Ерөнхийлөгчид өгөх үнэлгээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах сунгаа парламентад суудалтай намуудын түвшинд хэдийнэ эхэлжээ. МАН, АН, МАХН-ынхан хэнийг энэ том сонгуульд сойвол амжилт олохоо тооцож сууна. Гурван сар гаруйхны дараа болох уг сонгуулиар шинэ Ерөнхийлөгч тодорч, одоогийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж найман жил хашсан албаа хүлээлгэн өгнө. Тиймээс түүний санаачилсан ажил, юун дээр алдаа гаргасныг олон нийт энэ өдрүүдэд дүгнэж, цэгнэж байна. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог албан тушаалтан. Тиймээс эргээд ард түмэн л түүнд дүн тавина.

“Монгол медиа” группээс зохион байгуулсан “Ардын үг” аянд санамсаргүй түүврийн аргаар сонгосон 400 гаруй хүн оролцон, Төрийн тэргүүний алдаа, оноог дэнслээд нууц санал хураалт явуулав. Улмаар 10-аас 8.9 оноо өгчээ. Тэгвэл үүнээс эсрэг бодолтой хүн ч цөөнгүй. Гуравхан сарын дараа бүрэн эрх нь дуусах Ерөнхийлөгчийг огцруулах шаардлага тавьж яваа эрхмүүд ч байна.

ОЛОЛТ


Найман жилийн хугацаанд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хийсэн, санаачилсан ажил олон, бас алдсан зүйл ч бий. Эдгээрийн заримыг онцолъё.

1. Төрийн ордонд Иргэний танхим байгуулав (2009.12 сар). “Аливаа хууль, төрийн бодлогыг нэгдүгээрт, иргэдийн оролцоо, санаа бодолд, хоёрдугаарт, судалгаанд тулгуурлаж гаргах ёстой. Гэтэл манай хууль голдуу улстөрчдийн эмоцид тулгуурлан бүтэж байна” хэмээн Ц.Элбэгдорж 2011 онд болсон “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганыг хаах үедээ хэлж байжээ. Ийм зарчим баримталдаг нь дээрх ажлыг хийх шалтгаан болсон биз. Ард түмний төлөөлөл болон сонгогдсон УИХ-ын 76 гишүүн аливаа хууль, төсөл санаачлахдаа иргэдээс асууж “мэддэггүй” байсан нь үнэн. Харин Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр анх сонгогдоод эл байдлыг халж, санаачилсан аливаа хуулийн төсөлдөө иргэд, мэргэжлийн салбарынхан, эрдэмтдийн саналыг сонсох хэлэлцүүлэг хийж, иргэдийн дуу хоолойг төрийн ажилд тусгах эхлэлийг тавьсан. Эдүгээ дүүрэг бүр Иргэний танхимтай болж, эл санаачилгыг хэрэгжүүлж буй.

2. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд УИХ-д өргөн мэдүүлж, батлуулжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-д гурван удаа хаалттай мэдээлэл хийсэн байна.

3. Шүүхийн багц хуулийг өргөн барьж, батлуулав. (2012.05 сар): Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө л тэр шүүхийн тогтолцоог шинэчилж, шударга ёс тогтоохоо амласан. Улмаар шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх, тогтолцоог шинэчлэх зорилготой Шүүхийн тухай зургаан багц хуулийг өргөн барьж, УИХ түүний сүүлчийнхийг 2012 оны тавдугаар сард баталсан юм. Ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагыг хөрөнгө санхүү, зохион байгуулалтын хувьд өөрчлөхийн зэрэгцээ шүүгчийг сонгох процессыг шинэчлэн, шүүхийн шийдвэр олон нийтэд ил тод болох, иргэдийн төлөөллийг шүүгчтэй нэгэн адил шүүн таслах ажиллагаанд оролцдог болох эрх зүйн үндсийг тавьж, эвлэрүүлэн зуучлалын шинэ механизмыг бий болгох нөхцөл бүрдүүлжээ.

4. Ерөнхийлөгчөөр ажиллахдаа түүний санаачлан батлуулсан бас нэг чухал хууль нь Шилэн дансны тухай. УИХ уг хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нд баталж, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж буй. Төсвийн болон төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад байгууллага 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээний тухай мэдээллийг тайлагнах үүргийг уг хуулиар хүлээсэн. Хуулийг баталсны дараахан болсон хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч “Төсвийг баталсных нь араас хөөцөлдөх биш, өмнө нь зөв төлөвлөж, хариуцлагатай болгоход уг хууль их нөлөөтэй” гэж сануулж байв. Хуулийг хэрэгжүүлээд жил болоход Ерөнхий сайдаас эхлээд дансаа хөтлөөгүй гэсэн шүүмжлэлд өртөж, зарим аймгийн Засаг даргад хариуцлага тооцоод амжсан. Уг хуулиар нэг хэсэг мэргэшиж, улстөрчдийг шалгуулахаар АТГ-т хандаж явсан “шилэн Цогоо” эдүгээ дэд сайд хийгээд “завгүй явна. Юутай ч албан тушаалаа ашиглан мөнгө идэх, завших явдлыг энэ хууль хэрэгжсэнээр бууруулж чадсан гэж үздэг.

5. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2014 онд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын анхны уулзалтыг зохион байгуулж, эдүгээ уламжлал болгоод буй. Эдгээр гурван орны тэргүүн Хиагтын гурван улсын хэлэлцээрээс даруй зуун жилийн дараа ийнхүү уулзсан нь тэр. Улмаар эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зураад буй. Мөн Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авсан нь манай улсын нэр хүнд ямар түвшинд хүрснийг харуулсан. АСЕМ-ыг монголчууд маш сайн зохион байгуулж чадсан билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Харвардын их сургууль төгссөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. Улсынхаа гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тэрбээр чамлахааргүй ажил хийсэн байна.

ДУТАГДАЛ


Төрийн тэргүүн чуулганы хуралдааны нээлт, хаалтад үг хэлнэ гэвэл олон нийтийн дунд хүлээлт үүсдэг. Учир нь тэр “бөмбөг тэсэлж” чаддаг. Гэвч иргэдэд тал олох гэсэн хандлага ажиглагдах нь бий. Тиймээс ч түүнийг “шоучин” гэсэн тодотгол байнга дагадаг. Нийгэм, улс төр, эдийн засгийн анхаарал татсан аливаа асуудлаар ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Төрийн тэргүүн үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх нь зүй. Гэвч мань эр заримдаа “хэтрүүлчихээд” байдаг гэмтэй. Ер нь манай Ерөнхийлөгч бусдыг загнах дуртай нь түүний сул тал гэмээр. Мөн олон жил нэг албаа хашсан түүнийг “Хоёр дахь Н.Энхбаяр боллоо” гэсэн шүүмжлэл дагадаг. Шүүх, АТГ-ыг Ерөнхийлөгч хамаардаг, улмаар эдгээр байгууллагыг хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх “гар хөл” болгон ашиглаж байна гэсэн шүүмжлэл дагуулдаг билээ.

2014.6.26. Монгол Улсад 1435 мм-ийн нарийн царигийн төмөр зам тавих нь зөв, буруу хэмээн иргэд талцаж байв. Уг талцалд “100 чухал сэдэв” нэвтрүүлэг нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс үүнийг хийлгэсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төрийн тэргүүн дуудаж, сануулга өгөнгөө загнав. Нөгөөх нь цаг гаруйн турш дуугүй загнуулж байгаад гарч ирсэн. Тэгээд “Орост үндсэрхэг агуулгатай нэвтрүүлэг зөндөө гардаг, Путин тоодоггүй. Гэтэл манай Ерөнхийлөгч дуудаж загнаж байх юм” гэсэн тайлбар өгөөд энэ асуудал намжсан.

2015.02.26. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарт Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлсэн. Энэ хүн манай улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байхад өршөөл үзүүлснийг буруутган шүүмжлэх хүн олон. Уг шийдвэртэй нь уялдуулж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг огцруулах шаардлагыг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга тавиад буй. Түүнийг УИХ-ын гишүүн С.Жавхлан дэмжиж буй билээ.

2016.04.04. Ерөнхий сайдын суудлаас намынхныхаа тусламжтайгаар огцорсноосоо хойш нам гүмхэн байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийв. Тэрбээр “Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн. Цаашид ардчилал, шударга ёсыг хамгаалахын тулд хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж юм. Бодит байдалд төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна. Ардчиллыг хамгаалахын төлөө энэ бүлэглэлтэй тэмцэх ёстой” хэмээн мэдэгдсэн билээ. АН эрх барьж буй он жилүүдэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр нь нэг тал болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шахаанд оруулсан алхам цөөнгүй хийсэн гэдэг.

2017.1.11 “Улаанбаатарын утааг хэрхэн шийдвэрлэх вэ” сэдвээр Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзсан юм. Гэвч тэрбээр сонгогдсон цагаасаа утааны эсрэг ганцаараа тэмцсэн, бусад нь юу ч хийгээгүй хэмээх агуулгатай зүйл ярьж, өөрийгөө баахан магтав. НҮБ-аас түүнийг “Агаарын бохирдолтой хамгийн их тэмцсэн Ерөнхийлөгч” хэмээн тодорхойлсон шахуу зүйл ярьж, бусдын дургүйг хүргээд авлаа. Сэтгүүлчдийг, иргэдээ баахан загнав. Эцэст нь харин хэтрүүлчихсэнээ ойлгоод уучлал гуйсан. Олон улсад нэр хүндтэй Төрийн тэргүүн хүн ийнхүү “жижгэрсэн” нь сонин. Юутай ч түүнийг ажлаа хүлээлгэн өгсөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай харьцуулан шүүмжилсэн. Энэ эрхэм “Амжуулж чадаагүй ажлынхаа төлөө уучлал гуйя” гэсэн бол манай Ерөнхийлөгч “Өөрийгөө магтсанд уучлаарай” гэж хэлсэн байх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)