджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)